Хүйтний ам цаашлах хараахан болоогүй ч нарны илч нэмэгдэн, хором хормоор өдөр уртсаж, уулын энгэр ээвэр газарт цас цоохортсон хаврын тэргүүн сар. Хаврын тэргүүн сар гарахтай зэрэгцэн хөдөөд мал төллөн, нялх төлийн дуу цангинаж эхэлдэг. Монгол Улсын аварга фермер хэмээх хүндтэй алдрыг хүртсэн, Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн малчин Б.Энхбаярынд өнгөрсөн пүрэв гарагт очиход хар тарлан үхрээс нэг нь дөнгөж тугаллав хэмээн “амьсгаа дээр” байлаа. Энэ жилийн Цагаан сарын шинийн 1-нд Б.Энхбаярыг Улсын аварга цол, тэмдгээ гардан авч байх үед нь мөн нэг үхэр нь тугаллаж сандаргасан гэнэ. Зөвлөх малзүйч тэрбээр гоёлын дээлээ өмсөөд, улаан туузаа (Улсын аваргын энгэрийн тууз) зүүгээд тугалаа мэнд авахаар “ноцолдсон” юм байна. Шинийн 1-ний билэгт өдөр, аваргын тэмдгээ гардах үед тугалласан үхрийнхээ шаргал уургаар биднийг дайлж, угтсан Б.Энхбаяр болбоос хар тарлан үхэр өсгөх, сүү бэлтгэх чиглэлээр 30 гаруй жил ажиллаж буй нэгэн. Ховдын Чандмань сумд төрж, өсөн аймгийнхаа Хөдөө аж ахуйн техникумыг 1986 онд зоотехникч буюу малзүйч мэргэжлээр төгсжээ. Шинэ, залуу мэргэжилтнүүдийг тухайн үед энд, тэнд томилж ажиллуулдаг байсан жишгээр Борнуурын сангийн аж ахуйн Өнжингийн фермд хуваарилагдсанаас хойш өдгөө 35 он улирч, ХААИС-ийг төгсөн, зөвлөх малзүйч ч болж амжжээ. Б.Энхбаярын гэргий Б.Сүх-Очир ч малзүйч. Тэднийх хар тарлан 50 орчим үхэртэй. Ийм үхрийг анх 1976 онд Германаас Монголд авчирч, нутагшуулсан аж. Сангийн аж ахуйн үйл ажиллагаа ид жигдэрсэн 1980-аад онд Өнжингийнхөн нэг үнээнээс нэг саахдаа 38 литр сүү авч, хосгүй амжилт ч үзүүлж байж. Өдгөө Б.Энхбаярынх үнээнээс нэг саамаар 13 орчим литр сүү авдаг гэнэ. Өвөл ийм хэмжээтэйг, зунд илүү ихийг саана. Сүүлийн таван жилд жил бүр дунджаар 60 гаруй тонн сүү нийлүүлжээ. Харин өнгөрсөн онд 45 тонныг бэлтгэсэн аж.
Ер нь фермер өрхүүд нүүж суухгүй. Үхрээ бэлчээх боловч тун сайн харж “манана”. Хэрэв мал нь жирийн үхэртэй “нийлж” орхивол үүлдэр алдагдах аюултай. Тиймээс Борнуур сумын төвөөс 10 гаруй км-ийн зайд, дээр дурдсан Өнжингийн фермийн туурь орчимд Б.Энхбаярынх төвхнөөд олон жил болжээ. Зоорийг нь оролцуулбал гурван давхар байшин, төрөл бүрийн техник хэрэгсэл байрлуулсан том хашаа, үхрийн хороо, худаг, тэжээлийн байр зэргээ сайхан тохижуулсан байв. Үхрийн аж ахуй эрхлэхэд явдал учир ихтэй гэнэ. Наанадаж тэжээл, хадлангаа өөрсдөө бэлтгэхгүй бол зардал их гарч, ашиггүй байх магадлалтай аж. Өвлөөс бусад улиралд 05.00-00.00 цагийн хооронд ажиллах энүүхэнд. Үхэрт юу идүүлэх, ямар тэжээл нэмж өгвөл илүү ашигтайг байнга харж, шинждэг гэсэн. Үхрийн насжилт, сүүний гарц болон бусад түүхий эдийн чанар, хэмжээ нь идэш, тэжээл, маллагаанаас шууд шалтгаалдаг тул хүнтэй харьцаж буй мэт няхуур хандах учиртайг Б.Энхбаяр онцолсон. Тэдний үхэр бэлчээрийн өвс идэхээс гадна ногоон болон багсармал тэжээл, улаан буудайн шаар, хужир зэрэг багадаа 10 төрлийн бүтээгдэхүүн “зооглодог”. Үхрийн хороог цахилгаанаар халаадаггүй ч сайтар дулаалсан, мөн малын халуун амьсгаа нөлөөлж пүн хийж байдаг. Үхрээ зунд саалтуураар, өвөлд гараар саана. Туслах малчин ажиллуулж байсан ч тухайн хүн нь шаардлага хангаагүй тул одооөөрсдийн хүчээр л аж ахуйгаа эрхэлж буй юм билээ.
