Одоо тэрбээр Монголын газар тариалангийн салбарт дижитал технологийг нэвтрүүлж, салбарын хөгжлийг урагшлуулах том зорилготой ажиллаж буй. Уйгагүй хөдөлмөрлөж, дэлхийн энтэй сэтгэж, хийж бүтээдэг шигээ шулуун шударга яриатай, хэнээс ч эмээхгүйгээр санаснаа хэлчихдэг шинэхэн Хөдөлмөрийн баатрын сонирхолтой ярилцлагыг тунгаан болгооно уу.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 2022 он гарахын өмнөхөн хүртсэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” компанийн ерөнхий захирал Ч.Чадраабалтай ярилцлаа. Тэрбээр 5000 га талбайтай компанидаа 10 гаруй жилийн өмнөөс хөрс хөндөхгүйгээр тариалах тэг технологи нэвтрүүлсэн. Үүнээс гадна усалгаатай, ухаалаг газар тариаланг хөгжүүлж яваа тариаланч. Эднийх усалгаатай нэг га талбайгаас 80-90 центнер, усалгаагүй нэг га талбайгаас 30 гаруй центнер ургац хураадаг байна. Энэ амжилт бол түүний олон жилийн нөр хөдөлмөрийн үр дүн юм.
МАНАЙ УЛС ӨНГӨРСӨН ЖИЛ
МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙД БИШ, ОРОСТ ХӨРӨНГӨ ОРУУЛЧИХСАН
-Хөдөлмөрийн баатар болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Одоо ч баярын сэтгэгдэл хуучирсан байх. Нийгэмд олон янзаар яригддаг төрийн шагналын талаар ямар бодолтой байдаг вэ?
“Канадад Хөдөлмөрийн баатар гэж цол байдаг уу, миний хүү” хэмээн тэрбээр ажлын ширээнийхээ ард сууж байсан, “Арвин хур” компанийн гүйцэтгэх захирал Бадруунаас асуув. Хүү нь “Байхгүй” гэв.
-Ийм л юм шүү дээ. Манайх социализмын үеийн шагналаа одоо болтол олгоод л байна. Энэ бол бид коммунизмаасаа салаагүйг илтгэж байгаа хэрэг. Хөдөлмөрийн баатар цолыг төр, засгаас өгсөн нь миний хөдөлмөрийг үнэлсэн нэг хэлбэр байх. Үүнийг олон нийт огт өөрөөр тусгаж авдаг болсон үе шүү дээ. Тийм ч таатай хүлээж авдаггүй. Төр нэг хэсэгт нь он удаан жил ажилласан юм гээд, ертөнцийн мөнх бусыг үзэхийнх нь өмнө гэж шагнал олгодог байх. Би 70 хүрчихсэн хүн. Тэглээ ч би үүнд тийм чухал ач холбогдол өгөхгүй байгаа. Гэхдээ яах вэ, төр, засгийн хайр хишиг гэж бодоод баярлаж л сууна.
-Таныхаар Монголын хөдөө аж ахуйн салбарт нэн тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Манай улс хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд, арга хэмжээ авч л байна. Мөнгөтэй улс гэж байхгүй. Улсын төсөв татвараас л бүрддэг. Тэрийг зөв зохистой ашиглана гэдэг маш чухал шүү дээ. Нэн тэргүүний тулгамдсан асуудал бол хүний нөөц. Хүний нөөцөө зөв бэлдээгүй цагт бид хэчнээн ашигтай ажиллах гэж хичээгээд ч энэ салбарыг хөдөлгөхгүй. Жишээ нь, өнөөдөр уул уурхай эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, өндөр цалинтай учраас ур чадвартай залуус уг салбар луу шилжчихсэн. Хөдөө аж ахуйн салбарт залуучууд ажиллах сонирхол бага. Аргагүй л дээ, ийм үр ашиггүй салбарт бага цалинтай яаж ажиллах вэ.
-Та ийм өрсөлдөөн дундаас ажилтнуудаа хэрхэн олж авч байна вэ?
-Манайх уул уурхайн компанийн жишгээр цалин өгдөг. Сарын 2-3 сая төгрөгийн цалинтай. Дээр нь бид ажил, амралтын байраа орчин үеийн технологийн дагуу шийдэж, ая тухтай орчин бүрдүүлж чадсан. Тэгсэн хэрнээ л хөдөөд хүн тогтохдоо муу.
-Залгамж халаагаа бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Та бол хүүгээ Канадад агрономичийн мэргэжил эзэмшүүлж, зургаан жил сургасан. Тэгвэл салбарын хүний нөөцийг хэрхэн бэлтгэх вэ?
