Монголын усанд сэлэлтийн спортын шигшээ багийнхан Болгарын Софи хотод гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорив. Унгар улсын Будапештэд энэ сарын 3-нд өндөрлөсөн 19 дэх удаагийн ДАШТ-ий 10 төрөл, зайд тэд оролцож, долоод нь улсын дээд амжилтаа шинэчлэн тогтоосон. Тэднээс ОУХМ Б.Энххүслэн Дэлхийн усны спортын холбооны тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос анх удаа шалгарч, Тайландын Пукет хотыг зорьсон билээ. Будапешт хотод болсон дэлхийн аваргын тэмцээний үеэр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын усан спортын холбооны ерөнхийлөгч, Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусейн Аль Мусалламтай албан ёсны уулзалт хийжээ. Олон улсын усан спортын холбооны ерөнхийлөгч МҮОХ-ны санаачилсан ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, “Олимпын арена” барих төсөлд хамтран ажиллах, Улаанбаатарт 25 метр урттай усан бассейн барих ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.