Иргэд энэ сараас эхлэн дулаан болон ус ашигласны төлбөрөө өөрсдөө төлж эхэлсэн. Өмнө нь “Ковид”-ын хуулийн дагуу хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцаж байв. Тэгвэл өнгөрсөн сарын ус, дулааны хэрэглээний төлбөр өмнөхөөс илт өслөө гэж иргэд мэдээлэх болсон. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад усны үнийг нэмсэнтэй холбон тайлбарласан юм. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлдөг хүчин зүйлс болох валютын ханш, инфляц, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт зэргээс шалтгаалан үнэд зохицуулалт хийх шаардлага тулгарч буй. Тиймээс өнгөрсөн онд усны үнийг нэмэх шийдэлд хүрсэн” гээд зохицуулалтыг дараах байдлаар хийснээ тайлбарлав. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдийн ахуйн хэрэглээний цэвэр усыг 36, бохир усыг 29 мөнгөөр нэмжээ. Ингэснээр цэвэр усны үнэ литр тутамдаа 1.07, бохирынх нь 0.87 төгрөгт хүрсэн байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээний цэвэр усыг 69, бохирыг 60, ус түгээх байрны тарифыг 91 мөнгөөр нэмжээ. Үүний дүнд цэвэр усны литр тутмын үнэ 2.07, бохирынх нь 1.80 төгрөг болжээ. Мөн нэг литр усыг түгээх байрнаас 1.82 төгрөгөөр борлуулж эхэлсэн гэнэ. Уг нэмэгдлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн аж. Түүнчлэн Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Төв, Увс, Ховд аймаг болон УБТЗ-ын ангиудын усны үйлчилгээний тарифт өөрчлөлт оруулжээ. Үүнээс гадна цаашид дулааны үнийг нэмэхээр төлөвлөсөн бөгөөд шинэчилсэн тарифыг ирэх зургадугаар сараас мөрдүүлэх гэнэ.
Бэлтгэсэн Р.Жаргал