Монголын оюутны спортын V наадмын футзалын АШТ тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд их, дээд 15 сургуулийн баг тамирчид дөрвөн хэсэгт хуваагдаж өрсөлдөв. С хэсэгт тоглосон багуудаас Н.Болдбаатар дасгалжуулагчийн удирдлагад оролцсон Олон улсын “Улаанбаатар” их сургуулийнхан тэргүүлж, аваргаар шалгарав. А хэсэгт тоглосон багуудаас Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай “Рояаль” ОУИС-ийнхан удаалж мөнгө, Б.Баярсайхан дасгалжуулагчтай “Их засаг” олон улсын их сургуулийнхан III байрт шалгарч, хүрэл медаль гарджээ.
Тэгвэл B, Д хэсэгт тоглосон багууд хэсгийн тоглолтод хожигдож, хараахан байр эзэлсэнгүй.
Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Кувейт улсад Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтыг зохион байгуулна. Зүүн Азиас бусад бүсийн тоглолт энэ сард болоход амжилттай оролцсон шигшээ багууд 13 эрх авсан. Тэгвэл Зүүн Азийнх тавдугаар сарын 17-21-нд Малайзад явагдана. Урьдчилсан шатны сугалаагаар зургаан улсын тоглогчид хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөх байсан ч өмнөд хөршийнхөн оролцох боломжгүй болсон юм. Тиймээс Монголын тамирчид Япон, Тайвань, БНСУ, Хонконгийнхонтой нэг хэсэгт гурван эрхийн төлөө өрсөлдөх боллоо.