“Та регистрийн дугаараа хэлнэ үү”, “Гэрийн хаяг хаана вэ” гэх зэргээр хэн нэгэн таны хувийн мэдээллийг шууд авах эрхгүй. Таны хувийн мэдээллийг авахын тулд эхлээд зорилгоо заавал хэлж, юунд ашиглахаа тодорхой илэрхийлэх ёстой. Үүний дараа та бичгээр зөвшөөрөл өгвөл хувийн мэдээллийг тань авч болно. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр эрх зүйн ийм боломж бүрдэх юм. УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан уг хуульд юуг хүний хувийн мэдээлэл гэж үзэх, аль нь хувийн нууцад хамаарахыг тусгасан. Бас иргэн хувийн мэдээлэл болон нууцаа хэрхэн хамгаалах талаарх зохицуулалтыг бий болгосон. Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр иргэн хувийн мэдээллээ хамгаалах, дуртай нэгэнд нь үүнийгээ өгөхгүй, татгалзах эрхтэй болно.
Хуулийн талаар тодруулахад, хүний хувийн мэдээлэлд тухайн иргэний өөрийн болон эцэг, эхийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, хөрөнгө, и-мэйл хаяг зэргийг хамруулжээ
Эдгээр мэдээллийг хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглахыг уг хуулиар хориглосон. Харин хүний эмзэг мэдээлэл буюу хувийн нууцад үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал, харилцаа, генетик болон биометрик мэдээлэл (хурууны хээ), ял эдэлсэн, эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хамруулсан байна. Зайлшгүй шаардлагагүй тохиолдолд хүний эмзэг мэдээллийг аль ч байгууллага, аж ахуйн нэгж авах хориотой.
Гэтэл аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг ажилд авахдаа хүний эрхийг илт зөрчиж, хувийн бүх мэдээллийг нь авдаг. Төрийн албан хаагчийн гэх тодотголтой есөн хуудас анкетаараа дамжуулан ийнхүү мэдээлэл цуглуулдаг. Товчхондоо, “Ажилд ормоор байвал үүнийг заавал бөглө” гэх маягаар тулган шаарддаг. Ерөнхий боловсролын сургуулиуд хүртэл сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчийн бүх мэдээллийг хамруулсан анкетыг албадлагаар шахам бөглүүлж авдаг. Энэ үйлдлийнх нь зорилго тодорхойгүй. Түүний дотор тухайн гэр бүлийн сарын орлогыг “сонирхсон” асуулт ч байх жишээтэй. Ийнхүү гэр бүлийн бүх мэдээллийг авах нь хүүхдүүдийн нэг хэсгийг ялгаварлан гадуурхах, эсвэл заримд нь давуу байдал олгох шалтгаан болсоор буй.
Манай улсад өдгөө түгээмэл ашиглаж буй анкетуудад хувь хүний нууц мэдээллүүдийг хүртэл авахыг эрээ цээргүйгээр шаардсан “жишиг” байна. Хамгийн сонгодог жишээ болох төрийн албан хаагчийн анкетад л гэхэд “Үндэс, угсаа” гэсэн хэсгийг заавал бөглөхөөр оруулжээ. Түүнчлэн ажил горилогчийн гэр бүлийн бүх гишүүний, хамаатан саднуудынх нь хүртэл эрхэлдэг ажил, утасны дугаарыг бичихийг албадсан байна. Тийм учраас эл анкетыг нэн даруй шинэчлэх шаардлагатай талаар “Номин энд адвокатс” ХХН-ийн хуульч Б.Түшигжаргал хэллээ. Тус байгууллага нь хувь хүний нууц, хувийн мэдээллийг хамгаалах харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны болон практик судалгааг хийсэн юм. Тэрбээр “Төрийн албан хаагчийн анкет болон хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлыг судлахад хоёр зүйл ажиглагдлаа. Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн анкет дахь “Үндэс, угсаа” гэсэн хэсгийг заавал бөглөх шаардлагатай байдаг. Гэтэл энэ нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар бол зөвхөн хязгаарлагдмал үндэслэлээр цуглуулж болох эмзэг мэдээлэл буюу хувь хүний нууцад хамаарч байна. Тодруулбал, ажил олгогч тухайн хүнээс зөвшөөрөл аваад ч энэ мэдээллийг цуглуулж, боловсруулж болохгүй. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийн анкет дээрх мэдээллүүдийг яагаад авах шаардлагатай, тэдгээрийг ямар зорилгоор цуглуулж, яаж хадгалж, боловсруулах тухайгаа ил тод бичих ёстой. Жишээлбэл, гэр бүлийн бүртгэлд байхгүй, төрөл садны бусад хүний мэдээллийг авах хэсэг төрийн албан хаагчийн анкетад бий. Энэ мэдээлэл төрийн албан хаагч болоход яг ямар хэрэгтэй нь тодорхойгүй” хэмээлээ.
Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн бараг Япон даяар буюу Токиогоос бусад бүх мужийн сургуулийн хүүхдүүдийн анкетаас “хүйс” гэсэн хэсгийг хасжээ. Хүйсээр ялгаварлан гадуурхах үзлээс сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авсан байна. Түүнчлэн зарим улсад гуравдагч буюу X хүйсийн тэмдэглэгээг анкетуудад тусгадаг болжээ. Манай улс ч үүний адил анкетаасаа “хүйс” гэсэн хэсгийг хасах ёстойг хуульч, судлаач Л.Галбаатар хэлэв. Ийм үндэслэл, хууль, эрх зүйн орчин бүрдсэнийг тэрбээр онцоллоо. “Төрийн албаны тухай хуулийн 15.1-т “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь төрийн албан хаагчийн овог, эцэг (эх)-ийн нэр, нэр, түүний эрхэлсэн албан тушаал, ажлын үр дүнтэй холбогдсон мэдээллийг агуулна” гэж заасан. Үүнээс өөр мэдээллийг хувийн хэрэгт авах ёсгүй гэсэн үг. Гэвч төрийн албан хаагчийн анкетад дээрх хуульд зааснаас илүү их мэдээлэл тусгасан байдаг. Мөн “Хүйс” гэсний ард эрэгтэй, эмэгтэй аль нь болохыг үгээр бичнэ” гэж анкет бичих санамжид заасан. Тэгэхээр трансжендер хүмүүс дээрх анкет дахь “хүйс” гэсний ард юу бичих талаарх сонголт байхгүй. Үүнээс гадна Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9.1-т хүйсийн баримжаа, илэрхийлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан. Тиймээс анкетад “хүйс” гэсэн хэсэг байх шаардлагагүй болсон гэсэн үг. Үүнээс гадна хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой бусад мэдээлэл буюу гэр бүлийн байдал, садан төрлийн хүмүүс, зайлшгүй үед холбоо барих хүний утасны дугаарыг төрийн албан хаагчийн анкетад бичихийг шаардаж байгаа нь зохисгүй. Иймд Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам, төрийн албан хаагчийн анкетыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай” гэж Л.Галбаатар хэлэв.
Төрийн албан хаагчийн анкет хэмээх “жигтэй” зүйл ийм маягаар хүний хувийн бүх мэдээлэлд халддаг, тэр битгий хэл садан төрлийн холбоотой хүмүүсийнхээ талаар ч тайлагнахыг шаарддаг, үеэ өнгөрөөсөн асуултуудтай. Тодруулбал, хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж, ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлдэг зүйлүүдийн нэг нь энэ. Гэтэл уг анкетыг зөвхөн төрийн албаныхан бус, хувийн хэвшлийнхэн ч ашиглаж, ажилтнуудаараа бөглүүлдэг жишигтэй. Түүгээр ч зогсохгүй цагийн ажилтан авахдаа хүртэл үүнийг бөглүүлж, хувийн бүх мэдээллийг нь үндэслэлгүйгээр цуглуулдгийг шүүмжлэх хүн ч бий. Тэгээд байгууллага, аж ахуйн нэгжүүд хүний хувийн мэдээллүүдийг хэрхэн хадгалж, хамгаалдаг, бас тухайн хүн ажлаас гарсны дараа устгадаг, эсэх нь тодорхойгүй.
Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс уг анкетыг боловсруулж, баталдаг аж. Тус зөвлөлөөс хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сарын 31-нд үүнийг шинэчлэн баталсан байна. Гурван жилийн өмнө баталсан уг анкетыг өдгөө улс даяараа ашиглаж буй гэсэн үг. Энэ нь А, В гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд нийт есөн хуудастай. В хэсэгт нь тухайн иргэний ажил эрхлэлттэй холбоотой мэдээллүүдийг агуулдаг. Харин А буюу тэргүүн хэсэг нь голчлон хүний хувийн мэдээллийг агуулсан байх юм. Уг хэсэгт иргэний овог, нэрээс эхлээд оршин суугаа газар, гэр бүлийн байдал, садан төрлийн холбоо, хүйс зэргээр хувийн хэт олон мэдээллийг бичүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, таны болон гэр бүлийнхний тань бүх мэдээлэл аль нэг байгууллагын удирдлага, эсвэл хүний нөөц хариуцсан ажилтных нь ширээн дээр “хэвтэж” байна гэсэн үг.
Төрийн албан хаагчийн анкетад саяхныг хүртэл “Нийгмийн гарал” гэдэг асуулт байв. Монгол Улс Үндсэн хуульдаа иргэнийг нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн агуулгыг тусгасан. Тэгсэн хэрнээ ажилд авахдаа нийгмийн гарлаар нь буюу сэхээтэн, малчин, ажилчин гэх мэтээр ангилж байв. Үүнийг нь ч олон хүн эсэргүүцэж байлаа. Ямартай ч Төрийн албаны зөвлөлийнхөн асуудлыг арай гэж ойлгон, алдаагаа ухамсарласан юм уу, 2019 онд анкетыг шинэчлэхдээ “Нийгмийн гарал” гэх хэсгийг хасжээ.
Ийнхүү анкетыг шинэчилсэн нэртэй боловч “Нийгмийн гарал” гэдгээс төдийлөн ялгаагүй, мөн л иргэдийг илт ялгаварлан гадуурхсан агуулгатай бас нэг асуулт өдий хүртэл байсаар буй нь “Үндэс, угсаа” юм. Үндсэн хуульд мөн л иргэдийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Хамгийн хачирхалтай нь ажилд орох гэж буй иргэдийн үндэс, угсаа, нийгмийн гарал нь тухайн ажил олгогчид ямар хэрэгтэй нь огт ойлгомжгүй. Харин ч ажилтан нийгмийн гарал, үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж буй хандлагатай нүүр тулж болзошгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6.1-т ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал зэргээр нь шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхахыг хориглохоор тусгасан. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд буй ч өдий хүртэл төрийн албан хаагчид “Үндэс, угсаа” гэдэг хэсгийг бөглөсөөр л байгаа нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү. Үүний талаар Төрийн албаны зөвлөлийнхнөөс лавлахад “Анкетыг шинэчилж байгаа” гэдгээс өөр дорвитой хариулт өгсөнгүй. Бас ашиглахаа больсон гэх регистрийн дугаарыг анкет дээрээс хасахгүй байлгаад л байх уу зэрэг олон асуулт хариултаа хүлээж буй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд гурав хүрэхгүй сарын хугацаа үлдээд байхад Төрийн албаны зөвлөлийнхөн өдий хүртэл анкетыг шинэчлээгүй, цаашид хэрхэх нь ч тодорхойгүй байна.
Олон улсад, ялангуяа хүний эрхийг дээдэлдэг оронд хүний хувийн мэдээлэл, нууцад маш болгоомжтой, хүндэтгэлтэй ханддаг жишиг нэгэнт тогтсон. Цаг үеэ дагаад манай улс ч энэ жишгийг нэвтрүүлэх шаардлагатай нь алхам тутамд харагдаж байна. Үүнийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин нь бүрдчихээд байхад яагаад гараа хөдөлгөхгүй байна вэ.
Бэлтгэсэн М.Оч