Улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барих гэж буй талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуулгасан. Тэрбээр “Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашдаа УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Иргэдийг төлөөлөхдөө мөнгөтэй, мөнгөгүй гэсэн ялгаатай байдлыг арилгаснаар илүү шударга засаглал тогтдог” хэмээн онцолсон.
Харин эл санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд үзүүлж буй үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй саад, бэрхшээлүүдийг арилгах шийдлийн хувилбаруудыг хэлэлцэх зорилготой форумыг Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өчигдөр зохион байгууллаа. “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илэйн М.Конкиевич, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа нар үг хэлж, нээсэн бөгөөд МУИС-ийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай, “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн С.Оюунтуяа зэрэг судлаач илтгэл хэлэлцүүлж, оролцогчидтой санал бодлоо хуваалцсан. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд мөнгө хамгийн их саад болж байгаатай санал нэгдсэн юм.
“Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал: Ардчилал, төлөөлөл, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөө” илтгэлээ танилцуулсан доктор Б.Эрдэнэдалай “Сонгуулийн кампанит ажлыг цаашид ч асар их мөнгөөр зохион байгуулсаар байвал яах вэ” хэмээн асуулт тавьж, “Олон улсын туршлагаас харахад эл мөнгөний зохистой хэмжээг тогтоох, бүх талын төлөөллийг хангах, санхүүжилтийг хаанаас гаргахыг тодорхой бол Ер гоход илүүтэй анхаардаг. Манайд улс төрийн санхүүжилт далд, зохицуулалт нь сул гэдгийг олон судалгаагаар нотолдог. Энэ нь санхүүгийн боломж, эх үүсвэрийн их, багаас шалтгаалан улс төрийн оролцоог нь тодорхойлж байна” хэмээн онцолсон. Мөн тэрбээр улс төрийн санхүүжилтийн хүрээнд хуулийн этгээдийн хандивыг хориглох хэрэгтэйг хэлэв. Одоогоор 40 гаруй улс хуулийн этгээдийн хандивыг улс төрийн санхүүжилтийн хүрээнд хоригложээ. Энэ тухайд доктор Б.Эрдэнэдалай “Олон улсын жишгээр бол хувь хүний хандив чухал байр суурь эзэлдэг. Хувь хүн гэдэг нь сонгогч. Өөрөөр хэлбэл, сонгогч тухайн улстөрчийг бодлогын түвшинд дэмжиж байна гэсэн үг. Харин төр бодлогын намуудыг санхүүгээр дэмждэг байх ёстой. Гэхдээ төрөөс олгож буй санхүүжилтийг бид одоогийн их мөнгөөр төсөөлж болохгүй. Намаасаа нэр дэвших эрхээ олж авахын тулд эмэгтэйчүүд, залуус их хэмжээний дэнчин төлөх болдог. Энэ нь ардчиллын суурь зарчим зөрчигдөх нөхцөлийг үүсгэж байна. Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд хандивын талаар өөр өөр зохицуулалт бий. Тиймээс ч намд сонгуулийн өмнө хандив өгсөн хуулийн этгээд сонгуулийн үеэр дахин өгсөн, эсэхийг мэдэх боломж алга. Одоо бид зөвхөн зардлын тайланг ашиглаж байна. Ардчиллын чанарыг сайжруулж, бэхжүүлэхэд улс төрийн нам чухал үүрэгтэй. Улс төрийн хүрээний, өндөр түвшний авлигыг бууруулахад ч хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед намуудын сонгуульд зарцуулж буй мөнгөн дүн маш их өссөн. Сонгуулийн дараа, эсвэл сонгууль болсон жил Монгол Улс авлигын индексээр ухардаг. Хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх, эсэхээ ч сонгуулийн дараа шийддэг болсон” хэмээн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн юм.
Дараа нь “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн санхүүжилт” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр улс төрийн орчинд эмэгтэйчүүдэд тэгш гараа, өрсөлдөөний боломж холбогдох хуулиудад байхгүйг онцолсон. Тиймээс хяналтыг сайжруулах хэрэгтэйг дурдаад, бие даан нэр дэвшигчдэд ирдэг санхүүгийн дарамтыг багасгах ёстой гэлээ. Түүнчлэн сонгуулийн ба сонгуулийн бус үеийн санхүүжилтийг өөр өөр хуулиар зохицуулж байгаа нь хийдэл, цоорхой үүсгэж буйг дурдахын зэрэгцээ эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхийн тулд квот тогтоосон нь цаашид төдийлөн үр дүнгээ өгөхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Өдгөө нэр дэвшүүлэхэд эмэгтэйчүүдийн квот ашиглаж буй 88 улс байгаагаас гадна улс төрийн намууд нь сайн дураараа хэрэгжүүлдэг 100 гаруй орон бий аж. Түүнчлэн “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын зөвлөх Ч.Сосормаа манайд квотыг босго биш, дээд хязгаар гэж харж байгаа нь гажуудал үүсгэж буйг тэмдэглэсэн. Тэрбээр мөн бодлогын намыг дэмжсэн тэтгэлгийг төрөөс олгох замаар санхүүжүүлэх боломжтойг дурдсан. Бас жендерт суурилсан санхүүжилтийн дэмжлэгийг нэр дэвшүүлэх квоттой уялдуулах нь зүйтэй гэв.
2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн хүмүүсийн нийт зардал нь 27.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд эл мөнгөн дүнгийн 40 хувийг өдгөө УИХ-д сонгогдсон 76 хүн гаргасан нь манай улс төрд мөнгөний нөлөө асар их байгаагийн нотолгоо болохыг Д.Энхцэцэг хэлж байлаа. Гэтэл тус сонгуульд 606 хүн нэр дэвшиж, 36 нь тэг дүнтэй зардлын тайлан гаргасан байдаг. Үүнээс гадна өнгөрсөн сонгуулиар МҮОНРТ-ээр нэвтрүүлсэн сурталчилгааны нийт цагийн 81 хувь нь эрэгтэй нэр дэвшигчдэд зориулагдсаныг илтгэлдээ онцлов. Тус форум бүтэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд дугуй ширээний хэлэлцүүлгийг илтгэл бүрийн дараа явуулсан нь илүү бүтээлч, шинэлэг байлаа.
Бэлтгэсэн Б.Номин