-Манай улсын хөдөө аж ахуйн салбарын хоцрогдол нь бид хуучны сэтгэхүйгээ өөрчилж чадахгүй байгаатай холбоотой. Монголын хөдөө аж ахуйн салбар маш том шүү дээ. Гэтэл энэ чухал салбарын боловсон хүчнийг бэлтгэж буй ХААИС-ийн багш, доктор, профессоруудын бараг 90 хувь нь социализмын үеийн “бүтээгдэхүүн”. Тэд оюутнуудад орчин үеийн техник, технологийн талаар юу зааж байгаа бол. Өөрсдөө уншдаг бол жаахан хөгжих байх. Би бол уншдаг гэдэгт нь итгэдэггүй. Ийм л үед бид амьдарч байна. Тийм болохоор залуусаа гадаадад л сургаж таарна. Нэг хүнийг сургахад 400-500 мянган ам.доллар хэрэгтэй. 100 хүн сургая гэхэд 500 сая ам.доллар болно. Монголын хөдөө аж ахуйн салбар ийм ядуу байж яаж хүмүүсээ сургах юм. Тийм болохоор үүнийг өөр аргаар хийх ёстой.
Монголын тариаланчдын үндэсний холбооны зүгээс сүүлийн үед сайн сургалтууд зохион байгуулж байна. Австрали, Америк, Канадад сургууль төгссөн, өндөр боловсролтой мэргэжилтнүүдээр лекц уншуулж буй. Хувийн аж ахуйгаа боддог хүнийг л сургах хэрэгтэй. Түүнээс биш, дипломын төлөө сурсан хүмүүсийг дахин сургаад нэмэргүй. Хувийн аж ахуйн нэгжийнхэн өөрсдөө сайн хичээ. Дижитал ертөнцийг ашиглаад сур. Интернэтэд түм буман хичээл бий. Тэдгээрийн дотор зөв нь ч бий, буруу ч байна. Үүнийг тунгаах ухаантай байж сурна л даа. Өөрсдөө л хичээхээс өөр аргагүй. Төр, засгийг харвал бүтэхгүй.
-Улаан буудайн урамшууллыг олгоод эхэлсэн байсан. Танай компани өнгөрсөн жил хэр хэмжээний ургац хураасан бэ. Импортын будаанаас болоод тариагаа борлуулж чадсангүй гэсэн гомдол нэлээд гарлаа.
-Манай улс өнгөрсөн жил Монголын хөдөө аж ахуйд биш, Орост хөрөнгө оруулчихсан шүү дээ. Оросоос 300-гаад мянган тонн буудай авсан. Ингэхдээ тонн тутмыг нь 1.5 сая төгрөгөөр авлаа. Ийм байхад Монголын газар тариалан яаж хөгжих вэ. Бүх савандаа Оросын буудай дүүргэчихсэн. Тэрийгээ гурил болгоод, БНХАУ руу экспортолно гэх юм. Гэтэл өдгөө тариалангийн компаниудын үтрэмд 100 гаруй мянган тонн улаан буудай борлуулагдаагүй байна. Манайх гэхэд 8000 тонн буудай гадаа талбайд бий. Үүнийг хая гэж байгаа юм уу. Хавар цас хайлахаар доогуур нь ус гүйгээд, шороо болно. Аль болох зараад, ганц трактор ч гэсэн авбал Монголын эдийн засагт эргэлт болно биз дээ. Төр ийм зүйлийг ч хийж чадахгүй байгаа. Өнгөрсөн жил Монголын тариаланчдыг “сөнөөх” бодлого явуулсан. Гурван хувийн хүүтэй, жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл өгсөн. Тарьж ургуулсан будааг нь авахгүй болохоор тариаланчид зээлээ төлж чадахгүй. Ингэснээр зээлийн хөнгөлөлтийн хугацаа нь дуусаад, 24 хувь руу шилжчихэж байгаа юм. Энэ хавар тариа тарих хүн бараг олдохгүй байх.
-Дотоодын буудай чанар муутай байсан гэсэн үү. Танайх хэр чанартай ургац хураасан бэ?
-Энэ бол төрийнхөн хийсэн нүглээ бусдад нялзаасан хэрэг. Импортоор будаа оруулж ирчихээд түүнийгээ сайн хэмээгээд, монголчуудын тарьсан нь муу гэж болохгүй. Ядахдаа хэрэг хүлээх чадвартай байх ёстой. “Уучлаарай, “ковид”-оос болоод импортоор буудай авчихтал ийм хүнд байдалд орчихлоо” гээд үнэн учраа хэлж болно оо доо. Тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй.
-“Ковид”-оос шалтгаалсан хөл хорионы үед ОХУ-аас буудай авах тухай яригдаж, УИХ-аар хэлэлцэж, шийдсэн шүү дээ. Тэр үед та бүхэн “Бид ирэх намар ийм хэмжээний буудай дотооддоо хураана. Та нар тооцоо, судалгаагаа зөв хийж, бодитой ханд” гэж хэлж, тэмцэж болоогүй юм уу?
