Жавар тачигнан хэн хүнгүй зузаан малгай өмсөн, ороолт руугаа тугдайн алхах энэ үед хүнсний дэлгүүрийн гадаа 3-4 дүгээр ангид суралцдаг болов уу гэмээр гурван хүүхэд зогсоно. Хоёр эрэгтэй нь малгайгүй, нэг нь бүр ороолт ч үгүй, энгэр заам нь задгай ч ихэд баясгалантай харагдав. Тэд иштэй чихэр, соруултай ундаа, бас бус зүйл барьжээ. Ярианаас нь анзаарахад охин нь нөгөө хоёртоо тэдгээрийг худалдан авч өгөөд, картаар тооцоо хийсэн бололтой. Ногоовтор өнгөтэй карт үзүүлэн “Хөдөө яваад ирсэн чинь аав өгсөн юм. Зөндөө мөнгө бий” гэхэд нэг хүү “Дараа мөнгөтэй болохоороо чамд юм авч өгнө өө” гэв. Сургуульдаа явалгүй удсан хүүхдүүд өдгөө хөөр баяртай, хүйтнийг ажрах сөхөөгүй, бас карт уншуулж тооцоо хийсэндээ бахдалтай байх шиг. Тэд бол Баянгол дүүргийн XVIII хороо дахь “Оюуны ундраа” цогцолборын бага ангийнхан. Танхимд хичээллэх таалагдаж байна уу гэж тэднээс асуух шаардлагагүй. Мэдээж “Найзуудтайгаа уулзаад гоё байна” гэж хариулах нь илт. Хүнсний дэлгүүрийн гадаах гурван сурагчийг ажиглаж зогсохоос өмнө өчигдөр 10.30 цагийн үед дээрх цогцолборын дунд, ахлах ангийнхан хичээллэдэг байр луу очсон юм. Тийшээ ормогц аргал, хомоолын үнэр ханхлаад явчихав. Адууны хөх хомоол аливаа вирус устгадаг гэдэгт итгэдэг учраас хааяа уугиулдаг гэнэ. Завсарлагааны үе таарсан тул хөл хөдөлгөөн ихтэй, спорт танхимаас халууцаж улайсан ч амны хаалттай хүүхдүүд уван цуван гарч ирж байв. Гэхдээ дунд, ахлах ангийнхны байдал хүнээс бага зэрэг жийрхүү, асуултад хариулах сурагч лав олдсонгүй. “Оюуны ундраа” бол дүүрэгтээ томд тооцогддог сургууль. Өдгөө 5000 гаруй сурагчтай, ачаалал нь бараг 2-3 дахин нэмэгдсэн, хоёр ээлжээр хичээллэж буй. Бага ангиудад нь дунджаар 45 хүүхэд сурч буйг сургалтын менежер Д.Лхамсүрэн дурдсан. Бүх шатны сургуулиуд танхимд хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан орчин нөхцөл болон багш, сурагчдын сэтгэгдэл ямар байгааг тодруулахаар “Оюуны ундраа” орсон нь энэ. Д.Лхамсүрэн “Улсын хэмжээнд хичээлийн хоцрогдол их байгааг иргэд мэдэж буй байх. Багш нартайгаа нүүр тулж төдийлөн уулзахгүй, хоёр жил зайнаас сурсан учраас бүх хүүхдэд хүнд байна. Манай сургуулийн хувьд зургадугаар ангийнхан монгол хэл, тооны хичээлээр илүү хоцрогдолтой гэж дүгнэгдсэн. Үүнээс гадна хичээл эхлээд хоёр өдөр өнгөрөхөд л нэг зүйл илт анзаарагдлаа. Дунд, ахлах ангийн зарим хүүхдийн биеэ авч яваа байдал өөрчлөгджээ. Үсээ тод ногоон, улаан өнгөөр будаж, шивээс хийлгээд ирсэн 14-15 настай сурагчид байна. Хүүхдүүд шивээс, персинг хийлгэхгүй, үсээ тод өнгөөр будахгүй гэсэн сурагчийн дүрэм бий. Үүнийг мэддэг хэрнээ тоосон шинжгүй байх юм. Мөн сэтгэл зүйн хувьд асуудал үүссэн байж болзошгүй ганц хоёр хүүхэд байна. Өнөөдөр гэхэд гурван хүүхдийн ар гэрээс хүн дуудаж уулзахаар хэлүүллээ. Хүүхдийн хичээл сурлагын хоцрогдлоос гадна зан суртахуун, биеэ авч явах байдал, сэтгэл зүйн асуудлыг бид анхаарах учиртай. Үсээ будуулж, ил харагдахуйц шивээс хийлгэсэн хүүхдүүдийг шууд загнаад болиулж боломгүй. Яривал өөр бусад асуудал ч байна” гэсэн юм.
