Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлтэй холбоотой дуулиан ойрын өдрүүдэд олны анхаарлыг татсаар байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-ынхан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамаатуулсан 52 зээл нь тус банкны тухай хууль, зээлийн бодлогын баримт бичигт нийцүүлж олгосон, эсэх, зээл өгсөн албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал бий болгосон, үгүй, төрд хохирол учруулсан, эсэхийг шалгуулахаар хандсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Үл хөдлөх 186 хөрөнгө, тээврийн 124 хэрэгсэл, үйлдвэрийн барилга, ашигт малтмалын лиценз тус бүр нэг, арилжааны банкууд дахь 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор иргэдэд анхааруулахад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр болон бүртгэлийн маргаантай, хуулийн байгууллагаас хязгаарлалт хийсэн, эсэхийг нь сайтар судлаарай. Жишээ дурдахад “Бишрэлт групп”, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоны төслийн хөрөнгөөс есөн блок барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа бөгөөд хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон” гэв.
Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан ч чанаргүй, хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн нэрийг АТГ цахим хуудсандаа байршуулахаар болсныг ч мэдэгдсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэгдмэл сонирхолтой компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан, тухайн банканд удирдах албан тушаал хашиж байсан төрийн түшээдийг ч шалгаж болзошгүйг энэ үеэр мэдээлсэн юм.
Ташрамд дурдахад, Хөгжлийн банкны захирлуудын олгож байсан зээлийн хэмжээний талаарх мэдээлэл бидэнд байна. Тухайлбал, тус банкийг удирдаж байсан БНСУ-ын иргэн Ким Жан Жин 2011 оны есдүгээр сараас 2013 оны тавдугаар сарын сүүлч хүртэл 500.7 тэрбум төгрөг шууд олгосон бол хөтөлбөрийн зээл болгож 31.4 тэрбумыг өгчээ. Түүний дараа дээрх албан тушаалыг хашсан Н.Мөнхбат 2013 наймдугаар сараас 2016 оны наймдугаар сарын 12-ны хооронд 1.2 их наядын зээл шууд олгосны сацуу мөн хэмжээний хөрөнгийг дамжуулан зээлдүүлжээ. Захирал асан Б.Батбаярын тухайд 2016 оны наймдугаар сараас 2019 оны тавдугаар сарын дотор нэг их наядыг шууд, 142.5 тэрбумыг ямар нэг хөтөлбөрийн санхүүжилт хэмээн дамжуулан олгосон байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус банкийг удирдаж байхдаа 2019 оны тавдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд 404.7 тэрбумын зээл шууд, 74 тэрбумыг дамжуулан зээлдүүлсэн аж.
Бэлтгэсэн Г.Равжаа