ТУЗ НЬ ХАНГАЛТТАЙ АЖИЛЛАЖ ЧАДСАНГҮЙ
Төлбөрөө төлж чадахгүйд хүрээд буй Хөгжлийн банкны засаглалын хямралын ард хэн байгаа вэ? Үүний буруутан нь үе үеийн УИХ, Засгийн газар, гишүүд, тус банкны ТУЗ, гүйцэтгэх удирдлага, хяналт тавих учиртай Сангийн яам, Монголбанк, Үндэсний аудитын газар юм. Учир нь Хөгжлийн банкны засаглалын тогтолцоонд УИХ, Засгийн газар, дээрх яам, Төвбанк, ҮАГ болон олон улсын аудитын байгууллага, ТУЗ, дотоод аудит, гүйцэтгэх удирдлага гэсэн институц оролцож, харилцан уялдаа, хяналттай, нэгдмэл удирдлагын хүрээнд ажиллах ёстой. Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар тус банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар. Дефолт зарлахдаа хүрснээс үзвэл Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дээрх байгууллагууд хангалттай “санаа тавьсангүй”. Уг банкны чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд өмнөх болон одоогийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийнх нь шийдвэр нөлөөлсөн байж таарна. Дээрх хуулийн 10.4-т “Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг Төлөөлөн удирдах зөвлөл батална” гэж заасан. Тус зөвлөлийнхөн зээлийн, хөрөнгө оруулалтын бодлого батлахдаа алдаа гаргасан болоод л өнөөгийн нөхцөлд хүрсэн байж таарна. Тиймээс хувьцаа эзэмшигч болох Засгийн газар үе үеийн ТУЗ-өөс хариуцлага нэхэх ёстой.
Эл банкны ТУЗ-ийн гишүүнийг Засгийн газраас нээлттэй шалгаруулалтаар сонгож, гурван жилийн хугацаагаар томилон, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг бөгөөд нэг удаа улируулан томилж болох аж. Банкны санхүүгийн үзүүлэлтүүд “суларсаар” байтал ТУЗ-ийн гишүүнийг улираан сонгосон тохиолдол ганц биш. Тухайлбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Наранцогт (өдгөө Эдийн засаг, хөгжлийн дэд сайд) 2018, 2019 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, 2020, 2021 онд ТУЗ-ийн даргаар ажиллажээ. Мөн улиран томилогдсон гишүүн ч бий. Тус банк дампуурахдаа тулчихаад байхад энэ бол байж боломгүй зүйл.
Ер нь ямар боловсрол, ажлын туршлагатай хүмүүс Хөгжлийн банкны ТУЗ-д багтаж буй, жилд хэдэн удаа хуралдсан зэрэг наад захын мэдээлэл алга. Хуульд заасны дагуу дээрх банкны ТУЗ сард нэгээс доошгүй удаа хуралдах ёстой. Тэгэхээр сар бүр хуралдаж, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, олгосон зээлийн хэмжээ, үр ашгийн байдлын талаарх мэдээлэл, цаашдын төлөв хандлагын талаар боловсруулсан саналыг авдаг атлаа дорвитой арга хэмжээ хэрэгжүүлээгүй нь хачирхалтай. Тэд Хөгжлийн банкны дунд, урт хугацааны стратеги болон тухайн жилийн бизнес төлөвлөгөөг баталдаг юм.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-д яамдын дарга нар багтаж ирсэн. Тухайлбал, ЗГХЭГ, Сангийн, Уул уурхайн, Эрчим хүчний, Зам, тээврийн болон БХБЯ-ны төлөөлөл орж байв. Өдгөө ТУЗ нь найман хүний бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд БХБЯ, ЭХЯ, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга багтаж буй. Тус банкны ТУЗ-ийг есөн гишүүнтэй, дөрөв нь хараат бус байхаар заажээ. Саяхныг хүртэл гурав нь л хараат бус байсан бол дөрөв болоод удаагүй байна. Нэгэн эх сурвалж “Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшүүлэх эрхийг хэдхэн байгууллагад өгч ирсэн нь учир дутагдалтай. ТУЗ-ийн гишүүд, тэр дундаа хараат бус гишүүдийн хариуцлага өндөр байх ёстой” гэсэн юм. Төрийн байгууллагуудын төлөөлөлтэй зэрэгцэн суугаа хараат бус гишүүд хөндлөнгийн хяналт тавих учиртай.
ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА НЬ УЛСТӨРЧДИЙН НӨЛӨӨНД ЯВЖ ИРЖЭЭ
Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажиллах, зээл болон санхүүгийн бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах зэрэг бүрэн эрх хэрэгжүүлдэг. Нийт 116 ажилтантай тус банкны гүйцэтгэх удирдлагын баг сүүлийн жилүүдэд нүсэр болж өргөжсөн бөгөөд одоогоор гүйцэтгэх захирлаас гадна тэргүүн дэд, дэд, газрын гээд есөн захиралтай аж. 2018 оноос хойш гүйцэтгэх удирдлагын багт нь ажилласан хүн саяхан ажлаа хүлээлгэж өгөөд буй юм. Эл багийнхан санхүүгийн сахилга бат сахиулах, Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ хэрэгжүүлэх, ТУЗ-д ажлаа улирал бүр тайлагнах үүрэгтэй. Мөн холбогдох тайлан, мэдээллийг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээдэг. Нөгөөтээгүүр, Хөгжлийн банкны тухай хуульд дээрх банкийг ил тод, хариуцлагатай байх зэрэг зарчим баримтална гэж тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй буйг бид харж байна. Тус банкнаас ямар төсөлд, улстөрчдийн “халаасны” компаниудад зээл олгох зааврыг сайд, дарга нар амаар өгдөг байсан гэж нэгэн эх сурвалж өгүүлсэн юм. Түүнчлэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат саяхан “Намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед УИХ-ын гишүүд, дарга нар утсаар ярьж, өрөөндөө дуудаж, төсөлд нь хөрөнгө оруул гэдэг байсан” гэжээ. Өдгөө дээрх банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Н.Мандуул ч “Чанаргүй зээл олгоход албан тушаалтны нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй” хэмээн ярьсан удаатай. Товчхондоо, энэ банкны хараат бус байдал алдагдаад уджээ. Засаглалыг нь сайжруулахад анхаарахгүй энэ хэвээр, төр, засаг, УИХ-ын гишүүдийн тушааснаар явбал цаашид байдал сайжрахгүй нь тодорхой.
1950-иад онд Японд Хөгжлийн банк нь дампуурч, нэрээ өөрчилсөн түүхтэй. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь “Шийдвэр гаргахад надад хэн ч нөлөөлөх ёсгүй. Хэн нэгэн үүрэг өгвөл огцрох өргөдлөө өгнө” гэж хэлж байжээ. Түүнээс хойш Хөгжлийн банк нь амжилттай ажилласан гэдэг. Гэтэл монголчууд “Төр оролцохоор л “заваардаг” гэж ярьсаар суух уу.
АУДИТОРУУД ЮУ ХИЙВ
ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас нь гадна Монголбанк, Сангийн яам, ҮАГ-аас ч хариуцлага нэхэх нь зүйтэй. Дээрх хуульд заасны дагуу Монголбанк нь тус банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих болон активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг баталж, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалтыг хэрхэн мөрдөж байгааг хянаж, шалгалт хийдэг учраас тэр. Нөгөөтээгүүр, Хөгжлийн банкны санхүүгийн тайланд ТУЗ-ийнх нь шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг нь жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт Монголбанк, Засгийн газарт хүргүүлдэг аж. Тэгвэл Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу ҮАГ нь санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитыг Хөгжлийн банканд хийдэг. Дээрх газраас “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдал”-д хийсэн гүйцэтгэлийн тайланг 2019 онд танилцуулж байв. Уг тайланд “Эрх зүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй байсан төдийгүй банкны бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй”, “МУХБ 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс их хэмжээний алдагдал хүлээсэн”, “Төслийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөж буй дүрэм, журмын зохицуулалт хангалтгүй” гэж дүгнэжээ. Тус аудитын тайланг УИХ-ын Төсвийн, Эдийн засгийн байнгын хороо, ЗГХЭГ болон Хөгжлийн банканд хүргүүлж байж. Аудитаар өгсөн зөвлөмж, албан шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг нь ҮАГ-т ирүүлэхийг ЗГХЭГ, Хөгжлийн банкны ТУЗ, гүйцэтгэх захиралд зөвлөж байжээ. Гэтэл дээрх асуудлууд өдгөө ч хэвээр байгаа юм.
