Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагчийн тушаалаар томилогдсон "Сэтгэл зүйн хангалтын бүлэг" Зэвсэгт хүчний ангиудад ажиллаж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд сэтгэлзүйчид Зэвсэгт хүчний 084, 350 дугаар ангиудад ажилсан байна.
Тус бүлэг Тусгай хүчний цэргийн командлалын нэгтгэл, ангийн нийт бие бүрэлдэхүүнд "Хүн төвтэй хөгжил" шинэ хандлагыг төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн өнөөгийн байдал, бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийх зорилготой аж. Хөдөлгөөнт бүлгийн гишүүн Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, сэтгэл зүйч Б.Нансалмаа "Байгууллага, хамт олны хөгжилд сэтгэл зүйн нөлөөлөл, сэтгэцийн эрүүл мэнд, стресс менежмент сэдвээр, "Энэрэл" коллежийн дэд захирал А.Уянга "Би хэн бэ?, Өөрийгөө таних нь" сэдвүүдээр сонирхолтой яриа таниулгыг хийж, сонирхсон асуултанд хариулжээ. Мөн Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн ахлах офицер хошууч Э.Ганбаяр, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн соёлын төвийн дарга ахлах дэслэгч Н.Дэлгэрмаа нар бие бүрэлдэхүүнээс сэтгэлзүйн сорил судалгаа авах аж.
Тус хөдөлгөөнт бүлэг нь цаашид Тусгай хүчний цэргийн командлалын нэгтгэл, ангиудаар хуваарийн дагуу ажиллах юм.