Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 дуудлага хүлээн авчээ.
Тус алба “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох” судалгааны ажлын хүрээнд авлигын хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон авлигын хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ял эдэлж буй хүмүүсийн зарим тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Мөн төрийн 12 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.