Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Л.Номинг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 12-ныг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын 5656 хэрэгт хяналт тавьж, 509-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэдний дотор байгаль орчны эсрэг 16, авлигын зургаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гурван хэрэг багтсан гэнэ. Авлига, албан тушаалын хэргүүдийн нэг нь дээрх Л.Номин нарт холбогдох үйлдэл.
Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж, албан томилолтын төсөв баталж, ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.Сувдаа, хуулийн ажилтан Б.Болортогтох, аудитор Г.Баярмагнай нарын дансанд 500-700 мянган төгрөг шилжүүлж, өөртөө 1.2 сая шахам төгрөг олгожээ. Гэвч уг томилолтдоо явалгүй, мөнгийг нь завшиж, дээрх аймгуудад ажилласан мэт тайлан, санхүүгийн баримт бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, дээрх дөрвөн албан тушаалтныг Эрүүл мэндийн даатгалын санд гурван сая шахам төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.