-Бид байлдаан хийдэг дайчид биш, тариа тарьдаг тариаланчид. Хэрүүл хийж явах зав хаана байна. Хаврын тариалалт хаяанд ирчихсэн, улс даяар хатуу хөл хорио тогтоосон үе байсан шүү дээ. Тэр хооронд л ийм зүйл хийдэг, бүр нэг хоноцын сэтгэлгээтэй байж болохгүй биз дээ. Хөгжлийн банкийг хар. Монголын хөгжлийг дэмжих банк гэсэн нь хаана байна.
-Гурил экспортолбол сав нь сулраад, тариаланчдын борлуулж чадаагүй буудайг төр авах боломж бүрдэх юм биш үү?
-Оросын буудайгаар хийсэн гурилыг хятадууд авах болов уу. Хятадууд тэнэг биш шүү дээ. Гурил авах бол Оросоос л авна биз дээ. Манай хөрсөнд ургасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн бодлоор л тэд Монголын 10 гаруй үйлдвэрт зөвшөөрөл өгч буй. Тэд чинь тийм амархан хулхидуулдаг хүмүүс биш.
Ер нь зөвхөн газар тариалан ч биш, хөгжиж байгаа аль ч салбарын чиг хандлагыг харвал, төрдөө хэт дулдуйдсан бодлого явуулаад, төр нь бизнес хийсэн практиктай улс орон хөгжсөн түүхгүй. Харин төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод буюу олон нийтийн байгууллага энэ ажлыг аваад явбал арай цэгцтэй, хяналттай болно. Хууль зүйт ёс гэдэг ерөөсөө л олон нийтийн хяналтыг хэлдэг. Түүнээс биш хааныг хянадаг харц гэж хэзээ ч байгаагүй. Бид тэр түүхээр явсаар ирсэн. Тийм болохоор “хаант засаглалаа” л зогсоомоор байгаа юм, Монгол Улс.
УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН БОЛ ХӨГЖЛИЙН ГАРЦ
-Таны болон танай компанийн амжилтаас хуваалцъя. Танайх тогтмол өндөр ургац авдаг, ухаалаг газар тариалангийн технологийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж шүү дээ. Хийсэн бүтээсэн зүйлийнхээ талаар товчхон сонирхуулахгүй юу.
-Манайх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд үйл ажиллагаа явуулдаг. Усалгаатай талбайн нэг га-гаас улаан буудайн 80-90 центнер ургац авдаг. Дэлхийн жишигт хүрчихсэн. Усалгаагүй талбайн га-гийн дундаж ургац 30-32 центнер. Энэ бол Монголдоо дээд амжилт л даа. Зарим аж ахуйн нэгж услаад ч га-гаас 30 центнер ургац авч чадахгүй байгаа.
-Уг амжилтын нууц нь юу вэ?
-Энэ бол технологи. Орчин үеийн технологийг дэлхий нийтээрээ хэрэглэж байна. Канад, Америк, Нидерландад хэрэглэж буй технологийг л бид Монголдоо нутагшуулсан. Түүнээс биш Чадраабал шинээр зохиогоод, түүгээрээ Хөдөлмөрийн баатар авсан хэрэг биш. Технологийг нутагшуулаад, тууштай ажиллаж, үр дүн гаргана гэдэг бол хөдөлмөр. Зөвхөн технологи биш, орчин үед бүх зүйлийг дижитал түвшинд хийдэг болчихлоо. Хиймэл дагуулаар бид ургамал, хөрс, бэлчээр гээд бүх зүйлээ хянах боломж бүрдсэн. Энэ бүхнийг ашиглана гэдэг бол цөөхөн боловсон хүчнээр Монголын газар тариалангийн 750 мянган га талбайг эргэлтэд оруулах боломжийг нээх үүд хаалга гэж харж байна. Өөрөөр хэлбэл, дижитал түвшинд, ухаалаг газар тариаланг хөгжүүлэх нь манай салбарын хөгжлийн гарц юм. Энэ чиглэлд Монголын тариаланчдаас гадна бусад салбарын шилдэг мэргэжилтэн залуус сайн ажиллаж буй. Хөрс шинжлэх, цаг уур, техник, технологи гээд бүх чиглэлд тэд ажиллаж байгаа.
-Ухаалаг газар тариаланд ашиглаж буй техник, технологи өндөр үнэтэй байх. Хөрөнгө оруулалт их шаардах уу?
-Манай ашиглаж буй нэг техник гэхэд 300-500 мянган ам.долларын үнэтэй. Ганц манайх ч гэлтгүй тариалангийн компаниуд тийм л өндөр үнэтэй техникүүдийг талбайдаа ашигладаг. Гэтэл өндөр үнэтэй техникүүдээ орчин үеийн дэвшилт технологийн талаар ямар ч ойлголт, мэдлэггүй хүнд өгөөд эвдүүлэх нь энүүхэнд. Бид удирдлагын түвшинд зөв менежмент хийж чадахгүй байна. Өнөөдрийн бодит байдал гэвэл, Увсад нэг комбайн эвдэрлээ гэхэд нийслэлээс хоёр залуу компьютероо чирээд очно. Очиж компьютероор оношилчихоод буцаад Улаанбаатар луу ирж, сэлбэг авдаг. Ийм их ажил болдог. Тэр бүхэнд гаргах зардал, хүн хүч хаана байна вэ. Боловсон хүчний хувьд үнэхээр хүнд байгаа шүү дээ. Ухаалаг газар тариаланг хөгжүүлснээр энэ бүхнийг хөнгөвчлөх ёстой юм. Тухайлбал, Зүүнбүрэнд манай техникүүд ажлын талбайдаа явж байхад Улаанбаатарт MCM, “Инсада” гэх мэт техникийн компанийн IT инженерүүд оношилж байдаг.
