Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас улстөрчид, тэдний танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн нэн хөнгөлөлттэй зээл авсан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар олон компанийнхныг АТГ-ынхнаар шалгуулахаар хандсан билээ. АТГ-ынхан ч ажлын хэсэг байгуулан тухайн зээлийг олгоход нөлөөлсөн Хөгжлийн банкны албан тушаалтнууд болон зээлдэгч нарыг шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл хэд хэдэн хүнийг яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгах санал ажлын хэсгийнхэн НПГ-т хүргүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт прокурор, мөрдөх байгууллагын гаргасан хүсэлтийг хэлэлцсэн юм.
Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, дэд бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан зэрэг албан тушаалтнуудыг цагдан хорих санал хүргүүлсэн. Тэднээс Б.Батбаярыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, Ч.Мөнхбаярыг өөрийн аминд аюул учруулах магадлалтай, Б.Шинэбаатарыг мөн хорьж шалгах үндэслэлтэй гэж шүүх үзээд 30 хоног цагдан хорих захирамж гаргав. Мөн дээрх банкнаас “Монгол мах экспо” компанидаа махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг яллагдагчаар тооцон цагдан хорих санал хүргүүлснийг шүүх хэлэлцээд “гэрчийг дарамталж, сүрдүүлсэн” хэмээн нэг сар цагдан хорихоор болсон юм. Яллагдагч Д.Дэлгэрсайханыг мөрдөн байцаалтаас оргохыг завдсан үндэслэл тогтоогдоогүй гэж шүүгч үзээд хорихоос татгалзав.
Харин хэд хэдэн яллагдагчийг цагдан хорих асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэх юм. Учир нь өнгөрсөн баасан гарагт хорих санал хүргүүлсэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр уг асуудлыг хэлэлцүүлэхээс татгалзсаныг өнөөдөр тус шүүхийн ерөнхий шүүгч нь шийдвэрлэнэ. Хөгжлийн банкнаас зээлийн шаардлага хангахгүй барьцаа тавьж, Монгол орныг хангах сүүний үйлдвэр барих төсөл бичиж их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан “Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн)- ийг цагдан хорих, эсэхийг ч өнөөдөр хэлэлцэх юм. Өнгөрсөн баасан гарагт тэрбээр шүүх рүү тодорхой шалтгааны улмаас очоогүй бөгөөд өмгөөлөгч нь түүнийг байлцуулан хэлэлцэх хүсэлт гаргаснаар хойшлуулсан бол Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нь өмгөөлөгчтэй оролцохоо илэрхийлснийг өнөөдөр 15.30 цагт шийдвэрлэх юм.
“Пирамид орд” ХХК Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, “Буман залуус” нэртэй 296 айлын орон сууц барихаар төсөл бичиж өгөхдөө, барьцаанд нь МоАХ-ны бүртгэлтэй газрыг тавьсан асуудалд тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэх “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаярыг яллагдагчаар татаж цагдан хорих санал хүргүүлснийг мөн өнөөдөр хэлэлцэнэ.
Бэлтгэсэн Г.Равжаа