Дээрх дүүргийн 40 дүгээр сургууль мөн л ачаалал ихтэй. Хоёр ээлжээр хичээллэн, бага анги тутмын хүүхдийнх нь тоо 40-өөс хэтэрсэн. Тус сургуулийн нийгмийн ажилтан О.Гансүхээс хичээлийг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэр хангасан, сурагчдынх нь сурлагын хоцрогдол ямар байгааг тодрууллаа. Тэрбээр “Сүүлийн хоёр жилд цахимаар хичээл тасралтгүй заасан ч хүүхдүүдийн мэдлэг, чадвар муудсан, бүх төрлийн хичээлээр хоцрогдсон нь үнэн. Бид хичээлийн хоцрогдлыг багасгахад анхаарч, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Ер нь математик, орос хэлний багш улсын хэмжээнд ховордсон гэж болно. Орон нутаг, Улаанбаатарын аль ч сургууль ийм мэргэжлийн багш ажилд авах хэрэгцээ байгаа. Үүнээс гадна дөрвөөс дээш ангийнхны эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийг өөрсдөө мэдэхгүй байх нь түгээмэл болсон. Сурагчид мэдэхгүй зүйлээ эцэг, эхээрээ заалгах, даалгавраа хамтраад хийх боломж багассан гэсэн үг. Урт хугацааны дараа танхимд хичээллэж эхэллээ, үр дүн гарах нь дамжиггүй” гэв.
Баянгол дүүрэгт байрлалтай “Номт наран” сургууль руу очив. Япон хэлний сургалттай тус сургууль цэмцгэр, саруулхан юм. 1-12 дугаар ангид нь 400 гаруй хүүхэд суралцдаг аж. 11 дүгээр ангийн сурагчаас цахим хичээл нь үр дүнтэй байсан, эсэх, ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж буйг нь асууллаа. Тэрбээр “Сургуулиа төгсөөд заавал гадаадад сурна. Сэтгэлзүйч болох зорилготой. Би “Номт наран”-д ороод гурван жил болж байна. Манай сургуулийн багш нар сурагчидтайгаа эелдэг харьцдаг. Хичээлээ ч сайн заадаг. Цахимаар хичээллэхэд төдийлөн төвөггүй байсан. Бид 08.00-16.00 цагт хичээллэдэг учраас ойлгоогүй зүйлээ мэдэж авах цаг ихтэй” гэв. Дээрх сургуулийн сэтгэлзүйч Д.Цолмон “Хичээлийн хоцрогдлын талаар ярихаас дутуугүйгээр хүүхдүүдийн сэтгэл зүй, зан авирт анхаарах шаардлагатай болсон. Ялангуяа бага буюу таваас доош ангийнхан бусдад өөрийгөө ойлгуулах, юу мэдэрч, хүсэж буйгаа илэрхийлэхдээ ядмаг байна. Хоёр жил гэртээ байсны нөлөө байх. Ахлах ангийнхан болон шилжилтийн насныхан харьцангуй гайгүй байгаа нь интернэтээр ч болов найзуудтайгаа харьцаж байсных болов уу. Тиймээс эцэг, эхчүүд, багш нар хүүхдүүд, сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, шаардлагатай бол мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдүүд их стресстэй байгаа тул цагийг нь зөв хуваарилах, эрт унтуулах, гар утасны хэрэглээг нь багасгавал зохино” гэлээ.
Хан-Уул дүүргийн 130, Чингэлтэйн 23, 24 дүгээр сургуулийн багш нараас ажлын ачаалал их, сурагчид нь бухимдалтай, зожиг болсон, мөн интернэтийн хурд бага байгаа тухай дурдсан цөөнгүй байлаа. 130 дугаар сургуулийн нэгэн багш “Би дөрөвдүгээр анги дааж авсан. Манай анги 47 сурагчтай. Цахим, танхим аль ч хэлбэрээр хичээллэсэн ачаалалтай. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулга их, судлах хичээл олон болсон нь багш, сурагчдад бараг дарамт болж буйг нуухгүй. 7-12 дугаар ангийнхан 17-20 хичээл судлан, өдөр бүр зургаан цаг хичээллэдэг. Бага, дунд ангийнхны судалж буй хичээлийн тоо ч сүүлийн 5-7 жилд багадаа 30 хувиар өссөн. Багш нар олон зүйлийг богино хугацаанд заах болдог. Миний бодлоор дунд сургуульд судлах хичээлийн тоог цөөрүүлж, агуулгыг танах хэрэгтэй. Хэтэрхий нуршуу, олон зүйлийг хамруулсан агуулгаас болж хүүхдүүд аль нэг хичээлд мэргэших боломжгүй, өөрсдийгөө олж танихад хүндрэлтэй болсон” гэв.