Иргэдийн фэйсбүүкийн нууц үгийг нь хулгайлж хаягаар нь нэвтрэн, бусдыг залилж байсан нэг хэрэгт Сонгинохайрханы Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяа дүүргийнхээ шүүхэд шилжүүлжээ. 2020 оны есдүгээр сард А гэх хүний өдүүлсэн уг хэргийг хууль сахиулах байгууллагынхан удаан хугацааны турш шалгасан юм байна. Тэрбээр иргэн Л-ийн фэйсбүүкийн нууц үгийг олж авч, найзтай нь зурвасаар харилцаж “Нэг тус гуйж болох уу, хэдэн төгрөг зээлэх боломж байна уу, 2-3 хоног л болно, тэгээд буцаагаад хийе” гэх зэргээр мессеж бичиж багагүй хэмжээний мөнгийг нь мэхлэн авчээ. Иргэн Л-ийн фэйсбүүкийн нууц үг, нэвтрэх нэр нь амархан байсан нь ийнхүү халдлага хийх боломж бүрдүүлсэн аж. Тиймээс иргэдийг цахим халдлагад өртөхөөс сэргийлж, аюулгүй байдлаа хамгаалан сонор сэрэмжтэй байхыг хууль хяналтын байгууллагаас анхаарууллаа.
Ташрамд мэдээлэхэд, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 25 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 308 даалгавар бичгээр өгснөөс гадна мөрдөн байцаалтын 1465 хэрэгт хяналт тавьж, 440-д нь яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 259, өмчлөх эрхийн эсрэг 97, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 21, хүрээлэн байгаа орчны эсрэг 13, хүний амьд явах эрхийн эсрэг 11 хэрэг багтжээ. Мөн авлигын болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг тус бүр дөрөв, хүүхдийн эсрэг болон цахим орчинд хууль бусаар халдсан тус бүр нэг хэрэг байгаа юм. Цахим орчинд халдсан дээр дурдсан хэргийн яллагдагч А-д Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 26.1-1 дэх хэсгийн “Кибер орчинд хууль бусаар халдсан”, 17.3-1-т заасан “Бусдын эд хөрөнгийг залилж авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Бэлтгэсэн Г.Равжаа