10.4 тэрбум төгрөг алга болсныг хууль хяналтын байгууллага шалгах нь зүйтэй гэж үзлээ-
Утаатай тэмцэх нэрээр улсын төсвөөс хөрөнгө гаргаж, зувчуулсан будилаан тасрахгүй нь. Жишээ нь, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төсвөөс 10.4 орчим тэрбум төгрөг гаргаж, 290 шүүлтүүр “авчээ”. Утаа их ялгаруулдаг, бага, дунд оврын халаалтын зуухнуудаас гарах бохирдлыг багасгахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ийм шийдэл олсон байдаг. Гэтэл өдгөө мөнгө ч байхгүй, шүүлтүүр ч үгүй, холбогдох албаныхан нь ч өөрсдөө энэ талаар мэдэхгүй хэмээж сууна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2019 онд А/283, А/323, А/435 дугаар тушаал гаргасан бөгөөд тэдгээрт “Улаанбаатар хотын усан халаалтын бага, дунд оврын зуухны утааны хий дэх үнс, тоосонцрыг барих төхөөрөмж худалдан авах, суурилуулах” талаар тусгасан байна. Эдгээр тушаалд үндэслэн нийт 290 ширхэг шүүлтүүр 12 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэжээ. Ингээд шүүлтүүр худалдан авах, суурилуулан, ашиглалтад бүрэн оруулах ажлыг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын “Jiangshu Fengyu environmental protection”, “Center new power”, “Hebei Yonghua environment protection” компанитай гэрээ байгуулсан аж. Шүүлтүүрүүдийг тухайн оныхоо есдүгээр сарын 15-ны дотор хүлээн авч, суурилуулахаар гэрээнд тусгасан байна. Ингээд 10 тэрбум 390 сая төгрөг төсвөөс гаргаж, 290 ширхэг шүүлтүүр авахаар болжээ. Гэвч яг хэдэн шүүлтүүр авсан, хаана, хаана суурилуулсан нь өдий хүртэл тодорхой бус. Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөөнд Үндэсний аудитын газрынхан аудит хийсний үндсэн дээр уг зөрчлийг илрүүлсэн юм.
Нөгөө талаар БНХАУ-ын гурван компанитай шууд худалдан авах гэрээ байгуулсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, тэрбумаар яригдах өндөр дүнтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа тендер зарлаагүй гэсэн үг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” хэмээн заажээ. Шүүлтүүр худалдан авах нь “улсын нууц” хэмээн үзэж, дээр дурдсан хуулийн дагуу шууд худалдан авах гэрээ байгуулсан бололтой. Энэ нь төсвийн хөр өнгийг үргүй, хяналтгүй зарцуулах үндэслэл болжээ. Засгийн газраас 2017 онд 247 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг баталсан байдаг. Үүнд утааны шүүлтүүр гэсэн үг огт байхгүй. Тэгсэн атал шүүлтүүрийг төрийн нууцад хэрхэн хамруулсан нь ч нууц.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан өдгөө энэ талаар огт мэдэхгүй бөгөөд ямар нэгэн хяналт, шалгалт ч явуулаагүй гэнэ.
Үндэсний аудитын газрын мэдээлснээр бол дээр дурдсан, БНХАУ-ын нэр бүхий гурван компаниас “Jiangshu Fengyu environmental protection” ХХК нь л 50 шүүлтүүр оруулж ирсэн гэх баримт Гаалийн ерөнхий газарт үлдсэн аж. Харин бусад 240 шүүлтүүрийн мэдээлэл огт байхгүй, оруулж ирсэн, эсэх нь тодорхойгүй. Үүнээс гадна оруулж ирсэн гэх 50 шүүлтүүрийг суурилуулсан, ашигласан тухай мэдээлэл ч байхгүй тул эл асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгах нь зүйтэй гэж Үндэсний аудитын газраас үзжээ.