-Хөдөө явахгүйгээр Улаанбаатарын оффисоосоо оношилдог байх нь ээ?
-Интернэт, хиймэл дагуул ашиглах 100 хувийн боломж нээчихээд, түүн дээрээ ажиллаж байна. Ийм маягаар орчин үеийн сэтгэхүйгээр ажиллахгүй бол газар тариалангийн салбар хөгжихөөсөө өнгөрсөн.
-Манай бусад тариаланч ухаалаг газар тариалангийн талаар ярихаас хэтрэхгүй байгаа. Та бол хэдийн нутагшуулаад, хэрэгжүүлээд эхэлчихсэн. Үүнийг хэрхэн бүх нийтийн үйл хэрэг болгох вэ?
-Гар утас ашиглаж буйтай л адилхан. Тийм их хөрөнгө зараад байх зүйл биш. Орчин үед ус, дулаан, цахилгаан бүгдийг алсын зайнаас удирдаж, хянадаг болсон биз дээ. Ухаалаг газар тариалан үүнтэй яг адилхан. Бид зах зээлд шилжээд 30 гаруй жил боллоо. Хөгжих ёстой биз дээ. Хөгжинө гэдэг чинь баяжна гэсэн үг. Эзэн хүн хичээх ёстой. Тариа тарих чинь улсын ажил биш. Хэн ч таныг тариа тариад өгөөч гээд гуйгаагүй. Өөрөө дуртайдаа хийж байгаа. Өндөр үр ашигтай ажиллах, эсэх нь хувь хүний л асуудал. Манайд ямар ч хүн “Улс хэзээ хөгжүүлж өгөх бол” гэж их бодох юм. Хөгжил гэдэг хувь хүн та өөрөө баяжиж, хөгжихийг хэлж буй. Чанартай татвар төлөгчид бий болж байж улс хөгжинө.
-Монголын газар тариалангийн салбарт ухаалаг технологи хөгжүүлэхэд бэлэн байна уу. Та технологи, туршлагаасаа жаахан тодруулж болох уу?
-Хүний нөөц хүндэрчихсэн, техник, сэлбэг хэрэгсэл гээд бүх зүйлийн үнэ өсөж, сорилт улам нэмэгдээд байна. Үүнийг даван туулах арга зам нь ухаалаг газар тариалан юм. Дэлхий дахинд ч одоохондоо ухаалаг газар тариаланг 100 хувь нэвтрүүлсэн нэг ч улс байхгүй. Монголчууд уг нь оюуны чадамж өндөр ард түмэн шүү дээ. Залуусыг тэр зүгт хандуулах чиглэлээр би нэлээд ажиллаж буй. Уринш хийх, хор цацах гээд бүх зүйлд дижитал технологи хэрэглэдэг. Ганц ярилцлагад бүгдийг багтаах боломжгүй. Бид хэдэн жил компьютерын ард сууж хийсэн ажил. ХХААХҮЯ үүнийг захиалсан. Манайх гүйцэтгэгч компани. Ойрын 3-5 жилд бодит ажил болох зүйл. Одоо бол бид зөвхөн анхны үе шатанд буюу зөвлөх үйлчилгээ үзүүлж явна.
Усалгаатай тариалан бол маш их хөрөнгө шүү дээ. Ганцхан ширхэг төхөөрөмж л гэхэд 300-800 мянган ам.доллароор босдог. 1000 га талбай услахад 10-20 сая ам.доллар зарцуулах жишээтэй. Дээр нь ажиллах хүч орно. Монголчууд өнөөдөр бүгд Улаанбаатарт суучихсан. Хөдөөд ажил хийдэг хүн байхгүй боллоо. Ийм хүнд үед бид ажлыг технологиор л хөнгөвчлөх гээд үзэж байна.
-Дижитал технологид шилжсэнээр танай аж ахуй дээр хэрхэн хүн хүч хэмнэж, ямар давуу тал, боломж бий болгов?
-Манай аж ахуйд өмнө нь 100 гаруй хүн ажилладаг байсан. Одоо 10 гаруй л хүн ажиллаж байгаа. Ажил их хөнгөвчилдөг. Цаашид ингэж болох юм байна гэсэн үр дүнг бид үзчихсэн. Үүнийгээ нийтийн хүртээл болгоё гээд ХХААХҮЯ-ны захиалгатай, Дэлхийн банк, ЖАЙКА гээд олон байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа.
