Тив хоорондын баллистик пуужин харвасан Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний дэглэмийг чангатгах тогтоолоо АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барив. ОХУ уг саналыг эсэргүүцжээ. “БНАСАУ улам бүр аюултай өдөөн хатгалга явуулж байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн 2397 тоот тогтоолд БНАСАУ тив хоорондын болон баллистик пуужин харвах юм бол нэмэлт арга хэмжээ авахаар заасан байдаг” гэж НҮБ дэх АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэв. Харин Умард Солонгосын эсрэг тавьсан хязгаарлалтыг эргэн авч үзэхэд Аюулгүйн зөвлөл бэлэн байгаагаа илэрхийлэхдээ Пхеньяны эерэг дохиог үл тоомсорлосныг НҮБ дэх ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Анна Евстигнеева тэмдэглэв. “БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цаашид чангатгах нь хориотой цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэх сувгуудыг таслах арга хэмжээнээс хальж, тус улсын иргэдийг нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн хүлээн зөвшөөрөмгүй цочролд оруулах эрсдэлтэй” гэж А.Евстигнеева мэдэгджээ. Удирдагч Ким Жөн Уны тушаалаар Умард Солонгос тив хоорондын баллистик пуужин харваснаа мэдэгдээд, тус улс АНУ-ын империалистуудтай сөргөлдөхөд бэлэн гэдгээ уламжилсан юм. Уг пуужинг АНУ-ын газар нутгийн хаана ч хүрэх чадалтай гэж Япон үзсэн байна. Нөгөөтээгүүр, БНАСАУ-ын хүмүүнлэгийн байдлыг хөнгөвчлөх зорилгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай Орос, Хятадын хамтарсан тогтоолын төсөл хүчинтэй хэвээр байгаа тул түүнийг дэмжихийг Бээжин уриалсныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр тус байгууллага дахь БНХАУ-ын байнгын төлөөлөгч Жан Зюнь мэдэгджээ. Мөн АНУ, Умард Солонгосыг шууд яриа хэлэлцээгээ нэн даруй сэргээхийг Хятад улс уриалав.