Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг ёс зүйгүй, бүдүүлэг хэвшмэл үг бий. Энэ нь гол төлөв өөрсдийн эрх сүр, давуу тал, гарцаагүй байдалд дулдуйдан хэн нэгнийг, олон нийтийг хохироосон, аргагүй байдалд оруулсан, гомдоосон үед хэрэглэгддэг. Түүнчлэн хохирч, гомдсон улс нь ч яаж чадалгүй, ямар ч арга хэмжээ авхуулахгүй өнгөрөх нь түгээмэл. Манай улсын бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг том, жижиг аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс ч дээрх үгийг бодит байдалд “биелүүлж”, “нэр төртэй хэрэгжүүлж”, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийг хохироон, зүй бус харьцан, төвөг чирэгдэл учруулдаг жишээ цөөнгүй. Өөрөөр хэлбэл, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргадаг, иргэдтэй зүй бус харьцдаг, ямар нэгэн байдлаар хохироодог явдал түгээмэл. Зарим жишээ дурдъя.
Эхний жишээ. Баянгол дүүрэг дэх “Номин” их дэлгүүрт өнгөрсөн сарын 15-нд очин, агаар цэвэршүүлэгч худалдан авахаар сонирхсон юм. Цэвэршүүлэгчийн үндсэн үнэ 799 000 төгрөг бөгөөд хямдарсан нь 619 000 гэж бичсэн байв. Өөр дэлгүүр, үйлчилгээний төвөөр явж, агаар цэвэршүүлэгч сонирхон, үнийг нь судалсны эцэст 619 000 төгрөгийн үнэтэйг нь худалдан авахаар шийдээд хоёр хоногийн дараа “Номин” руу очив. Гэтэл хямдарсан үнийг нь нэмэгдүүлэн 699 990 төгрөг гэсэн шошго наажээ. 15-нд очихдоо агаар цэвэршүүлэгчийн үзүүлэлт, тайлбар, үнэ бичсэн хуудасны зургийг дарсан, түүн дээр хямдралын хугацаа 2022 оны хоёрдугаар сарын 12-нд дуусна гэсэн тайлбар байсан юм. Зохион байгуулагчид нь энэ талаар хэлэхтэй зэрэгцэн “Өнөөдөр өглөө зарим барааны үнийг нэмэх, өөрчлөх заавар ирсэн. Тиймээс дөнгөж сая сольсон нь энэ. Ямар ч арга байхгүй” гэхээс өөрийг хэлсэнгүй. Барааных нь хямдралын хугацаа дуусаагүй атал үнийг нь ямар үндэслэлээр нэмснийг шалгаан, өмнө нь авсан зургаа үзүүллээ. Гэтэл “За яах вэ. Танд хямдруулсан үнээр нь борлуулъя. Салбарынхан бид хэзээ үнэ нэмэх, солихыг мэдэхгүй, захиргаанаас ирсэн зааврын дагуу л ажилладаг” гэсээр хямдруулсан үнээр нь өгсөн юм. Түүнчлэн зохион байгуулагч нь “Лангуун дээрх барааны зургийг хүмүүс авч буй, эсэхийг сайн хараач” хэмээн худалдагчдаа загнаад авна билээ. Хэрэв агаар цэвэршүүлэгчийн хямдралын хугацаа заасан мэдээлэл бүхий зургийг үзүүлээгүй бол 70 000 төгрөгөөр нэмсэн үнээр зарах нь тодорхой байв. Ер нь “Номин” дэлгүүрийн хямдрал хуудуутай явагддаг. Үнийг нь олон дахин сольж наан, хямдруулсан хэмээн хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг талаарх гомдол тасардаггүй. Уг нь манай улсын хөрөнгөөр 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан анхны хоршоо буюу “Улсын их дэлгүүр”-ийг “Номин” компани өөрийн болгосон. Жижиглэн худалдааны салбарт сайн жишиг болж, олон мянган үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах учиртай байгууллага.