-Монголын тариалангийн нийт 750 мянган га талбайг бүгдийг хамруулна гэсэн үг үү?
-Тийм. Улсын хэмжээний нийт тариалангийн талбайд анализ хийж, улаан буудай, гурвалжин будаа, рапс зэргийг хаана хаана тарьж болохыг тодорхойлох юм. Бас талбайг хэрхэн арчлах, ямар бордоо хэрэглэх, аль талбайд уринш хийх гээд бүх талаас нь шинжилж, дүгнэнэ. Та өөрийнхөө гар утсан дахь бүх программыг ашиглаж буйтай адилхан нөхцөлийг залуучуудад бүрдүүлэх гэж байна. Чи түрүүн “Боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх вэ” гэж асуусан. Миний өөр аргаар бэлтгэх гэдэг нь энэ юм. Түүнээс биш бүх хүнийг Канадад сургах боломжгүй. Хамгийн гол нь манайхан мухар сүсэг, хуучинсаг сэтгэлгээнээсээ салах цаг болсон.
-Та газар тариалангийн ирээдүйг дижитал шилжилт гэж харж буй юм байна шүү дээ.
-Миний харж байгаа нь тийм. Төр, засаг дэмжиж байна гэдэг нь тэд ч бас ингэж харж байна л гэсэн үг.
-Жижиг компаниуд ухаалаг газар тариалангийн төсөлд хамрагдах боломжтой юу?
-Манайд 100 га, 500 га талбайтай жижиг тариаланчид бараг 80-90 хувийг эзэлдэг байх. Ийм компаниудад хөгжих боломж байхгүй. Жишээ нь, 500 га талбайтай хүнд 5000 га-тай тариаланчийнхтай яг адилхан техник хэрэгтэй. Тэр хүмүүст ийм санхүүгийн боломж байхгүй. Монголчуудыг үеийн үед хорлож ирсэн ганц зүйл бол эв нэгдэлгүй байдал. 100, 500 га талбайтай аж ахуйн нэгжүүд нэгдээд, хоршоо болох ёстой. Нэг нь тариагаа хураадаг, нөгөөх нь үрлэдэг, хороо цацдаг болъё. Тэгвэл тэр аж ахуйнуудад ирэх ачаалал багасна. Тийм болохоор би залуучууддаа “Та нар хоорондоо хоршчих оо” гэж байнга зөвлөдөг. Ингэж байж л бид амжилтад хүрнэ. Түүнээс биш бүгд 5000 га аваад, 20, 30 сая ам.долларын хөрөнгө оруулах боломжгүй.
-Дотоодын үйлдвэрлэлээ сайн хөгжүүлж, экспорт хийх нь чухал. Газар тариалангийн салбарын экспортын боломжийг та хэрхэн харж байна вэ?
-Уул уурхайн салбар мундаг хөгжиж буй. Үүнийг би ойлгож байна. Гэвч энэ чинь нөөц нь шавхагддаг салбар. Ойрын 10-20 жилд дуусах зүйл шүү дээ. Тэгвэл улаан буудайг жил бүр экспортолно. Монголын төрийнхөн “Улаан буудай стратегийн бүтээгдэхүүн учраас экспортолж болохгүй” гэсэн хачин бодолтой байх юм. Зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах ёстой гэж хязгаарлах биш ээ. Дэлхийн бүх улсын ганц мөрөөдөл нь экспорт хийх. Тэгж байж л тухайн улс валют олдог. Монгол болохоор экспортыг хориглоод, импортыг зөвшөөрдөг ганц орон. Хэрэв экспортыг дэмжвэл 750 мянган га газраа 100 хувь ашиглах боломж нээгдэнэ. Га-гаас 20 центнер ургац авахад л бид нэг сая 450 мянган тонн улаан буудай хураан авна. Нэг саяыг нь заръя. Жил бүр 300 сая ам.доллар олно. Ургадаг алт шүү дээ. Экспортолж болохгүй гэхээр хүмүүс юу гэж үүнийг тарих вэ. Ийм бодлогогүй зүйлс хийгээд байж таарахгүй. Би улаан буудайн экспортын төлөө насаа дуустал явна.
-Улаан буудайг экспортолсон тохиолдолд дотоодод түүхий эдийн хомсдол үүсэхгүй юү?
-Эхлээд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангачихаад, илүү гарснаа л экспортолъё. Ийм зүйлийг зөвшөөрөхгүй байх чинь төрийн харалган бодлого мөн биз дээ. Энэ хүмүүс төрд үүрд ажиллах юм шиг бодох юм. Өөрсдөдөө болон үр хүүхдэдээ хамгийн сайн хууль баталж, үлдээх ёстой болохоос биш, өнөөдрөө бодоод ямар нэмэр байна.
-Төрд зүтгэж байгаа нэртэй, ууж идэхдээ уургач морь шиг хүмүүсийн шуналыг дарах ямар арга зам байна вэ?
