Монголд оюуны спортоор амжилт гаргаж яваа өсвөрийн тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг нь Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч, “Босоо ноён” клубийн тамирчин, сурагчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Э.Азжаргал. Тэрбээр олон улсын томоохон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог шилдэг шатарчин. Азийн аваргын хошой мөнгө, ДАШТ-ий иж бүрэн медальт, шатрын рапид (түргэн) тоглолтын УАШТ-ий гурван удаагийн аварга болсон зэргээр гадаад, дотоодын тэмцээнд гаргасан амжилтаараа 60 гаруй медаль, 15 цом хүртээд буй түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Та 2017 онд Румын улсын Яаси хотод зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д оролцож, алтан медаль хүртсэн. Тэр үеийн дурсамжаас ярилцлагаа эхэлье.
-Тамирчид олон шалгуур давж, Азийн болон ДАШТ-д өрсөлдөх эрх авдаг. Тэр жилийн ДАШТ-д эхний өргөөс эхлээд л хүчтэй өрсөлдөгчтэй таарсан. Өрсөлдөгч минь гадаад чансааны оноогоор надаас 200-гаар илүү байв. Есөн өрөг тоглохдоо хүндхэн учраануудаа ялах амар байгаагүй. Тэмцээний үед аав, эгч хоёр дэргэд байж урам өгч, хурцалсан. Аваргын төлөө бүх нүүдлээ сайн тооцоолж тоглосон. Олон жил хичээж, ДАШТ-д түрүүлсэн болохоор их баярласан. Тэр мөчийг хэзээ ч мартдаггүй.
-Хамгийн сонирхолтой тоглолтыг ямар тамирчин харуулав?
-Тамирчид хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ нэгнээсээ байнга суралцдаг. Тэнд тэмцээн
өндөр зохион байгуулалттай болж, хатуу дүрмээр тоглосныг санаж байна. ОХУ-ын шатарчин хамгийн сонирхолтой тоглолтуудыг харуулсан. Би өмнө нь 2015 онд Тайландад болсон сурагчдын шатрын ДАШТ-ээс долоон настайдаа хүрэл медаль хүртсэн. Тэр үед шилдгүүд өрсөлдөж, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгодгийг мэдэрч байлаа.
-Азийн АШТ анх хэзээ амжилт гаргасан бэ?
-Сингапур улсад 2015 онд зохион байгуулсан Азийн АШТ-д өрсөлдөж, мөнгөн медальтай ирсэн. Түүнээс хойш гурван ч тэмцээнд тоглолоо. Нэгт нь түрүүлж, нөгөөгөөс нь мөн мөнгөн медаль зүүж, дараагийнхад нь шагналт байрт шалгарсан. Үргэлж хожно гэж юу байх вэ, хааяа алдаа гаргаж, хожигддог. Тэмцээний өмнө өрсөлдөгчдөө заавал судалдаг. Тэдний эсрэг ямар тактикаар тоглохоо багштайгаа хамт бэлддэг.
-Азийн шатарчдаас хэнтэй хамгийн удаан тоглолт өрнүүлж байв?
-Казахстан улсын шатарчинтай. Бид нэг удаа дөрвөн цаг, 30 минут тоглосон. Би дотоод, гадаадын олон тэмцээнд оролцсон. Хөлөг дээр хамгийн удаан тоглолт өрнүүлсэн тамирчин түүнээс өөр байгаагүй. Шатрын тэмцээнд Азийнхнаас Хятадын тамирчид сайн. Гэхдээ тэдэнтэй одоогоор таараагүй байна.
-Хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ?
-Намайг таван настай байхад аав шатар нүүхийг анх заасан. Хүүхдүүд нэг хэсэг тоглож байгаад сонирхол нь буурахаар больдог. Харин би аав, ээжийгээ урмын үг хайрлах бүрт хичээж, тууштай хичээллэсэн. Тамирчдыг амжилт гаргахад гэр бүлийнхнийх нь дэмжлэг их нөлөөлдөг. Манайхан шатар тоглох үеэс минь дэмжиж, өнөөг хүртэл тэмцээнд оролцуулж ирлээ. Би айлын бага хүү. Эгч минь шатрын олон улсын шүүгч. Олон тэмцээнд шүүгчээр ажилласан.
-Э.Энхнаран багшийн удирдлагад хичээллэдэг байх аа?
-Тийм ээ. Багштайгаа 2016 онд танилцсан. Түүний удирдлагад зургаан жил хичээллэж байна. Шатрын дасгалжуулагчдаас багшийгаа хамгийн сонирхолтой арга барилаар бэлтгэл хийлгэдэг гэж боддог.
-Үеийнхнээсээ суралцах зүйл их байдаг уу?
-Шатарчдаас Э.Амгалантэнгис, Л.Очирбат нартай ойр дотно нөхөрлөдөг. Найз ч гэлээ бид тэмцээний үед нэгнийхээ хүчтэй өрсөлдөгч.
-Амжилт гаргахад тань тусалсан ямар хүмүүст талархдаг вэ?
-Ямар ч үед тусалж, дэмжсээр ирсэн аав, ээж, эгч, багшдаа их баярладаг.
-Шатрын бэлтгэл хийхдээ өдөрт хэдэн цагийг зориулдаг бол?
-Надад чөлөөт цаг ховор гардаг. Клубтээ бэлтгэл хийж өнгөрүүлдэг болохоор өөр зүйлд анхаарал хандуулах зав гардаггүй. Ур чадвараа ахиулахын тулд өдөр бүр 09.00- 17.00 цагт бэлтгэлээ шаргуу хийдэг. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох дуртай. Сагсан бөмбөгийн лигийн тэмцээний тоглолтуудыг зурагтаар үзэж байгаа.
-Дэлхийн шилдэг тамирчдаас хэний тоглолтыг харж бахархдаг вэ?
-Магнус Карлсен. Түүний өрсөлдөгчдөө хожсон өргүүдийг интернэтээс сонирхож хардаг. Шатрын их мастеруудын амжилтын нууц бэлтгэл хийхдээ ачаалал дааж сурсан, бас тууштай хичээллэж, өрсөлдөгчдийнхөө тоглох арга барилыг уйгагүй судалж, өөрийгөө хөгжүүлсэн хичээл зүтгэлд нь байдаг гэж боддог.
-Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилгуудаасаа сонирхуулаач.
-Төлөвлөсөн тэмцээнүүдэд амжилттай оролцохыг хамгийн түрүүнд зорьж байгаа. Энэ ташрамд, шатар сонирхож тоглодог хүүхдүүдэд “Та нар мундаг шүү, амжилт гаргахын тулд өөрийгөө дайчилж хичээгээрэй” гэж хэлье.
Бэлтгэсэн Г.Батцэцэг