Дээрх банкны 2014 оны тайланд PWC, 2016, 2017 онд “Делоитт онч аудит”, 2018-2020 онд “Кэй Пи Эм Жи аудит” ХХК аудит хийжээ. Эдгээр тайланд “…санхүүгийн байдал, тайлант жилийн нэгтгэсэн санхүүгийн үр дүн болон нэгтгэсэн мөнгөн гүйлгээг үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна” гэснээс өөр онцлох зүйл бичээгүй байв. Хөгжлийн банкны жилийн тайлангаас харвал чанаргүй зээлийнх нь харьцаа 2017 онд 7.55, дараа жил нь 10.3, 2019 онд 18.88 хувьд хүрсэн бол өдгөө бүр “талийгаад” буй. Үүнээс гадна актив хөрөнгө нь 2018 онд 4.26, 2019 онд 4.27 их наяд төгрөг байсан бол 2020 онд 4.19 их наяд болж буурсан байх жишээтэй. Бас өөрийн хөрөнгө нь 2018, 2019 онд 1.08 их наяд байсан бол 2020 онд 1.01-т хүрч буурсныг харж болно. Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн таван хувь нь чанаргүй байдаг гэсэн дүн бий бол бодлогын гэх тодотголтой Хөгжлийн банкны хувьд уг үзүүлэлт 55-д хүрсэн нь хүлээн зөвшөөрч боломгүй үр дүн.
УИХ, ЗАСГИЙН ГАЗАР Ч БУРУУТАЙ
Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу УИХ нь тус банкны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах эрхтэй. Тэгвэл Засгийн газар нь Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадварын хэвийн, тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээ авах, үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэх талаар хоёр жил тутам ээлжит хяналт, шалгалт хийх ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хяналт, шалгалт хийх эрхтэй аж. Гэтэл УИХ дээрх хуульд олон удаа өөрчлөлт оруулж, гишүүд хувийн эрх ашгаа бодож төсөлд нь хөрөнгө оруулахыг шаардаж, дарамталж иржээ. Тухайлбал, УИХ 2017 онд дээрх хуулиас “Хөгжлийн банк нь Улсын их хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын их хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэх заалтыг “авч хаяжээ”. Хяналт тавих ёстой атал дураар дургих, улстөрчдөд “найрлах” боломж олгосон хэрэг. Түүнчлэн үүнээс өмнө буюу 2011-2016 он дуустал дээрх заалтыг угаасаа хэрэгжүүлээгүй, Засгийн газрууд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн бүх зээл, төслийг тухайн үеийн УИХ-аар хэлэлцүүлээгүйг Б.Энхбаяр гишүүн дурдсан байна лээ. Засгийн газар солигдох бүрт гүйцэтгэх захирлыг нь сольдог гэхэд ч хилсдэхгүй.
“ЭКСИМ” БАНК БОЛООД БАЙДАЛ
ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ
Ашигтай ажиллах учиртай Хөгжлийн банкны өмнөх жилийн тайлангуудыг харвал улс орны хөгжилд хэдийн нөлөөлчихөөр төслүүдэд зээл олгосон мэт санагдана. Жишээлбэл, 2014 оны тайланд нь Засгийн газраас тус банкаар дамжуулан 50 сая ам.долларын санхүүжилт олгохыг зөвшөөрсний дагуу Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал болон судалгаа шинжилгээний ажил, зөвлөхүүдийн төлбөрт зориулж 14.8 сая “ногоон” олгосныг дурджээ. Дээрх төслийн нэгж нь 2014 онд төслийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, дараа жил нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгон ажлыг эхлүүлж, 2017 онд цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн тайланд тэмдэглэсэн байв. Түүнчлэн Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ болон төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд 5.1 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Уг станцын барилга угсралтын ажлыг 2015 онд эхлүүлж, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж бичсэн байгаа юм. Гэтэл санхүүжилт олгосон эдгээр төслийг хэрэгжүүлээгүй өдий хүрсэн. Эгийн голын УЦС-ын төсөлд зарцуулсан хөрөнгөөр өчнөөн “цаас” үйлдвэрлэсэн нь олон улсын стандартад нийцдэггүй. Үүнээс болоод гадаадын томоохон хөрөнгө оруулагч уг төслөөс гарч байсан талаар нэгэн эх сурвалж онцолжээ. Хөгжлийн банкны ганц жилийнх нь тайлангаас цөөн санхүүжилтийн талаар цухас дурдахад ийм байна. Хэтрүүлж хэлбэл, санхүүжилт нь энэ мэтчилэн “ууршаад” алга болж. Тэр байтугай Хөгжлийн банкны 2011, 2015 оны жилийнх нь тайлан цахим хуудсанд нь алга байгаа юм. Нөгөө ил тод, хараат бус хөндлөнгийн хяналттай байх зарчим баримтална гэж хуульд тусгасных нь хэрэгжилт ийм л байна.