-Зах зээлийн зарчим шунал дээр тогтдог нийгэм шүү дээ. Хүний шуналыг сайн хөдөлгөж байж л ажил хийлгэдэг. Шунахайгүй хүн гэж байхгүй. Харин тэр шуналыг нь барьж тогтоодог, олон нийтийн хяналт л байх ёстой. Салбарт ямар ч шинэ сайд ирсэн хөдөлгөж чаддаггүй, богино, дунд, урт хугацааны төлөвлөлт хийх ёстой. Тэгэхгүй бол ирсэн хүн бүрт л ухаантай зүйл бодогдоно. Мэдээж хүн дотроо сайн сайхан зүйл бодож л хийж байгаа. Муу муухай болгоё гэж хэн ч бодохгүй. Манай компанийн нэг жилийн стратеги төлөвлөгөөний цаас самбарын дайны юм болдог. Гэтэл төр, засагт богино, дунд, урт хугацааны төлөвлөлт алга. Тэгэхээр ажил яаж урагшлах вэ.
-Газар тариалангийн бүс болох Сэлэнгэд мал, тариалан хоёрын асуудлыг шийдэж чадахгүй байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Америкт ч, Канадад ч ийм асуудал тулгарч л байсан. Шийдэл чухал. Урт, дунд хугацааны төлөвлөлт хийх ёстой. Бэлчээрийн мал аж ахуйг бүхэлд нь эрчимжсэн болгоно гэдэг олон арван жилийн үйл явц. Монголын ихэнх хүнсийг бэлтгэдэг Сэлэнгэ тэр чигтээ, Төв аймгийн хэдэн сум, Булган, Хөвсгөл, Хэнтийн ганц хоёр сумд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэсэн бодлого байх ёстой. Төр, засаг тогтоол, шийдвэрээ гаргачих юм. Тэрийг чинь хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй бол яах гэж баахан цаасны гарз хийдэг юм. Түмэн хүн яаманд сууж, цалин авч, цаас гарздаад хэрэггүй. Тэгснээс хийхгүй байсан нь дээр. Яам ажил хийхгүй байж болно шүү дээ. Угаасаа бид өөрсдөө хийгээд яваа юм чинь. Оросоос чанаргүй баахан будаа авч, холион бантанг нь хутгаад, баахан хор, гербицид, үр, бордоо авчирч зараад ч тэр нь ургахгүй.
Өнгөрсөн жил дотоодод чанаргүй буудай ургасан газрууд бий. Тэр бол чанарын баталгаагүй үр авчирч тариулснаас болсон шүү дээ. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Хүмүүсийн ухамсар зохих шатандаа хүрч, жишээ нь, Япон шиг болсон үед хөгжлийн тухай ярина. Тийм болохоор бид хөгжлийн тухай ярих өдий байна. Эхлээд хүнээ хүмүүжүүлнэ, тэгж байж хөгжлийн тухай ярина. Харин одоо ийм ёс суртахуунтай хүмүүс улсыг хөгжүүлнэ гэж байхгүй. Тэгээд л залуучууд ёс зүйтэй газар луу зугтаж байна.
Бид дэлхийгээс 200-гаад жилээр хоцрогдсон. Тэр хөгжлийг нөхөх дижитал болон орчин үеийн технологи гараад ирсэн. Үүнийг ашиглаж, хөгжлөө жаахан түргэсгэж болно. Нэг ийм муухай үг хэлчихвэл хүмүүс гомдчих болов уу. Тэнэг хүн ухаантай болж байсныг би 70 нас хүртлээ харсангүй. Залуу тэнэг, хөгшин тэнэг л болдог юм байна. Тийм болохоор нэг их итгэл найдвар тавиад хэрэггүй. Залуучууд минь л ухаалаг болох нь хамгийн чухал. Түүнээс биш манай үеийнхэн өнгөрсөн. Тэдэнд итгээд, Хөдөлмөрийн баатар, гавьяат өгөөд ч нэмэргүй. Сургуулийн өмнөх боловсрол хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал үе байдаг. Үүнд анхаарал тавьж байгаа аав, ээж ч алга. Ард түмэн, төр, засаг ч алга.
-Танай компани улаан буудайн үр үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг байх аа?
-Үр үйлдвэрлэхээр улс нэг тонныг нь 900 мянган төгрөгөөр худалдаж авах юм. Өөрсдөө болохоор Оросоос хоёр сая төгрөгөөр худалдаж авах. Тэгэхээр би ямар урам авч, үр үржүүлэх вэ. Манайх Австрийн сайн чанарын үр үржүүлдэг. Тэрийгээ өөрийн аж ахуйдаа л хэрэглэж байна. Дотооддоо борлуулах гэхээр төр бидний өмнүүр ороод, өнөөх хоёр сая төгрөгөөр худалдаж авсан үрээ “Сая төгрөгөөр ав” гээд өгчихдөг. Тэгэхээр энэ бизнесийг хийх боломжгүй. Шуналдаа автсан хэдэн нөхөд ямар ч бизнесийг боомилоод, хийлгэхгүй байна. Манайх өнгөрсөн жил хангалттай их үр авсан. Биднээс үр авч тарьсан компаниуд сэтгэл хангалуун байгаа. Энэ жил 3000 тонн улаан буудайн үр борлуулахад бэлэн. Гэвч зарагдахгүй л дээ.
