Цаг захиалгыг хөнгөвчилсөн аппликэйшн бүтээжээ Ямар нэг байгууллагаар үйлчлүүлэхийн тулд дугаарлаж хугацаа алдах, утсаар холбоо барих гэж нэгж үрэх, хаяг байршил, үнэ тарифтай холбоотой мэдээлэл авахын төлөө цахим хуудсыг нь “нэгжих” шаардлагагүй болжээ. Мэдээллийн технологи, бизнесийн салбарын залуус хамтран үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн мэдээлэл, цаг захиалгын систем бүхий “iad¬dress” аппликэйшн бүтээсэн байна.
Эндээс нийслэл төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, сургалтын төв, сургууль, цэцэрлэг, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, саун, бассейн, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний байгууллагын мэдээллийг авахаас гадна цахимаар цаг захиалах боломжтой. Эл системд одоогоор үсчин, гоо сайхны 2000 орчим газар, 460 эмнэлэг, 300 гаруй жуулчны бааз, 281 ресторан, 79 сургалтын төв, 61 зочид буудал, 57 саун, бассейн нэгдээд буй гэнэ. Хэрэглэгчдийн цагийг хэмнэх үүднээс эдгээрийг үйлчилгээнийх нь чиглэлээр дотор нь мөн төрөлжсөн цэсэд ангилжээ. Тухайлбал, эмнэлэг гэхэд чих, хамар хоолойн, шүдний, хүүхдийн, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн, мэс заслын, харшлын, амьтны, уламжлалт эмчилгээний, коронавирусийн тусламж, үйлчилгээний гэсэн 21 ангилалтай байна. Рестораныг хоолных нь төрлөөр 10 хэсэгт хуваажээ. “iaddress” аппликэйшнийг өдгөө 20 мянга орчим хүн идэвхтэй ашиглаж буй бөгөөд олонх нь нийслэлийн иргэд аж. Хөгжүүлэгчид эл аппликэйшнд хамгийн сүүлд “Танд ойр” хэмээх цэс нэмжээ. Энэ нь тухайн хүний байршилтай ойр үйлчилгээний байгууллагуудыг ялгаж харуулдаг хэсэг аж.
Бэлтгэсэн Ж.Танан