Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд урьдчилсан гүйцэтгэлээр 43 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 5.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. ДНБ-ий хэмжээ ахихад үйлчилгээний салбарын орлого 1.8, бүтээгдэхүүний цэвэр татвар 1.3, уул уурхайн салбарын олборлолт 0.2 хувиар өссөн нь дэмжлэг болсон гэнэ. Харин сүүлийн нэг жилд барилга, аж үйлдвэрлэлийн салбарын бүтээмж 2.3, хөдөө аж ахуйн салбарын орлого 0.8 хувиар багасжээ. Түүнчлэн бараа, үйлчилгээний экспорт зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн жил 11.7 их наяд төгрөг болж, 2020 оныхоос 14.5 хувиар буурчээ. Харин импорт 18.2 их наяд төгрөгт хүрч нэг жилд 9.6 хувиар ахисан аж. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сард нэг их наяд төгрөгт хүрсэн нь жилд 42.2 хувиар нэмэгдсэн дүн. Мөнгөний нийлүүлэлт нэгдүгээр сард 26.8 их наяд төгрөгөөр хэмжигдсэн нь 2020 оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн, төгрөгийн харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл нийт 2.9 их наяд төгрөгөөр дээшилсэн үзүүлэлт болсон байна.
Бэлтгэсэн С.Дулам