Ази, Номхон далайн орнуудын материал судлалын академийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Пүрэвсүрэнг Олон улсын ололт амжилтын судалгааны төв дэлхийн шилдэг эрдэмтнээр тодруулжээ. Шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ инновац, шилдэг технологи нэвтрүүлсэн, эрдэм шинжилгээ, судалгааны олон өгүүлэл, бүтээл хэвлүүлсэн эрдэмтдийг тус байгууллага шалгаруулж, олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. 2021 оны нээлттэй уралдаанд 300 гаруй оролцогч нэр дэвшсэн бөгөөд шүүгчид анагаахын шинжлэх ухааны салбараас дөрөв, байгалийнхаас гурав, нийгмийнхээс хоёр, инженер, технологийнхоос нэг, нийт 10 эрдэмтнийг шилдгээр өргөмжилсөн байна. Манай улсын эрдэмтний хувьд инженер, технологийн салбараас ганцаараа цолгорсноороо онцлог аж. Олон улсын ололт амжилтын судалгааны төвөөс түүнд олгосон батламжид “Доктор, профессор, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Пүрэвсүрэн нь шинжлэх ухааны салбарт үнэнчээр зүтгэж, полимер синтез, биополимерийн судлал шинжлэлээр гарамгай амжилт гаргасан” хэмээн тодотгожээ.
Б.Пүрэвсүрэнгийн хувьд химийн шинжлэх ухааны хөгжлийг урагшуулах олон нээлт, шинэ туршилт, судалгаа хийсэн, манай улсын нэртэй эрдэмтдийн нэг юм. Тэрбээр өвөрмөц шинж чанар бүхий шинэ төрлийн полимерийг нийлүүлэгжүүлэн гаргаж авах аргуудыг бий болгосон. Тэрчлэн органик түүхий эд (занар, яс, ээдэмцэр)-ээс шингээгч, шүүгч материал гаргаж авах, тарваганы тосыг техникийн зориулалтаар ашиглан, байгальд ээлтэй бүтээгдэхүүн (лак, будаг, цавуу) үйлдвэрлэх боломжийг нээжээ. Өнгөрсөн хугацаанд 500-гаад бүтээл хэвлүүлснээс 300 орчим нь эрдэм шинжилгээний өгүүлэл бөгөөд үүнээс 60 гаруйг нь гадаадын уншигчдын, олон улсын судлаач, эрдэмтдийн хүртээл болсон байна.