Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг 2019 онд олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Хайр гэж…” тоглолтоо хийснээс хойш нам гүмхэн байгаа. Тэрбээр АНУ-д хэсэг хугацаанд амьдрахдаа зураглаач Д.Ангарагтай хамтран “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны продюсероор ажилласан юм. Хурдан морины уралдааны өнөөгийн уламжлалт соёл, бага наснаасаа морь уях, унах туршлагыг хуримтлуулж ирсэн монгол хүүхдийн ур чадварыг харуулсан уг бүтээл олон улсын цөөнгүй наадамд амжилттай оролцож байсан билээ. “Зөвхөн спортын тухай” буланд энэ удаа дуучин бүсгүйг онцоллоо.
-Хүүхэд байхдаа спортын төрлүүдээр хичээллэдэг байв уу?
-Намайг хүүхэд байхад олны дунд зөвхөн тамирчид л спортоор хичээллэх ёстой гэсэн ойлголт байлаа. Тиймээс урлагийнхан өнөөгийн залуус шиг тэмцээн, уралдаан сонирхож үздэггүй байсан. Тэгвэл одоо амьдарч буй нийгэм, орчин, нөхцөлөө дагаад хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, спортыг эрүүл, идэвхтэй амьдрах хэв маяг гэж үздэг болжээ. Өнөө үед дуучин, жүжигчдийг дуртай спортоороо хичээллэж, амжилт гаргавал хүмүүс нэг их гайхахгүй. Оюутан байхдаа би ОРТ сувгаар уран гулгалт, гимнастикийн тэмцээн сонирхож үздэг байв. Үеийнхээ залуустай хамт амралтын өдрөөр сагсан бөмбөг, волейбол тоглоно. Би Налайх дүүрэгт 10 жилийн сургууль төгссөн. Хоккейн мөсөн талбайд сургуулийнхаа хүүхдүүдийн тоглохыг харж, өдөржин гулгаж өнждөг байлаа.
-Таныг “Бээжин-2022” өвлийн олимпын тэмцээнүүдийг үзэж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Аль улсын тамирчдыг дэмжиж байна вэ?
-Олон орны үзэгч өвлийн олимпоор ид амьсгалж байна. Би ОХУ-ын тамирчдыг дэмжиж, уран гулгалтын тэмцээн үзэж байгаа. Тэднээс 15 настай Камила Валиевагийн амжилт, ур чадвар, мөсөн дээрх гайхамшигтай үзүүлбэрээр нь бахархсан. Оросууд шилдэг дасгалжуулагч нараа АНУ-д алдсан ч энэ спортын суурийг эх орондоо төгс хөгжүүлсэн гэдгээ тамирчдынхаа амжилтаар харууллаа. АНУ-ын тамирчид энэ удаа түрүүлэх зорилготой ирсэн ч хойд хөршийн уран гулгагчдын техник, үзүүлбэртэй эн зэрэгцэх болоогүй санагдсан. Уран гулгалт бүжгийн хөдөлгөөнүүдийг спорттой хослуулдгаараа гайхалтай. Манай гэр бүлийнхэн өвлийн олимпын тэмцээнүүдийг алгасалгүй үзэж, амжилт гаргасан тамирчдын тухай ярилцдаг болсон.
-Спининг, аргентин тангогоор хичээллэж байгаа гэсэн үү?
