Английн Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөн сүүлийн жилүүдэд асар сонирхолтой өрнөж буй. Энэ жилийнх ч ялгаагүй. Тэр тусмаа өнгөрсөн мягмар гарагт “Ливерпуль” багийнхан “Саутхэмптон”-ыг талбайд нь 2:1-ийн харьцаатай хожсоноор аваргын хувь заяа сүүлийн тойрогт шийдэгдэх боллоо. Мерсисайдчуудад эл тоглолт нэн чухал байсан ч бараг сэлгээний бүрэлдэхүүнээр “Гэгээнтэнүүд”-ийн талбайд зочилж тоглосон юм. Холбооны цомын финалд 120 минут тоглосон багийг нь ядаж л пүрэв гарагт тоглуулах хуваарь гаргасангүй хэмээн дасгалжуулагч Ю.Клопп гомдоллосон нь аргагүй.
Гэвч түүний баг өрсөлдөгчөө гол статистик үзүүлэлтээр илүүрхсэн (бөмбөг эзэмшилт 71 хувь, хаалга чиглэсэн цохилт 24 бол эсрэг багийнх нь үзүүлэлт нь 29 хувь, дөрвөн цохилт) юм.
“Залуус маань маш сайн тоглолоо. Ер бусын баг, би өөр юу хэлэх билээ. Минамино ийм цөөн минут тоглож байгаа нь зүй бус хэрэг. Харви ойрд тоглоогүй, Көртис байнга талбайд гардаггүй, гэсэн ч тэд багаа хожилд хөтөлсөөр, үр дүн авчирсаар байна. Итгэмээргүй юм. Багийн бүрэлдэхүүнд есөн өөрчлөлт оруулсан ч бид яллаа” хэмээн баярлаж хөөрсөн Ю.Клопп ярьжээ.
Нийт 37 тойргийн дараах байдлаар “Ливерпуль” өмнөө яваа “Манчестер сити”-гээс нэг оноо дутуу байна. Аваргын хувь заяаг дараах нөхцөлүүд тодорхойлох боломжтой юм.
•Сүүлийн тойрогт “Астон вилла”-г “Сити” хожвол “Ливерпуль” ялах, эсэхээс үл хамаарч тэд аваргална.
• “Сити” тэнцэж, “Ливерпуль” хожиж чадахгүй бол “Сити” аварга болно.
• “Сити” хожигдож, “Ливерпуль” мөн хожигдож, эсвэл тэнцвэл “Сити” түрүүлнэ.
• “Улаанууд” ялаад “Сити” ямар нэг байдлаар оноо алдвал “Ливерпуль”-д цом очно.
• “Ливерпуль”, “Сити”-гийн оноо тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүнээс шалтгаалж П.Гвардьолагийн баг түрүүлэх боломжтой.
• Өөр нэг биелэх боломжгүй хувилбар бол “Ливерпуль” тэнцэж, харин “Сити” өрсөлдөгчдөө долоон гоолын зөрүүтэй ялагдвал улаанууд аваргална.
“Байдлыг ойлгож байна. Бид бууж өгөхгүй. Талбайдаа тоглох улирлын сүүлчийн тоглолт учир уур амьсгал гайхалтай байх нь гарцаагүй. Үүнийг ашиглаж бид үүргээ биелүүлэхийг илүү хичээнэ. Хөлбөмбөг бол өршөөлгүй тоглоом. “Вилла” өрсөлдөгчөөсөө оноо салгах боломж бага ч гэсэн бий” хэмээн Ю.Клопп ярьжээ.
Аваргын төлөөх өрсөлдөөнийг бүр сонирхолтой болгож буй өөр нэг хүчин зүйл бий. “Манчестер сити” улирлын сүүлчийн тоглолтоо “Ливерпуль”-ийн домог С.Жеррардын удирдаж буй “Астон вилла”-тай хийнэ. Тэрбээр 2014 онд “Челси”-гийн эсрэг тоглолтод халтирч, багийнхаа аваргалах боломжийг салхинд хийсгэсэн түүхтэй. Харин одоо С.Жеррард хуучин багтаа аваргын цом хүртэхэд нь тусалж чадах болов уу?
Аваргын төлөөх өрсөлдөөн үнэхээр “амттай” болж байгааг дээрх баримтууд харуулж байна. Аваргыг тодруулах сүүлчийн тойрог ирэх ням гарагт явагдана.
ПРЕМЬЕР ЛИГИЙН ЯВЦ
Баг Тоглолт Гоолын зөрүү Оноо
Манчестер сити 37 72 90
Ливерпуль 37 99 89