Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо саяхан Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах тогтоол гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, ажлын дэд хэсгийн гишүүд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газруудад ажиллалаа. Ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт байрлах Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харьяа “МС Тереза эх" -ахмад настны асрамжийн төв, Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Батгэрэлт ирээдүй” ТББ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт очиж үйлчилгээний нөхцөл байдал, асруулагчдын асаргаа сувилгаа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгжилтийн явц цаашид тулгамдаж буй асуудалтай танилцан, асруулагч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа. “МС Тереза эх" ахмад настны асрамжийн төв 21 асруулагч, 12 ажилтантай бол “Батгэрэлт ирээдүй“ ТББ-ын дэргэдэх асрамжийн газар 58 асруулагч, 16 ажилтантай аж. 2011 оноос эхлэн "Батгэрэлт ирээдүй" ТББ-ын дэргэдэх асрамжийн газарт улсын төсвөөс асруулагчдын хоол хүнс, хувцас зөөлөн эдлэл, ариун цэврийн хэрэгслийн зардлын норматив 120 гаруй сая төгрөгийг санхүүжилтийг сүүлийн 3 жилд олгожээ. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/188 “Зардлын норматив шинэчлэн батлах тухай” тушаалаар нормативт зардлын хэмжээг шинэчлэн баталсантай холбогдуулан 2022 онд санхүүжилтийн хэмжээг өмнөх оныхоос 2 дахин нэмэгдүүлэн олгохоор төсөвт тусгасан байна. Асруулагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах, асрамжийн байрыг шинэчлэх, төвийн халаалалтад холбох зэрэг тулгамдаж буй асуудлуудаа танилцуулжээ. Ажлын хэсэг эдгээр асуудалд анхаарч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах юм.