Нийслэлийн дийлэнх шатахуун түгээх станцад өчигдөр АИ-92 шатахууныг 2290 төгрөгөөр борлуулж эхэллээ. Энэ нь өмнөх өдрийнхөөсөө литр тутамдаа 50-55 төгрөгөөр нэмэгдсэн дүн болов. АИ-92-ын үнэ өсөх ямар шалтгаан үүссэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас лавлахад ОХУ бүх төрлийн шатахууныхаа хилийн үнийг өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх сарынхаасаа тонн тутамдаа 86-94 ам.доллароор ахиулсан. Мөн хилийн үнэ нэгдүгээр сарынхаас энэ сард ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн учраас аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ ханшийг өсгөсөн болов уу гэв. Түүнчлэн ялангуяа АИ-92-ын үнийг “бариулах” боломжгүй, зах зээлийн зарчим баримтална гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснийг АМГТГ-аас дурдлаа. АИ-92 шатахууны үнэ 2021 онд улсын хэмжээнд литр тутамдаа дунджаар 750 төгрөгөөр нэмэгдсэн билээ. Харин дизелийн түлш, АИ-95 автобензиний үнэ одоогоор өөрчлөгдөөгүй байна.
Бэлтгэсэн С.Дулам