Өөрсдийн хүчээр гэдэг нь эхнэр, нөхөр хоёр. Хүүхдүүд нь тусдаа гарч, гадаадад сургуульд явсан учраас хоёулаа үлдсэн бөгөөд заримдаа ач нар нь ирж тусална. Бүл цөөнтэй болохоор үхрээ 50-иас илүү тоогоор өсгөхийг хичээдэггүй гэсэн. Түүнчлэн олон үхэртэй байх тусам ажил ихсэн, үүлдэрлэг чанар муудах магадлалтай гэнэ. Ер нь хагас эрчимжсэн нэг фермд 50-60 үхэр маллавал зохимжтой аж.
Манай орон бол өргөн уудам бэлчээр нутагтай. Тиймээс хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлбэл нэг малаас авах ашиг шим өндөр гарахын зэрэгцээ түүхий эд нь цэвэр, экологийн шинж чанартай байх боломжтойг Б.Энхбаяр дурдсан. Түүнчлэн байранд малладаг үхрийг хүйтний улиралд ч өдөр бүр гарган бэлчээх ёстой аж. Ингэснээр мал нарны энерги болон Е аминдэм авахаас гадна агаарлаж буй хэрэг гэнэ. Улсын аварга фермер түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Анх хэдэн үхэртэйгээр аж ахуйгаа эхлүүлж байв?
-1992 онд долоон охин тугал авч ажлаа эхлүүлж байлаа. Үхрийн тоо толгойг 100 давуулж ч үзсэн. Өвс, тэжээл их шаардаж, ажил нь нэмэгдэх юм билээ. Сүүлийн жилүүдэд 50 орчимд тоог нь барьж байна.
-Үхрийнхээ идэш тэжээл, маллагааг зөв тохируулбал хэдэн ч литр сүү саах бололцоотой юу. Хамгийн ихдээ өдөрт хэдэн литр сүү авч болох вэ?
-Нэг саамаар буюу нэг удаад 60 литр сүү өгдөг үнээ гадаадын орнуудад бий. Ийм их хэмжээний сүү авахын тулд химийн гаралтай тэжээл өгч байснаас дэлхий нийтээр татгалзах болсон. Ер нь малынхаа үүлдэрлэг чанарыг алдахгүй, зөв арчилж өсгөж байхад түүхий эдийн хэмжээ чухал биш. Чанарлаг мал хангалттай ашиг өгнө гэсэн үг. Манайх экологийн цэвэр сүү нийлүүлэхийг л хичээдэг. Үхэр бэлчээрээс 1200 төрлийн өвс идэн, нэмэлтээр ногоон болон хүчит тэжээл, багсармал, хужир хэрэглэж зохих аминдэмээ авч буй. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн чанартай, их хэмжээтэй сүүг бид бэлтгэлцдэг хэрэг. Тиймээс ч манайх “Сүү” компанийн гурав, “Монфрэш”, “Витафит”-ын аварга бэлтгэн нийлүүлэгч өргөмжлөлийг нэг нэг хүртсэн.
-Ямар шалгуураар улсын аварга фермер болов. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу.
