Өвлийн олимпын XXIV наадам өндөрлөсөн ч 16 хоногийн турш Бээжин хотыг доргиосон тамирчдын агуу амжилт, үзүүлбэрүүд олон хүний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх нь гарцаагүй. Ингээд олимпын тавцанд гялалзан гарч ирсэн шинэ залуус болон туршлага, авьяас халгисан ахмад тамирчид гээд тодоос тод гялалзсан оддыг танилцуулж байна
ХЛОЭ КИМ
Дөрвөн жилийн өмнө, Пёнчаны олимпын үеэр сноубордын төрөлд аваргалсан хамгийн залуу тамирчин болж байсан хүн бол АНУ-ын Х.Ким. Түүнийг энэ удаад аваргаа хамгаалж чадах, эсэхийг олон хүн сонирхож байлаа. Үүний хариултыг мэдэх гэж үзэгчид удаан хүлээсэнгүй, Х.Ким эхний оролдлогоороо л асар өндөр буюу 94.00 оноо авч, алтан медаль халааслав.
НАТАН ЧЭН
“Пёнчан-2018”-д оролцохдоо богино үзүүлбэрийн үеэр унаж, медаль хүртэх боломжоо салхинд хийсгэсэн нь түүний хувьд үнэхээр харамсам мөч байлаа. Гэвч тэрбээр дахин алтан медалийн төлөө дайралт хийхээр дөрвөн жилийн турш бэлтгэлээ базаасан.
Түүний хөдөлмөрийн үр шим Бээжинд үр дүнгээ өгч, богино үзүүлбэрт 113.97 оноо авснаар олимпын аварга хэмээх эрхэм алдрыг хүртэх болзлоо Н.Чэн хангав.
ЭЙЛИН ГЮ
“Бээжин-2022”-ын хамгийн алдартай оддын нэг, хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг хамгийн их татаж байсан тамирчин нь БНХАУ-ын 18 настай Э.Гю байлаа. Фрийстайл төрлийн биг айр, слоупстайл ангилалд тус бүр алт, мөнгөн медаль хүртсэн түүнийг гурав дахь төрөлдөө оролцохоор бэлтгэж байх үед ямар медаль авахыг нь таахыг хүн бүр хичээж байв. Эйлин ч олны итгэлийг хөсөрдүүлэлгүй хайфпайп төрөлд 95.25 оноо авч түрүүлснээр өвлийн олимпын наадмын гурван өөр төрлөөс медаль хүртсэн анхны чөлөөт үзүүлбэрийн тамирчин боллоо.
СЮЗАНН ШУЛЬТИНГ
24 настай С.Шультинг (Нидерланд) шорт-трекийн спортын түүхэн дэх домогт тамирчны тоонд залуугаараа орж ирлээ. Бээжинд түүний “алтан мөч” нь 1000 метрийн уралдааны (тэрбээр энэ зайд дэлхийн дээд амжилт тогтоосон) финалд ердөө хэдхэн миллиметрийн зөрүүгээр ялалт байгуулсан “ширүүн” бариа болсон юм.
ГАБРИЭЛЛА ПАПАПАКИС-ГУЙЛЕМ СИЗЕРОН
Францын уран гулгагч хосыг Бээжинд ямар амжилт үзүүлэх тухай ширүүн мэтгэлцээн өвлийн олимп эхлэхээс өмнө өрнөж байв. Гэхдээ л тэднийг үнэхээр уран тансаг хөдөлгөөн, ур чадварыг хослуулан бүжнэ гэж цөөхөн хүн төсөөлсөн болов уу. Тэд финалд 226.98 оноо авч дэлхийн шинэ дээд амжилт тогтоон Бээжингээс алтан медальтай буцлаа.
КАНТЕН ФИЙОН МАЙЕ
Ямар ч стандартаар хэмжсэн Францын Кантен Фийон Майе “Бээжин-2022”-т супер оролцсон. Тэрбээр хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр биатлоны төрөлд нэг олимпоос таван медаль хүртсэн анхны тамирчин болсон юм.
АРИАННА ФОНТАНА
Италийн шорт-трэкийн од А.Фонтана улсынхаа түүхэнд хамгийн олон медальтай өвлийн олимпын тамирчин болоход нь ердөө хоёр медаль дутуу байв. Тэрбээр 500, 1500 м, багийн буухиад нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэнээр үүргээ давуулан биелүүлээд гэртээ харьж байна. Түүнийг олимпын 11 медальтай тамирчин болсныг сануулъя.
МАКС ПАРРОТ
Канадын сноубордын шилдэг тамирчин М.Парротын амьдрал олимпын наадмын түүхэн дэх хамгийн агуу гэсэн тодотголын нэгийг хүрэх эрхтэй билээ. 2018 оны сүүлчээр Hodgkin’s lymphoma хэмээх хорт хавдартай болох нь оношлогдсоноор спортын тавцанд эргэн ирэх нь бүү хэл, дахин эрүүл болох нь эргэлзээтэй байсан. Гэвч тэрбээр эрэгтэйчүүдийн слоупстайл төрлийн финалд 90.96 оноо авснаар Бээжингээс алтан медальтай буцаж байна.
СЮ ИМИН
Энэ жил 17 настай Сю Имин сноубордын төрлөөр олимпын наадмаас алтан медаль хүртсэн анхны хятад тамирчин болж нутаг нэгтнүүдээ баярлуулав. Эхний хоёр оролдлогоороо хоёр ч удаа 1800 эргэлт хийснээр залуу тамирчин М.Ройсланд, М.Паррот зэрэг ахмадыг ардаа орхижээ
Бэлтгэсэн Н.Энх