Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгалан, иргэн Х.Сүрэнхорол, С.Ариунаа нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. БОАЖЯ-ны газрын дарга асан С.Баясгалан нь Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гүйцэтгэгчийг хууль зөрчин сонгож, иргэн Х.Сүрэнхоролд давуу байдал олгосон хэрэгт холбогджээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, “босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл дээрх албан тушаалтан 27.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гүйцэтгэгчийг бага үнийн аргаар шалгаруулалгүй аж. Ингэхдээ тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/377 дугаартай тушаалыг боловсруулж, батлуулахдаа нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийж, төсөвт өртгийг таван хэсэгт хуваасан байна. Улмаар 2013-2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүдийн боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл, холбогдох бусад бичиг баримтыг иргэн Х.Сүрэнхоролд өгсөн аж. Түүнийхээ дараа 2019 оны арваннэгдүгээр сард хоорондоо Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хуулийн төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлээд санхүүжилтийн 10 сая төгрөгийг гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан Х.Сүрэнхоролд олгуулсан гэнэ.
Мөн БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Дуламжавтай 2019 оны арваннэгдүгээр сард ажил гүйцэтгэх өөр нэг гэрээ байгуулж, дээр дурдсан хуулийн төсөлтэй холбоотой бусад улс, орны холбогдох журмыг орчуулуулж, 1.7 сая төгрөг шилжүүлжээ. Түүнчлэн БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлтэй ижил төстэй бусад улс орны хуулийн судалгаа хийж дүгнэлт гаргах хэд хэдэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөнгийг нь шилжүүлсэн ч тухайн ажлуудыг нь хийлгүйгээр, гадаад улсад явах зардалд оруулан авч, өөрөө явсан хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
Харин иргэн С.Ариунаа уг хэрэгт гэрчээр худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдсан гэнэ. УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаагийн охин С.Баясгалан, иргэн Х.Сүрэнхорол, С.Ариунаа нарт холбогдох хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж буй аж.
Бэлтгэсэн Г.Равжаа