-Тариаланчид одоо хүртэл төрөөс хөнгөлөлттэй үнээр үр, бордоо, шатахуун авсаар байгаа нь салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж, хөгжлийг нь чөдөрлөөд байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үнэн. Энэ чинь хувь хүнээс өөрөөс нь болж байгаа юм. Тухайн компанийн буруу. Зах зээл хөгжөөд 30 гаруй жил болж байхад өндийгөөгүй бол энэ ажлаа орхиод, өөр юм хийх хэрэгтэй. Өөр хийх хүн зөндөө бий. Манай компани үйл ажиллагаа явуулаад 20-иод жил болж байна. Би нэг ч удаа төрөөс хөнгөлөлттэй зээл, үр, шатахуун авч байгаагүй. Авахгүй. Тэгж амаа үдүүлмээргүй байна. Монгол ардын зүйр үг бий. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэж. Үүнийг сахих ёстой. Нийт аж ахуйн нэгжийг анзаарч байхад өрийн түүх чухал гээд гайхуулдаг. Тэр жаахан ичмээр зүйл гэж би боддог. Мэдээж зээлийн зөв менежмент хэрэглэвэл хэрэгтэй л дээ.
-Бизнесийн салбарынхан ер нь их аминчхан, төр, засгийн болохгүй, бүтэхгүй байгааг хэлэх зориггүй хүмүүс л дээ.
-ХХК гэдэг чинь “хувиа хичээсэн компани” гэсэн үг юм шүү дээ (инээв). Угаасаа тийм байх зарчимтай. Төр ганцхан бодлого л явуулах ёстой. Гааль, татварын бодлогоо зөв явуулах учиртай. Бусад нь төрд ер хамаагүй. Өндөр хяналт тавиад, татвараа авах нь улсын бодлого. Харин тэр цуглуулсан татвараа зөв зүйлд зарцуулах нь нийт монголчуудын эрх ашгийн асуудал. Харин компаниуд хувиа бодохоос өөр аргагүй. Ашгийн төлөө учраас. Тийм болохоор би тэдний зөв гэж бодож байна.
-Бусад тариаланчаас түрүүлж дижитал болон ухаалаг газар тариаланг хөгжүүлж байгаа нь радио спортын мэргэжилтэй тань холбоотой юу?
-Аливаа хүн идэвх зүтгэлээр бүхнийг хийдэг. Би бол зураач хүн. Радио спортын мэргэжил минь жаахан нөлөөлсөн л байх. Та хийе гэвэл сансарт ч нисэж чадна. Элон Маск, “Аpple” компанийг хар л даа. Заавал сургууль төгсөөд, аав, ээжийгээ “хавтсаар” хуураад, ажил амжилттай явна гэж байхгүй. Хүн өөрийгөө хэзээ ч хуурч чаддаггүй. Тийм болохоор таны л идэвх зүтгэлээс бүх зүйл хамаарна.
-Зураач хүн газар тариалангийн салбар луу яагаад орох болсон бэ?
-Би Хөгжим бүжгийн коллежийн зургийн ангийг дээр үед төгсөөд, сүүлд геологийн эдийн засагч болсон. Геологийн яам, ХААЯ-нд ч ажиллаж байсан. Эдийн засгийн ухаанаар л үүнийг хийж байгаа гэсэн үг. Түүнээс биш радио электроник, компьютер бол зүгээр л миний хобби. Хобби бол хамгийн өндөр мэргэжил. Хоббигоороо явуулсан ажил, бизнес маш сайн хөгждөг. Тийм болохоор залуучууд сонирхлоо сайн хөгжүүлэх ёстой. Жишээ нь, манай газар тариалангийн салбарт гэхэд ганцхан агрономийн мэргэжилтэй байгаад хол явахгүй. Инженер, механик, электроник, газар, хөрс шинжлэх гээд олон талын мэдлэгтэй байж хийнэ. Гэтэл тэр олон мэргэжилтнийг ажиллуулах ямар ч боломжгүй. Тиймээс та өөрөө өндөр мэргэжил ур чадвартай, өөрийгөө хөгжүүлдэг, шамдуулдаг байж хөгжинө.
