Цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Сансар, од эрхсийн ордон өнгөрсөн лхагва гаргаас үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ. Ингэснээр нийслэлчүүд өмнөх хуваариар буюу даваагаас бямба гарагт 10.00-12.00, 14.00-16.00 цагт одон орон, сансар судлалын ертөнцтэй танилцах боломж бүрдэв.
“Астропарк” буюу Сансар,од эрхсийн ордныг Монгол Улс болон ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн санаачилгаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэргэд 2014 онд байгуулсан түүхтэй. Анх энэ нь сансар судлал, одон орон гэсэн үндсэн хоёр танхимтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол сүүлд кино танхимтай болсон. “Нар, сар” хэмээх нэртэй эл танхимд дэлхий ертөнцийн үүсэл, гараг эрхсийн түүхийн тухай шинжлэх ухааны баримтат бүтээлүүдийг 3D дэлгэцээр үзүүлдгээрээ онцлог. Судлаачдын өгүүлж буйгаар Хүрэл тогоот дахь Одон орон ажиглах төв болон Сансар, од эрхсийн ордонд зочилсноор 5000 гаруй од харах боломжтой гэнэ. Харин үүний дийлэнхийг зөвхөн өдрийн цагаар, тогтсон хуваарийн дагуу үзүүлдэг нь Баянзүрх дүүргийн V хорооны нутаг, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэргэд байх “Астропарк” юм. Эл ордноор аялах тасалбар 3000 төгрөг бөгөөд 11-480292 утсаар холбогдон үйлчлүүлэх цаг авдаг юм байна.
Бэлтгэсэн Ж.Сувд