-Малынх нь ашиг шимт байдал, бэлтгэсэн түүхий эдийн хэмжээ аварга болох нэг шалгуур болдог юм билээ. Тооцож үзэхэд манайх 30 гаруй жилд 1.2 сая гаруй тонн сүү нийлүүлжээ. Хагас эрчимжсэн буюу бэлчээр, байран маллагаа хослуулан үхрээ тэжээх зорилго анхнаасаа өвөрлөсөн. Мөн малын хээлтүүлэг, үржүүлгийг хийхдээ онцгой анхаарч, үүлдэрлэг байдал, сүүт чанарыг нь алдахгүй байхыг хичээдэг. Үүнээс гадна манайх Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутнуудтай хамтран ажилладаг гэхэд болно. Манайд дадлага хийн, туршилт явуулж хоёр доктор, гурван мастер, бакалавр зэрэгтэн 15, хээлтүүлгийн технологич 40 гаруй төгссөн. Нэг зун хамгийн ихдээ 100 илүү оюутан хүлээн авч, үхрийн аж ахуй эрхлэх, үүлдэр сайжруулах, үржил селекц хийх чиглэлээр дадлага хийлгэж байлаа. Мал аж ахуйд шинжлэх ухаан нэвтрүүлэх, орчин үеийн ололт амжилтыг ашиглах сан гэж би үргэлж хичээдэг. Туслах малчин ажиллуулж, цалинжуулж болно. Гэхдээ ажлаа одоохондоо өөрсдөө нугалж болоод байгаа учраас төдийлөн шамддаггүй. Хамгийн гол нь би малзүйч, малын эмч, хээлтүүлгийн болон биотехнологич мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Ийм зүтгэлийг минь ч төрөөс үнэлсэн болов уу. Малзүйч бол малын “амьдрал”-ын бүхий л үеийг хянан, үүлдэр, яс чанар, таваарлаг байдал, хээлтүүлэг болон үржил, улмаар түүхий эдийн шинж чанар, найрлагад хяналт тавьдаг мэргэжилтэн юм. Ийм цогц мэдлэг бүхий мэргэжилтнийг бэлтгэхэд практик тун чухал учраас эндээ судалгааны жижиг объект бүрдүүлэх сэн гэж хичээдэг гэв.
Б.Энхбаярын хашаанд 2016-2017 онд ХААИС-ийн багш, оюутнууд гэр лаборатори түр байгуулан, нэг үхрийн үрээс дөрвөн үхэрт суулган, ашиг шимт таван төл хүлээн авах туршилт хийжээ. Эрдэм шинжилгээний туршилт, практик хослуулсан эл ажлыг гардан гүйцэтгэгч нь докторын зэрэг хамгаалсан юм байна. “Үхрийн хээл шалгах аппарат гэдэг чинь “Ланд круйзер” автомашинаас үнэтэй. Лабораторийн гэрийг цэвэр “ариун” байлгах, түүгээр орж, гарах гэж бид коронавирусээс сэргийлэх хувцаснаас хэд дахин илүү битүүмжлэлтэй, цав цагаан хувцас өмсөж байв шүү” хэмээн тэрбээр бахдан ярьсан юм.
Сурвалжилгын эхэнд дурдсанчлан Б.Энхбаярын хашаагаар дүүрэн техник, хэрэгсэл байдаг. Өвс хадагч 4-5 бий бөгөөд хадагчид бэхлэх тармуур, преслэгч зэргийг өөрөө “монголчилж” хийжээ. Преслэх өвснийхөө хэмжээг нэмэгдүүлж, ороолтыг нь өөрчилснөөр бага цагт, их өвс бэлтгэх боломж бүрдсэн гэсэн. Ногоо тарьдаг, тариалан болон фермийн аж ахуй эрхэлдэг иргэддээ Борнуур сумын захиргаанаас хадлан, тариалангийн газар эзэмшүүлжээ. Үүний үр дүнд Б.Энхбаярынх 30 га-гаас хадлан хийх болж голдуу улаан буудай тарьж, ногоон тэжээл бэлтгэж байна. Мөн тэднийх худаг, тэжээлийн станцтай, цахилгаан саалтууртай. Тэдгээрийг Өнжингийн сангийн аж ахуйн үед хэрэглэж байсан ч өдий болтол аригтай ашиглахад эздийнх нь хичээл зүтгэл нөлөөлсөн аж. Тэжээлийн станцын тоног төхөөрөмжийг засаж, тордсон, саалтуурыг сэлбэн хэрэгцээндээ тохируулж бэлтгэсэн учраас тэр гэнэ. Ер нь Б.Энхбаяр, Б.Сүх-Очир нарыг ажилсаг, хичээнгүй, гарын дүйтэй гэдгийг сум, багийн удирдлага нь онцолсон.
Б.Энхбаярын гурван давхар байшингийн нэг давхрын зочдын өрөөний хоймор хэсэгт одон тэмдэг, аваргын тууз, мөнгөн бүслүүртэй зандан хувин тэргүүтэнг хүндэтгэн өржээ. Тухайлбал, жил бүр улсаас зохион байгуулдаг гойд ашиг шимтэй малд олгодог медаль гэхэд 11-ийг эгнүүлэн өлгөсөн байв. Малын гойд ашиг шимийг үнэлэхдээ тухайн нөхцөлд шууд саасан сүү болон нийт нийлүүлсэн түүхий эдийн хэмжээгээр тооцдог аж. Хөдөлмөр хүнийг үргэлж шагнадаг, хөдөлмөрч хүн шинийг сэтгэн, бусдаас түрүүлж алхан, алдар хүндийн суудалд хүндэтгэн залагддаг номтой. Үүний үлгэр жишээ болсон айл Борнуур сумд аж төрж байна
Бэлтгэсэн С.Цэрэндулам