Хоёр дахь жишээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн сард Цагаан сард зориулсан үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Үйлдвэрлэгчид, иргэдээс ямар ч төлбөр, хураамж аваагүй эл үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэсэн “Сувд кашмер” компанийн ноолууран өмдийг худалдан авсан Чингэлтэй дүүргийн иргэн С.Алтан гомдолтой байв. “Сувд кашмер”-ынхны 100 хувь ноолуур хэмээн борлуулсан хар, бариу өмдний дотор талд өөр өнгийн, илт мэдэгдэхүйц резинэн утас оруулж оёсон байжээ. Гадна талдаа ноолуур, дотор талдаа синтетик утастай учраас хайрч байсан аж. Нэг өдөр хэдхэн цаг хүйтэнд өмсөөд ноолуурын орц багатай, нийлэг утас ихтэй гэдгийг нь мэдэн, буцаан өгөхөөр С.Алтан үйлдвэрт нь очсон юм байна. Өмдийг хэдэн цаг өмссөнөө хүлээн, 100 хувь ноолуур биш учраас бүтээгдэхүүнийг буцаая гэсэнд “Сувд кашмер”-ынхан уурлан, “Манай улсад зарагдсан бараа буцаан авдаг жишиг байхгүй. Ноолууран өмдийг хүний биетэй “наах” болон сунахаас сэргийлэн резинэн утас барьж оёдог. Хил хаагдсаны улмаас хар резинэн утас ховордож, дуусан, хар хөхөөр оёсон нь ийм тод харагдаж буй хэрэг” хэмээн бөөн маргаан үүсжээ. Иргэн С.Алтан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдүүлнэ, Монголын ноос, ноолуурын холбооныхноор шалгуулна гэж мэтгэсээр 185 000 төгрөгөөр худалдан авсан өмдний 10 хувь болон цэвэрлэгээний мөнгийг нийлүүлэн 25 000 төгрөг төлж, өмдөө буцаажээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд борлуулж буй бараандаа и-баримт ч өгөөгүйг нь сануулахад “И-баримт авъя гэвэл бүтээгдэхүүний нэрлэсэн үнэ дээр 10 хувийг нэмж төл” гэжээ. Зүй нь ноолууран өмдний хоёр шуумгийн доод хэсэг, бүсэлхий орчимд буюу энд тэнд нь резинэн утас оруулж чангалдгаас биш, дотор талыг нь бүхлээр нь резинэн утсаар нэхвэл хайрч, чанар нь мууддаг юм байна.
Гурав дахь жишээ. Хан-Уул дүүргийн иргэн Б.Хангай өнгөрсөн долдугаар сард “Их засаг” их сургуулийн ойролцоо, автомашин борлуулдаг хувь хүнээс “lexus-350” автомашиныг 60 сая төгрөгөөр худалдан авчээ. Өөрийн мэдэх, чадах чинээгээр автомашинаа шалган авсан юм байна. Гэтэл дөрвөн өдөр унасны дараа хянах самбарт нь улаан, шар гэрлүүд асаж, хөдөлгүүр нь доголдож эхэлжээ. Борлуулагч руу нь очин, учир байдлаа хэлэхэд “Нэгэнт худалдан аваад 4-5 хоносон учраас яах ч арга байхгүй. Тэгээд ч Японоос оруулж ирсэн хуучин автомашинуудад ил харагдахгүй ямар гэмтэл байгааг бид ч мэдэхгүй. Шалгаж авсан биз дээ” гээд халгаагаагүй юм байна. Хэрүүл маргаан болсон ч үр дүнд хүрэлгүй үлдсэн Б.Хангай цахилгаан автомашины цэнэг хураагууртай холбоотой үүссэн гэмтлийг засуулахад гурван сая төгрөг төлж, автомашинаа хэвийн болгожээ. Мэдээж борлуулагчид нь худалдан авагчдадаа баталгаат хугацаа өгдөггүй, и-баримт ч олгоогүй, хувь хүмүүсийн дундын наймаа учраас хэнд хандах, хэрхэн шийдвэрлүүлэх учраа олоогүй гэсэн.
