Тагнуулын ерөнхий газраас "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг баривчилсан асуудлаар мэдээлэл хийж байна.
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авсан нь тогтоогдсон гэдгийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр мэдээллээ.
Тэрбээр, "Тагнуулын байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд гадаадын тагнуулын байгууллагын хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд товч мэдээлэл өгнө. Иймд тухайн хэрэгтэй холбоотойгоор асуултанд хариулахгүй гэдгийг хэлье.
Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажил явуулж, баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хуулийн хүрээнд саатуулсан. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Өчигдөр үйлдэл дээрээ баригдсан. Гэрт нь нэгжлэг хийхэд мөнгө, баримт илэрсэн. Тэр бүхнийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна" гэх мэдээллийг өгөв.