ТЕХНИК ГЭДЭГ НЬ
ТЕХНОЛОГИ БОЛОХООС БИШ, ТӨМӨР ХУДАЛДАЖ АВАХЫГ ХЭЛЭХГҮЙ
-Газар тариалангийн салбарын ойрын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Газар тариалангийн салбарыг экспортынх болгож, 300 сая ам.долларыг Монголд оруулж ирэхийг л хэрэгжүүлж хэрэгтэй. Энэ нь тийм ч хүнд ажил биш. Манай компани уриншаас салаад 15 жил болж байна. 5000 га газрыг огт уриншгүйгээр тариалж болдог. Монголын 750 мянган га-д тэг технологийн дагуу олон төрлийн таримал тариад эхлэхэд 300-450 сая ам.долларыг жил бүр олох боломж бий. Би үүний төлөө л явж байгаа. Монгол Улс ч үүний төлөө явах ёстой. Газрын баялаг, алт эрдэнэсээ дусахаас өмнө ургадаг алтаа ургуулж сурах хэрэгтэй байна.
-Зөвхөн улаан буудай тариалах биш, бусад таримлыг хөгжүүлэх тал дээр манай тариаланчид яагаад хойрго хандаад байна вэ?
-Зах зээлтэй л холбоотой. Юу ч зарж болохгүй боомилсон байхад яах вэ. Хийе гэдэг хүн байхгүй л болохоос биш, гурвалжин будаа, цагаан будаа манайд ургана. Жишээ нь, манайх ургамлын тос шахдаг үйлдвэртэй. Би үнэхээр түүнийгээ ажиллуулж амжихгүй байна.
-Сүүлийн үед тариаланчид гербицид замбараагүй хэрэглэх нь санаа зовоосон асуудал болж байна. Танайх үүнийг хэр их хэрэглэдэг вэ?
-Яахаараа санаа зовоосон асуудал болдог юм. Энэ талаар юу ч мэдэхгүй хүмүүсийн л яриа. Тэр хүмүүс хардах эрхтэй, зөв. Хяналтын систем л энэ юм шүү дээ. Гэхдээ мэдлэгтэйгээр хардах ёстой. Гербицид байхгүй бол улаан буудай ургахгүй. Тэгвэл бүх талбайгаа жилд таван удаа хагална. Ингэснээр бүх хөрс нь хийсээд явчихна биз дээ. Хүмүүс органик хүнс хэрэглэх тухай их сонин зүйл ярьдаг. Манай нөхцөлд органик хүнс идэх ямар ч боломжгүй. Органик гэвэл газраа үхэр, анжисаар хагалаад, өдөр бүр гар аргаар хог ургамалтайгаа тэмцэнэ гэсэн үг. Манайд тийм хүн байна уу.
Органик хүнс идэж болно л доо. Ардчиллын буянаар бүх хүнд 0.07 га газар өгсөн. Өөрт оногдсон газартаа органик ногоо тариад, өрхийн хэрэгцээгээ хангах хүсэлтэй хүн хэр олон байна вэ. Мянгад нэг л бий байх. Хэрэв япон хүмүүст 0.07 га газар өгсөн бол бүгд саятан болчихсон байгаа. Монгол хүн харин улам л гуйлгачин болоод байх юм. Яагаад ингэв гэдгээ өөрөөсөө асуух ёстой л доо. Газрыг баялаг болгож хувиргах ёстой. Ард түмэнд уриалахад, 0.07 га газраа баялаг болго. Хашааныхаа талд нь төмс, хүнсний ногоо таривал 50 хувийг нь зараад, 50 хувийг нь бүтэн жил хэрэглэх боломжтой. Жорлон л ухаад байх юм. Яг тэр жорлон ухаж байгаа технологи чинь зоорь юм шүү дээ. Тэгээд л ногоогоо хадгалчихна.
-Танаас техникийн бодлого сонирхохгүй өнгөрч болохгүй байх. Нэг үеэ бодоход манай газар тариалангийнхан олон орны сайн техникүүдтэй болсон. Гэтэл олон орны биш, Оросын техникийг түлхүү хэрэглэх нь манай газар нутгийн онцлогт илүү тохирохоор байна гэдэг.
-Бид технологи худалдаж авах хэрэгтэй. Жишээ нь, яавал хөрсөө эвдэхгүйгээр тарих вэ. Манай компани 10 гаруй жил хөрс хөндөхгүйгээр тариад болж байна. Техник гэдэг нь технологи болохоос биш, төмөр худалдаж авахыг хэлэхгүй. Тийм болохоор энэ талаар хүн бүр бодолтой, боловсролтой байх ёстой. Орчин үеийн Канад, Америкийн техникийг дэлхий нийтээрээ хэрэглэж байна. Оросууд ч хэрэглэж буй. Би дэлхийн 160 гаруй улсаар явсан. Оросуудын 90 хувь нь барууны техник хэрэглэдэг. Тийм болохоор хуучин үзэл бодлоосоо салж, шинэ технологи, шинэ цаг үедээ ажиллаж, амьдрах ёстой. Тэгээд ч Монгол Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Ганц улсаас техник авах хууль байхгүй. Хамгийн сайн техникүүдийг түүж авч байгаа. Цаашид ч тэгж авах болно.
Бэлтгэсэн И.Отгонжаргал