-Гавьяат жүжигчин С.Наран бид хоёр олон жил ойр дотно нөхөрлөсөн. Найзыгаа “N point” төвөө байгуулахад нь дэмжин, хамтран ажиллаж байна. Би 50 нас хүрлээ. Миний үеийнхэн энэ насандаа эрүүл мэндийн олон асуудалтай тулгардаг. Тиймээс бүжиг, спортын аль нэг төрлөөр хичээллэхээр шийдсэн. Аргентин танго нь эмэгтэй хүний дотоод сэтгэл, гоо сайхан, мэдрэмжийг хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргадаг. Монголд бүжгийн спортын тэмцээнд оролцдог авьяастай бүсгүйчүүд бий. Миний хувьд шинэ өглөөг эрч хүчтэй угтах дуртай. С.Нарантай хамт өглөө спинингээр, орой нь аргентин тангогоор хичээллэдэг. Дасгал, хөдөлгөөн хийсний үр дүнг бие, сэтгэлээрээ мэдрэх нь чухал. Би жин нэлээд нэмсэн. Спининг, бүжгээр анх хичээллэхэд амаргүй санагдаж билээ. Шантралгүй хичээллэх тусам биед эерэг өөрчлөлт гарч, сэтгэл өөдрөг байх болсон.
-Хүүхдүүд тань спортод дуртай юу. Хэрвээ хичээллэвэл дэмжинэ биз?
-Ууган хүү ушу, фитнес, охид минь балет, төгөлдөр хуураар хичээллэдэг. Ээжийн хувьд хүүхдүүддээ үлгэр дуурайл болох ёстой. Тэдэнтэйгээ хамт өглөө спинингийн дасгал хийдэг. Хүн дуртай, сонирхдог зүйлээсээ урам авах сайхан. Өнөөгийн хүүхдүүд эцэг, эхдээ зөв шаардлага тавьдаг болжээ. Охид минь “Та спортын аль нэг төрлөөр яагаад хичээллэдэггүй юм бэ” гэж хааяа асуудаг. Нөхөр сүүлийн үед иог хийж байна.
-Гадаадад гэр бүлтэйгээ нэг хэсэг амьдарсан. Америкчуудын амьдралын хэв маягаас хэр суралцав?
-Бид 2016 онд АНУ-ыг зорьж, хоёр жил амьдарсан. Лос-Анжелес хотод ажиллаж, амьдардаг залуус эрт босож, алхах, гүйх зэргээр дасгал, хөдөлгөөн хийгээд ажилдаа явдаг. Англи хэлний сургалтад хамт суусан үеийн залуус “Чи жингээ хас. Хүн таргалах тусам ядарч, өвчинд өртөмхий болдог. Халуун иог, боксоор хичээллэж, биеэ чийрэгжүүл” гэж зөвлөсөн. Би өмнө нь боксоор хичээллэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гадаад залуусын амьдралын хэв маягаас эрүүл, эрч хүчтэй байхад дасгал, хөдөлгөөн хэрэгтэйг ойлгосон. Тэнд байхдаа хүү минь солонгос багшийн удирдлагад ушу, охин уран сайхны гимнастикаар хичээллэсэн. Амьдрах хугацаандаа тэндхийн сайн, сайхан гэсэн бүхнийг нь олж харахыг хичээдэг байв. Гэтэл Монголд өглөө замын түгжрэл эхэлж, гүйх, алхах, дасгал хийх цагаа хүмүүс автобус, автомашинд, зам дээр өнгөрүүлж байна. Бид зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэйгээ алхдаг. Хүү минь алхах дуртай болохоор хичээлдээ машинаар хүргүүлдэггүй.
-Та фэнүүдээ эрч хүчтэй, цоглог, өөдрөг амьдрахад уриалж, урам хайрлаач?
-Найзуудаа спининг, бүжгээр хичээллэхийг уриалдаг. Тэд ч саналыг минь дэмжиж хичээллээд эхэлсэн. Хойшид уран бүтээлдээ бүжиг, фитнес гээд спорттой холбоотой зүйл оруулна. Хүн зориод хичээвэл боломжгүй зүйл гэж байдаггүй. Аз жаргалыг холоос хайх хэрэггүй, тэр бүхэн өөрийн тань сэтгэлд, дэргэд тань л байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ зэрэгцээд хөгжих боломж, орчин, нөхцөл өнөө үед нээлттэй болсон шүү дээ.