Францын Терроризмын эсрэг үндэсний прокурорын газар Интерполын ерөнхийлөгч Ахмед Нассер аль-Раисийг мөрдөн шалгаж эхлэв. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яаманд өндөр албан тушаал хашдаг аль-Раисийг улс төрийн хоригдлуудыг эрүүдэн шүүж, зүй бусаар харьцсан хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа тухай Францын хэвлэлүүдэд бичжээ. Түүнийг ийнхүү буруушааж буй нь анх удаагийнх биш. Тэрбээр 1980 оноос хойш АНЭУ-ын цагдаад алба хааж, Абу-Даби хотын Цагдаагийн төв газрын дарга, Дотоод хэргийн яамны ерөнхий байцаагч зэрэг янз бүрийн албан тушаал хашиж байжээ. 2021 оны арваннэгдүгээр сард Интерполын тэргүүнээр сонгогдоход нь түүнийг гэмт хэрэгт буруутгаж байгаа нь саад болоогүй аж. Үүний дараа хүний эрхийн төлөө тэмцэгчид аль-Раисийг шүүмжилсээр байв. Тэдний үзэж байгаагаар тэрбээр тус улсын дэглэмийг тайван шүүмжлэгчдийг системтэйгээр хавчдаг аюулгүй байдлын аппаратын нэг хэсэг бөгөөд АНЭУ-ын цагдаагийн өндөр албан тушаалтны хувьд тус байгууллагын зүй бус үйлдлүүд, эрүү шүүлтийн хариуцлагыг хүлээх ёстой нэгэн гэнэ. Францын хэвлэл мэдээллийн эх сурвалжийн уламжилснаар, Ахмед Нассер аль-Раисийг мөрдөн шалгах энэ удаагийн ажиллагаа нь Персийн булангийн хүний эрхийн байгууллагаас өнгөрсөн нэгдүгээр сард Парисын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой. Уг нэхэмжлэл нь АНЭУ-ын сөрөг хүчний удирдагч Ахмед Мансурын хэрэгтэй холбоотой аж. 2017 оноос хойш АНЭУ-д хоригдож байгаа Ахмед Мансур үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр 10 жилийн хорих ял шийтгүүлжээ. Ахмед Мансурыг гудасгүй, хүйтний ямар ч хамгаалалтгүй, маш жижиг өрөөнд эмч үздэггүй, цэвэр ус, эрүүл ахуйн хэрэгсэлгүй байлгасан гэнэ. 2019 онд Катарын бэлгэдэл бүхий богино цамц өмссөн хэргээр АНЭУ-д саатуулагдсан, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч Али Исса Ахмад мөн Ахмед Нассер аль-Раисийг зүй бус харьцсанд буруутгажээ. Түүний хэлснээр шоронд түүнийг зодож, цахилгаан бороохойгоор цохиж, хутгаар зүсэж, унтаж, идэж, уухыг хориглодог байсан аж. Тагнуулын хэргээр 2018 онд АНЭУ-д хэдэн сар хоригдсон, Британийн оюутан Мэттью Хежэс ч Ахмед Нассер аль-Раисийн эсрэг мэдүүлэг өгчээ.