Засгийн газраас 2018 онд Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглүүлэхээр болсон. Харин аж ахуйн нэгжүүдийг уг тогтоолд хамруулаагүй бөгөөд түүхий нүүрс түлсэн хэвээр байсан юм. Гэсэн хэдий ч агаарын бохирдлыг бууруулахын тулд зарим аж ахуйн нэгж, байгууллагын уурын зууханд шүүлтүүр суурилуулж, ялгарах утааг нь багасгах “мэргэн” санааг холбогдох албаныхан олсон байдаг. Энэ нь 10 тэрбум төгрөгийг шүүлтүүр авах нэрийдлээр зувчуулах үндсэн шалтгаан болжээ. Түүнчлэн эл будилаан нийслэлээс хальж, орон нутагт ч давтагдсан жишээ бий.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны А/138 дугаар тушаал гарган, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр Хөвсгөл, Увс, Ховд, Орхон аймгийн дулааны станцын халаалтын зууханд шүүлтүүр суурилуулахаар шийдвэрлэжээ.
Үүний хүрээнд дээр нэр дурдсан БНХАУ-ын “Hebei Yonghua environment protec¬tion” компанийн Монгол Улс дахь төлөөлөгч “Кан мэй хуан бао” ХХК-тай гурван тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан аж. Ингэхдээ мөн л тендер зарлалгүйгээр, шүүлтүүрийг шууд худалдан авахаар болсон бөгөөд 1.8 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн байна. Харамсалтай нь, заасан хугацаандаа уг ажлаа гүйцэтгээгүй, гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй, ажлын зориулалтыг өөрчилсөн зэрэг зөрчил цөөнгүй гарч. Жишээ нь, Ховд аймгийн “Дулааны станц” ТӨХК-ийн халаалтын хоёр зууханд шүүлтүүр суурилуулжээ. Гэтэл нэг зууханд суурилуулсан шүүлтүүр эвдэрч, 2020 оны арваннэгдүгээр сараас хойш ажиллаагүй гэнэ. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч компани шүүлтүүрийн засвар, үйлчилгээг гурван жил хариуцах үүрэг хүлээсэн байх юм. Гэсэн ч уг үүргээ биелүүлсэнгүй. Мөн Орхон аймгийн сургууль, цэцэрлэгийн халаалтын зууханд нийт найман шүүлтүүр суурилуулахаар болсон гэнэ. Үүний дагуу 17, 20 дугаар сургуулийн халаалтын зууханд суурилуулсан шүүлтүүрийг турших гэсэн ч ажиллаагүй юм байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах нэрийн доор холион бантан хутгасан энэ мэт жишээ цөөнгүй бий. Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад л 800 сая төгрөг шилжүүлжээ. Орон нутгийнхан өнөөхийг нь агаарын бохирдолтой огт хамааралгүй буюу 36 айлын хашааны хаалгыг жигдрүүлэх, барилгын зураг төсөл боловсруулах зэрэгт зарцуулсан байх юм. Хамгийн гол нь ийм асуудлууд үүсэж, төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгө “салхинд хийсэж” байхад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэх сүржин нэртэй даржин байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ямар нэгэн хяналт, үнэлгээ хийгээгүй, харин будилаан дунд нь өөрсдөө хутгалдсаар иржээ.
Манай улс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан аж. Утаа болон “ууршсан” энэ их мөнгөний 273.1 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс, 14.1 тэрбумыг нь нийслэлийнхээс, үлдсэн хувийг нь гадаадын зээлийн хөрөнгөөс гаргасан байна. Гэсэн ч утаа буураагүй, харин манай улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлсэн хэвээрээ. Ийм байхад төсвийн хөрөнгийг үр дүнгүй урсгасан буруутнуудад хариуцлага тооцохгүй, асуудлын үнэн мөнийг тогтоохгүй байгаа нь харамсалтай. Мөнгө нь төсвөөс гарчихсан хэрнээ алга болгочихсон эдгээр шүүлтүүрийг хэн хариуцах вэ?
Бэлтгэсэн М.Оч