Узбекистаны Ерөнхийлөгч агсны охин Гульнара Каримовагаас хураан авсан 131 сая ам.долларын хөрөнгийг НҮБ-аар дамжуулан Швейцар улсаас авах болжээ. Хууль зүйн яамных нь цахим хуудсанд мэдээлснээр Швейцар, Узбекистан улс хэлэлцээ хийж, НҮБ-ын олон талт итгэлцлийн санг шинээр байгуулахаар хоёр тал зарчмын хувьд тохиролцсон байна. Уг сан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хураасан хөрөнгийг буцаан авах зориулалттай аж. Одоогоор дээрх 131 сая ам.долларыг буцаан олгоход бэлэн болжээ.
Г.Каримовагийн хууль бусаар гаргасан мөнгийг эгүүлэн авахын тулд Швейцар, АНУ, Франц, Орос болон бусад орны төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа Узбекистаны Хууль зүйн яам тэмдэглэв. Саяхан 10 сая долларыг Францаас Узбекистанд өгсөн гэнэ. Гульнара Каримоваг хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн хэрэгт 2015 онд буруутгаж, хоёр жилийн дараа 10 жилийн хорих ял шийтгэжээ. 2020 оны гуравдугаар сард түүний ялыг 13 жил дөрвөн сар болгон нэмсэн. Түүний гаргасан 1.3 тэрбум гаруй ам.долларыг эгүүлэн авах талаар Хууль зүйн яам нь гадаадын улс орнуудтай хамтран ажиллаж байгаа юм. 2020 оны нэгдүгээр сард Узбекистаны Ерөнхийлөгч агсны охины эрүүгийн хэргийн хүрээнд урлагийн 70 эд зүйлийг Швейцараас буцаан авахаар төлөвлөж байгаагаа хууль хяналтын байгууллагаас нь зарласан аж.