Эдгээр нь наад захын л жишээ. 2021 оны есдүгээр сард БНСУ-аас оруулж ирсэн хуучин гар утсыг “Тэди” төвийн хоёрдугаар давхраас худалдан аваад, нэг хоног бариад асахаа больсон. Баталгаат хугацаа нэг сар гэж бичсэн хуудас өгч, гарын үсэг зуруулсан хэрнээ “Яаж эвдсэн юм хэн мэдлээ” гэж загнасаар үнийн дүнгийн гурван хувь болох 50 000 төгрөг суутгаж авчээ. Цахим дэлгүүрээс 1.6 сая төгрөгийн үнэ бүхий ширээ захиалж авсан ч дөрвөн хөл нь өндөр, нам байсан учраас буцаасан. Мөнгийг нь эргүүлэн авах боломжгүйгээс өөр ширээ захиалан, хүлээгээд нэг жил гаруй болсон хүн ч байна. Шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ ширхэг, кг тутамдаа багадаа 100, таксины үйлчилгээний хөлс км тутамдаа мөн л 100-200 төгрөгөөр нэмэгддэг жишиг тогтсон. Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор төрөөс аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, ус, дулаан, хогны төлбөрийг тэглэн, импортын татварт хөнгөлөлт үзүүлсээр атал үндэсний үйлдвэрлэгчид гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, махны үнийг тогтмол өсгөн, улмаар инфляцад нөлөөхүйц түвшинд хүргээд байгаа нь бодит үнэн. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас манай нөлөө бүхий бизнесменүүд, улстөрчид 2.7 их наяд төгрөгийн зээл авсан нь чанаргүй ангилалд шилжих магадлал үүссэн нь батлагдсан. Байгуулагдаад 10 гаруй жил болж буй банк нийт 3.3 их наяд төгрөгийн зээл гаргаснаас 85 орчим хувь нь ийн эрсдэлд орсныг 10 жилийн дараа л албан ёсоор мэдээллээ. Тус банкны хэвийн зээлдэгч гэхэд 80 тэрбум төгрөг зээлээд гурван жил болохдоо нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй, үйл ажиллагаагаа жигдрэхийг хүлээж буй нь дэндүү шударга бус.
Гадаадын зарим улсад, тухайлбал, АНУ-д “Найк” фирмийн спорт гутал худалдан авч өмсөөд нэг жил болсны дараа, “Угааж арчлах явцад өнгө нь өөрчлөгдлөө, санасан шиг чанартай байсангүй” гээд буцаагаад, үнэ төлбөргүйгээр шинийг авсан. Түрхэж хэрэглэсэн “Шаннель”-ийн сүрчигний “Үнэр нь таалагдсангүй” гэж буцаан, өөрийг авсан жишээг монголчууд ярьж, битүүхэн атаархаж сууна. Ер нь Монголоос бусад оронд үйлдвэрлэгчид, борлуулагчид нь үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ эрх ашиг, санал хүсэлтийг анхааран хүлээн авч, асуудлыг нь аль болох хохирол багатайгаар шийдвэрлүүлэх, буруу сонголт хийсэн бол бараа, бүтээгдэхүүнийг сольж өгдөг жишиг байдгийг мэдэх хүн олон. Гэтэл манай зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, бизнесмен жижгээсээ том хүртлээ “ялзарч”, зөвхөн хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавин, улс орон, иргэд, үйлчлүүлэгчдийн эрхийг хөсөр хаяж, зоргоороо авирлаж сурчээ. Ямар нэгэн гомдол, санал иргэд гаргахад “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэггүй, импортыг халж, экспортын бүтээгдэхүүн бий болгож буй баялаг бүтээгчид, бид” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Хэрэглэгчид ч хэл ам дэгдэн, чирэгдэл үүсэх болуужин хэмээн төвөгшөөн асуудлыг хөндөлгүй орхидог. Ингэж боломгүй байна. Шаардлагатай бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагад хандан дуу хоолойгоо хүргээрэй. Ташрамд дурдахад, дэлгүүр, зах, худалдааны төвүүд “Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг бичиг өлгөх ёсгүй. Өмсөж эдэлж, илт бохирдуулаагүй бүтээгдэхүүнийг буцаах, солиулах бүрэн эрхтэйг ШӨХТГ-аас мэдэгдсэн юм шүү.
Бэлтгэсэн С.Цэрэндулам