УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар сонслоо. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын явц, авч буй арга хэмжээний талаар болон малын түүхий эд боловсруулах цогцолбор ашиглалтад орох хүртэл үнэгүйдээд байгаа түүхий эдийг хэрхэх талаар илүүтэй тодруулж байлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Энэ жил хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэсэн. Үүн дээр нэмж арьс, ширний үйлдвэрүүдэд 15, ноосны салбарт 25 буюу нийт 40 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан. Экспортолж буй бүтээгдэхүүний (хөдөө аж ахуйн салбарын) 95 хувь нь нэхмэл, сүлжмэл төрлийнх байгаагаас 90 хувь нь ноолуур. Бид ноолуурыг самнаж, дараагийн боловсруулалт хийж экспортод гаргах техник зохицуулалтын төслийг бэлтгэж дууссан. Ирэх сард багтаан Засгийн газраар батлуулна” гэв. Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун “Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр шүлхийн 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар импортоор авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлыг хийж байгаа” хэмээх тайлбар өглөө.