“Ковид”-ын гэх нэг удаагийн хуулиа одоо хүчингүй болгоё. Орон даяар тогтоосон цар тахлын улбар шар түвшнийг шар болгож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан юм чинь, дээрх хуулийн үйлчлэлийг зогсооё. Амны хаалтаа зүүж, зайгаа барин, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжийг иргэд, аж ахуйн нэгжүүд дагахаас бусдаар бүхий л хязгаарлалтыг цуцалсан юм бол “Цар тахлын” гэх хуулийг хэрэгжүүлэхээ больё.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хэмээх урт нэртэй энэ хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд УИХ баталсан. Баталсан өдрөөс нь мөрдсөн эл хуулийн үйлчлэх хугацааг өнөөдрийг хүртэл дөрвөн удаа сунгаж, 2022 оныг дуустал хэрэгжүүлэхээр буй. Ердөө 2020 оныг дуустал мөрдөх байсан ч зургаа, зургаан сараар дөрвөн удаа сунгасан гэсэн үг. Хамгийн сүүлд сунгахдаа тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаснаараа түрээ барьсан нь эгдүүцэл төрүүлдэг. “Хүргэн хүү” кинонд Жамц баян “Манай Дэмбэрэл юм үзээгүй болохоороо баярлаад” гэдэг шиг сая Цагаан сарын өмнө ахмадуудын тэтгэврийг нь нэмж, “гийгүүлэхдээ” уг хуулийн үйлчлэх хугацааг долдугаар сарын 1-нээс он дуустал сунгачихаж байгаа юм. Битүүний өмнөх өдөр чимээгүйхэн батлахаас ердөө сарын өмнө “Ковид”-ын гэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зургадугаар сарын 30-ныг дуустал мөрдөхөөр болсон юм шүү дээ, уг нь.
Ингэхдээ УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ хуулийг сунгахаас өөр аргагүй байна. “Ковид-19”-ийн халдварын тархалт дуусаагүй байхад хуулийг нь цуцалбал тусгаарлалтаас эхлээд олон арга хэмжээг хэрэгжүүлэх боломж хаагдана. Хоёрдугаарт, хил хаалттай байгаа тул бид дотооддоо зохицуулалт хийх шаардлагатай. Энэ хуулийг зургаан сараас цааш сунгах тухай ярихгүй гэж үзэж байгаа” хэмээн ам тангараг өгөх нь холгүй, хэвлэлийнхэн хийгээд олон нийтийг тайвшруулж байв.
Юуны түрүүнд эл хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад л оршиж буй. Харин өнөөдөр хуурай замын боомтуудаас бусад нь жуулчид, хөрөнгө оруулагчдад нээлттэй болж, хичээл, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын ажил, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа эргэн сэргэж, гудамж, талбайд зөрж өнгөрөх хүмүүсийн тоо ч илт нэмэгдэж, амьдрал ид буцлах нь уу гэмээр таатай мэдрэмж төрж байна. Гэвч хугацааг нь сунгасан хуулийн ард хамаг хар, буруу зүйлийг хийх боломж байсаар буйг нь хүлээн зөвшөөрч болохгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хуульгүй мэт аашилсан эрх баригчдын балгаар төсөв, томилгоотой холбоотой олон ч гажуудал үүний ард үүсэж, биеллээ олсон.
“Ковид”-ын гэх хуулийн 3.2-т “Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” хэмээх заалт бий. Үүний дагуу 2020 онд УИХ болон орон нутгийн, 2021 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулалгүй, хугацаанд нь зохион байгуулсан. Мөн өнгөрсөн оны долдугаар сард уг хуульд нэмэлт оруулснаар Шүүхийн тухай хуульд заасанчлан нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулан, томилоод байна. Үндсэндээ үүнээс бусдаар буюу Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн томилох ёстой албан тушаалтнуудыг “Цар тахлын” гэх хуулийн цаана “түр” тодотголтой тушаалаар авч, ажиллуулж ирсэн юм.
Тиймээс ч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй ч дээрх хуулийн хүрээнд томилогдсон хүмүүсийг өнгөрсөн оноор тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Төрийн албаны зүгээс чиглэл болгосон. Зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас харвал, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг (2021 оны зургадугаар сар), Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг (2021 оны хоёрдугаар сар), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байгаад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон Х.Батжаргал, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц (2020 оны наймдугаар сар), Усны газрын дарга Ш.Мягмар (2020 оны есдүгээр сар), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Дашдэмбэрэл (2020 оны дөрөвдүгээр сар), Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир (2020 оны есдүгээр сар), Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор (2020 оны есдүгээр сар), Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан (2021 оны наймдугаар сар), Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун (2020 оны наймдугаар сард томилсон) нарыг нэрлэж болох нь. Гэхдээ тэд өнөөдөр ч албан тушаалаа хашсаар л буй. Засгийн газар, томилох, чөлөөлөх эрх бүхий субъектэд нь хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг тоогоогүй гэсэн үг. Харин ч Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нараас авхуулаад агентлагийн дарга болохдоо ч шууд томилогдсон хүмүүс дахиад л сонгон шалгаруулалтгүйгээр Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ “томорчихоод” байна. “Ковид”-ын гэх хууль үйлчилж байгаа цагт хэдэн албан тушаалтныг ийм маягаар “түр” томилж, нутагшуулахыг хэлж мэдэхгүй. Үүний цаана Төрийн албаны хууль “гууль” болж, төрийн албаны мөн чанар, зарчим, чадамж, хариуцлага нь хэврэгших нь тодорхой.
Энэ хугацаанд Засгийн газрын түвшинд Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга яам, агентлагийн газар, хэлтсийн дарга гээд нийт 90 гаруй удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон юм билээ. Харин “Ковид”-ын гэх хуулийг баталснаас хойш Төрийн албаны зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтаар томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын нэрийг дурдвал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн (2020 оны тавдугаар сарын 13), Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр (2020 оны долдугаар сарын 29), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад МХЕГ-ын даргаар томилогдсон Б.Баасандорж (2020 оны есдүгээр сарын 23), Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан (2020 оны арванхоёрдугаар сарын 30), МХЕГ-аар ажиллаж байгаад ШӨХТГ-ын даргаар томилогдоод буй Т.Гантулга (2020 оны арванхоёрдугаар сарын 30), Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан (2022 оны нэгдүгээр сарын 5), Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан (2022 оны нэгдүгээр сарын 12), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл (2022 оны нэгдүгээр сарын 12), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүэн (2021 оны хоёрдугаар сарын 10) нар байна.
Мөн Төрийн албаны зөвлөл зөвшөөрөхөөс өмнө томилчихсон хэд хэдэн албан тушаалтан бий. Тодруулбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох (2020 оны наймдугаар сарын 12-нд томилсон ч ТАЗ арванхоёрдугаар сарын 28-нд тогтоол гаргасан), Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг (2020 оны наймдугаар сарын 5-нд томилсон ч ТАЗ есдүгээр сарын 9-нд тогтоол гаргасан), Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр (2020 оны наймдугаар сарын 5-нд томилсон ч ТАЗ арванхоёрдугаар сарын 14-нд тогтоол гаргасан) нар аж. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай хүчингүй болгох шалтгааныг зөвхөн төрийн албаны томилгооны хүрээнд хөндөхөд л ийм байна.
Бэлтгэсэн Б.Номин