“Хятад, Энэтхэг хоёр орны харилцааг хөгжүүлж, хилийн асуудлыг зөв зохицуулах ёстой” гэж Хятадын Гадаад хэргийн сайд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкартай Шинэ Делид уулзах үеэрээ мэдэгдэв. Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлснээр хил орчмын бүс нутагт энх тайван байдлыг сэргээх нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ гэж талууд үзэж байна. “Цэргээ татсаны үндсэн дээр хяналтаа хэвийн болгох, үл ойлголцол, буруу шийдвэр гаргахаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай” гэж мэдэгдэлд дурджээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоо гүнзгийрүүлэх талаар яриа хэлэлцээ хийж, харилцаа холбоотой байхаар талууд тохиролцсоныг баримт бичигт мөн тэмдэглэсэн байна. Хятадын Гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Шинэ Делид гэнэтийн айлчлал хийжээ. Бээжингийн өндөр албан тушаалын төлөөлөгч сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа Энэтхэгт айлчилсан нь энэ юм. 2020 оны тавдугаар сард Зүүн Ладакхт Энэтхэг, Хятадын цэргийн сөргөлдөөн эхэлснээр хөрш орнуудын харилцаа эрс муудсан. Энэ нь Пангонг Цо нуурын орчимд хоёр улсын цэргийн хооронд сөргөлдөөнөөс үүдсэн бөгөөд дараа нь Галван голын хөндийд зургадугаар сард мөргөлдөөн давтагдаж, хоёр тал хохирол амссан. Өнгөрсөн жил цэргийн болон дипломат түвшний хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараа Энэтхэг, Хятад хоёр хилийн маргаантай бүс нутгуудаас цэргээ харилцан аажмаар татаж эхэлжээ.