Монгол Улсын Хөгжлийн банкийг тойрсон зээл, эргэн төлөлт, улстөрчдийн хамаарал бүхий болон танил талынхаа аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй асуудал өнөөдөр олны анхаарлыг татах болов. Гэтэл Монгол Улсын Төвбанк их хэмжээний алдагдал хүлээсэн талаар хэн ч ярихгүй, дурсахгүй суугаа нь хачирхалтай. Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүргийг Төвбанкны тухай хуулиар хүлээсэн Монголбанк чухам юунаас болж алдагдалтай ажилласныг уншигчдадаа хүргэе.
ТӨГРӨГИЙН ХАНШ ШАЛДАА
БУУСАН НЬ МОНГОЛБАНКНЫХНЫ БУРУУГААС БОЛСОН
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард Монголбанканд шалгалт хийсэн аж. Ингэхдээ 2012-2016 онд явуулсан үйл ажиллагааг нь хамруулжээ. Энэ шалгалтаар маш олон “но”-той зүйлийг илрүүлж, Төвбанк их хэмжээний алдагдал хүлээсэн гэж дүгнэсэн юм. Гэвч зарим хэсгийг “маш нууц”-д хамруулан хяналт, шалгалтын дүгнэлтийг нууцалж буй нь хачирхалтай.
Уг нь Монголбанк, түүнийг удирдаж асан албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүрэг, баталсан зорилтоо эрхэм болгон ажилласан бол өнөөдөр төгрөг ингэтлээ сулрахгүй, ам.доллартай харилцах ханш ч 3000 шахахгүй, шатахууны үнэ ч 2000-ыг давахгүй байсан нь дамжиггүй. Уг нь Төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлд инфляцыг 2012 онд нэг оронтой тоонд байлгах, 2013, 2014 онд найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан ч амжилт олоогүй юм. Тодруулбал, 2012 онд инфляц 14, 2013 онд 12.5, 2014 онд 11 хувьтай гарч, зорилтот түвшнээс 3-4.5-аар өндөр байж. Үүнийг ажлын хэсгийнхэн “2012-2014 онд инфляцын зорилтот түвшин хангагдаагүй нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой. Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлээс гадна “Чингис” бондын зарцуулалт, Хөгжлийн банкны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн” гэж дүгнэжээ. Дээр дурдсан онуудад 7.6-10.6 их наяд төгрөг нийлүүлж, 12-24 хувиар өсгөсөн юм байна.
Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн үр дүнд тухайн үедээ эдийн засаг харьцангуй тогтворжиж байсныг зарим уншигч санаж буй нь лавтай. Харин энэ нь урт хугацаандаа эдийн засагт сөрөг өөрчлөлтүүд бий болгосон нь өнөөдөр, шатахууны үнийн нэмэгдэл, ам.долларын ханшийн өсөлт зэргээр тод томруун харагдаж байгаа юм. Төвбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн ч мөн ийм дүгнэлтэд хүрсэн аж. Тодруулбал, “Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн дийлэнх нь импортыг дэмжсэн, улмаар гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлсэн ажиллагаанууд байна.
2012-2014 онд гадаад валютын орох урсгал тасралтгүй буурч, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй байдал бий болсон, гадаад валютын албан нөөц багассан үед форвард хэлцэл байгуулж, интервенц хийж байсны нөлөөгөөр Монголбанкны гадаад цэвэр актив буурсан. Гадаад цэвэр актив тасралтгүй бууран валютын албан нөөц багассаны нөлөөгөөр төгрөгийн ханш суларч, импорт буурах, Засгийн газрын өр нэмэгдэх, иргэд, аж ахуйн нэгжийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өсөх, дотоодын үйлдвэрлэл хумигдах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн зах зээлд шударга бус өрсөлдөөн үүссэн” хэмээн дүгнэлтдээ бичсэн байгаа юм.
Түүнчлэн Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга, хэрэгслүүдийн улмаас болон валютын орох урсгал 2013 оноос эхлэн тасралтгүй буурснаас үүдэж, валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсныг 2016 онд 1.3 тэрбум “ногоон” хүртэл бууруулж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1392 байсныг 2489.5 төгрөг болгож нэмэгдүүлэхэд нөлөөлсөн талаар ч дүгнэлтэд тодотгож.
Монгол Улсын гадаадад төлөх өр төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд Монголбанк БНХАУ-ын Ардын банкнаас авсан юанийн своп хэлцэл ихээхэн сөрөг нөлөө үзүүлснээс гадна тухайн жилүүдэд гаргасан “Чингис”, “Самурай” гэх зэрэг бондын “үр дүн” Төвбанкны гадаад өрийг нэмэгдүүлэхэд хүргэсэн гэнэ. Монголбанкны гадаад өр төлбөр нэмэгдэхийн хэрээр харь оронд төлөх зээлийн үйлчилгээний зардлууд ч өсөж, валют гадагшлах нөхцөл бүрдүүлсэн аж. Ийм хүнд нөхцөл байдал үүссэн атал Монголбанкнаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах арга хэмжээ аваагүй, харин ч дэд хөтөлбөрүүдийн хүрээнд форвард хэлцэл хийж, арилжааны банкуудтай своп хэлцэл байгуулж, гадаадын зээлээр дэмжиж байсан нь валютын гарах урсгалыг нэмж, төгрөгийн ханшийг улам сулруулжээ. Үүний үр дүнд долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд хохирол хүлээн, тэдгээрийн зээл хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд орсон, Монголбанк, Засгийн газрын гадаад өр алдагдал хүлээх хэмжээнд хүрч, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурах, төгрөгт итгэх итгэл суларч, үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтворгүй болгож, дотоодын барааны үнэ өсөхөд нөлөөлсөн. Манай улсын гадаад валютын нөөц буурч, төгрөгийн худалдан авах чадвар сулрахад Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ихээхэн нөлөө үзүүлснийг ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн дүгнэлтээ онцолсон байв.