Хүн бүрийн анхааралд буй Хөгжлийн банкны засаглал, тогтолцоог сайжруулахгүй аваас алсын хараагаа “Эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэгч салбарыг дэмжигч бодлогын банк байна” гэж тодорхойлсноосоо цаашид ч “урваж”, орон сууцын өч төчнөөн барилга, орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барьж, муур, нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах зэрэг “үлгэрийн” төсөл барьж ирсэн компанид зээл олгох зэргээр алдаагаа давтахыг үгүйсгэхгүй. Улстөрчдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан, боломж нь байсаар атал санаатайгаар эргэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан, баталгаа хөрөнгөгүй төсөлд санхүүжилт өгсөн зэрэг нь засаглал нь муу байсантай холбоотой. Санхүүжилтээ хугацаанд нь төлөөгүй зээлдэгчдээс гадна өнгөрсөн жилүүдэд зээл олгосон, хяналт тавих үүргээ хангалттай биелүүлээгүй дээрх байгууллагууд ч буруутай.
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн есдүгээр сард Хөгжлийн банкийг шинэчлэх стратегийг танилцуулсан. Тодруулбал, эл банкийг “Эксим” буюу экспорт, импортын банк болгон өөрчлөх стратеги боловсруулсан гэж байв. Хөгжлийн гэх гоё нэрийг нь өөрчлөөд одоогийнхоос юугаараа илүү байх нь тодорхойгүй. Энэ талаар эдийн засагч Ц.Лут-Очир “Хөгжлийн банкийг хараат бус, гадаадын менежментээр удирдуулах нь нь зүйтэй. “Эксим” банк болголоо ч дахиад л дампуурахдаа тулахыг үгүйсгэхгүй. Монголын засаглалын шинэчлэл, ёс зүйг өөр шатанд гаргаж байж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд өөрчлөлт гарна. Манай улсын экспортод уул уурхайн түүхий эд давамгайлж байна. Үүнд санхүүжилт шаардлагагүй, өөрөө зарагддаг бүтээгдэхүүн. Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байгаа. Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ярьж магадгүй. Гэвч зайрмагны үйлдвэр зэрэгт зээл олгоод байвал хэцүү” гэв. Одоо мөрдөж буй Хөгжлийн банкны тухай хуульд ч тус банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна гэж тусгасан шүү дээ.
Хөгжлийн банк эрхэм зорилгоо “Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна” хэмээн тодорхойлсон. Гэтэл анхаарал хандуулах, чанаргүй, шүүхэд нэхэмжлэх гаргах, эсэхийг шийдвэрлэх зээлийн үлдэгдэл нь 2.8 их наяд орчим төгрөг болоод буй. Тус банкнаас санхүүжилт авсан 66 зээлдэгчийн ердөө 14 нь хэвийн ангилалд багтаж буй. Хөгжлийн банкнаас 2012 онд “Хөтөл”-д 61.2 сая ам.доллар олгож байв. Өдгөө тус компанийн хуримтлагдсан болон торгуулийн хүү нийлээд 103.7 сая “ногоон”-ы зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүтэн 10 жил зээлээ төлөөгүй хэрэг. Тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга байсан Б.Батбаяр 2016-2019 онд гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байжээ. Эндээс зээлдэгчид нь үүргээ биелүүлэлгүй явж ирэхэд дорвитой арга хэмжээ аваагүй, улсынхаа нэрийг урдаа барьж удаа дараа бонд арилжсаар ирсэн, зээлийн чанарт анхаараагүй нь харагдана.
Эдгээрээс харахад, цаашид тус банкны ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг үнэлж байж улираан томилох, эсэхийг шийдвэл зохилтой. Дээр дурдсанчлан ТУЗ-ийн дарга нь гүйцэтгэх захирал болдог, ажлын үр дүн нь хангалтгүй байхад улираан сонгодог байж боломгүй. Хянамгай байх үүргээ хэрэгжүүлдэггүй Хөгжлийн банкны ТУЗ- өөс гаргасан шийдвэрийг ил тод танилцуулдаг, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын баг нь хариуцлага хүлээдэг, тэдний хараат бус байдал, чадварыг ярьдаг болж, менежментийг нь шинэчлэхзэрэг өөрчлөлт хийхгүй аваас муу зээлтэй, хараат, улстөрчдийн халаасыг дүүргэдэг банк хэвээр үлдэнэ
Бэлтгэсэн Ц.Болормаа