Төвбанкныхан дотоодын арилжааны банкуудтай хийсэн своп хэлцлийн улмаас 96.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай тайланд тэмдэглэжээ. Монголбанк 2012-2016 оны хооронд нэг их наяд 673 тэрбум юань, 8.9 тэрбум ам.доллар, 17.5 тэрбум төгрөгийн своп хэлцэл хийсэн байж. Ашиг, алдагдлынх нь нийлбэр дүнгээр 96.9 тэрбумаар хохирсон гэх тооцоог гаргасан байх юм. Төвбанкны хийсэн ам.долларын своп хэлцлийн 51 хувийг Худалдаа хөгжлийн, 21-ийг нь ХААН, 14-ийг “Голомт”, 12-ыг нь ХАС банк эзэлсэн аж. Монголбанк ийнхүү их хэмжээний алдагдалтай болж байхад арилжааны банкууд тэр хэрээр ашиг олсныг ажлын хэсгийн дүгнэлтэд бичсэн байна.
ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
ҮР АШИГГҮЙ БАЙВ УУ
УИХ-иас удаа дараа тогтоол гаргаж, Засгийн газар, Монголбанк хамтран Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр батлан, 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд 4.8 их наяд төгрөгийн зээл олгосон аж. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанкнаас арилжааны 11 банканд зээл өгсөн бөгөөд Худалдаа хөгжлийн, “Голомт”, ХААН банк 18 удаа, “Капитал”, ХАС, Төрийн, “Чингис хаан” банк 10-12 удаа, “Ариг”, “Капитрон”-ыхон 1-2 удаа зээлийн хөтөлбөрт нь хамрагдсан гэнэ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, Барилгын салбарыг дэмжих, орон сууцын үнийг тогтворжуулах, Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах гэсэн дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг.
Гэвч энэ хөтөлбөрүүдээс санхүүжилт авчихаад мөнгийг нь зориулалт бусаар зарцуулсан явдал нэг бус байна. Тухайлбал, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт багтсан махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах арга хэмжээнд 87 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан аж. 2016 онд энэ арга хэмжээнд аудит хийхэд “Баатрууд тэнгэр”, “Эй эн ди эм” ХХК-ийнхан төсөл сонгон шалгаруулах шаардлага хангаагүй байхад эрх бүхий албан тушаалтнууд тэнцүүлсэн байв.
Гурилын үнийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд 61 тэрбум төгрөгийн зээл үр тарианы нөөц барьцаалан олгохоор тусгасан аж. Харамсалтай нь энэ арга хэмжээг хэрэгжүүлэхдээ мөн л хууль, журам, хөтөлбөрийн холбогдох заалтуудыг зөрчсөн байсныг аудитын тайланд тусгажээ. Тодруулбал, “Од групп”, “Эрдэнэт фүүдс”, “Жавхлант групп”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус”, “Улаан од” ХХК-ийг шалгаруулж 73.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь хөтөлбөрийн заалтыг зөрчсөн гэнэ. Мөн “Дархан таван нуур” ХХК-ийн захирал нь уг арга хэмжээний санхүүжилтийн 314 сая төгрөгийг хувьдаа ашигласан, 157.9 саяыг анхан шатны баримтгүй зарцуулсан, “Орхон мандал” ХХК-ийнхан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг зориулалт бусаар өөр зүйлд өгсөн гэх зэргээр зөрчил гаргасан байжээ.
Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байдаг. 2015 онд хийсэн аудитын тайланд тухайн үеийн ҮХААЯ-наас боловсруулсан төсөл сонгон шалгаруулах баримт бичгийн шаардлага хангаагүй 12 аж ахуйн нэгжийг шалгаруулж, 35.4 тэрбумын зээл олгосон байна. Тэдгээрээс “Мөнх халдун”, “Агро альфа”, “Алтан давхарга”, “Евролайн”, “Органик солюшинс” ХХК-ийнхан гэрээний үүргээ зөрчиж, 786.4 саяас 4.1 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг зөрчил гаргасан аж.
Энд дурдсан хөтөлбөр, арга хэмжээнүүд бүгд хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, хангалттай байлгах зорилготой. Шатахуун, барилгын материалын үнийг тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилт, зөрчил дутагдлын талаар эргэн мэдээлэх болно. Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнгийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн дүгнэлтдээ “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь үнийг тогтворжуулах бус, инфляц өсөх нөхцөлийг бүрдүүлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор олгосон зээлийн хүү бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь Монголбанк, Засгийн газрын хооронд хийсэн санамж бичиг үнэ цэнээ алдсан, үр өгөөжгүй байсны илрэл” хэмээсэн байна.