Үйлчлгээний гавьяат ажилтан Л.Шаснаабадраатай ярилцлаа. Тэрбээр дулааны инженерийн мэргэжил эзэмшсэнээс хойш төрийн захиргаа, үйлчилгээний салбарт 37, хувийн хэвшлийн хайгуул, тээвэр зуучлалын болон бусад салбарт 13, нийтдээ 50 гаруй жил хүн арддаа үйлчилсэн, үүнийг минь л төр үнэлж гэж бодож явдаг даа гэж хэлсэн юм.
-Аль 1971 онд МУИС төгссөн хүн одоо болтол ажил хийж байгаа нь сайхан байна шүү. Гэтэл олон залуу хүн ажилгүй байх юм. Урт хугацаанд хэнээс ч дутахгүй ажлаа хийж яваа тань юутай холбоотой вэ. Миний бодлоор юуны урьд мэргэжилдээ сайн, туршлага арвин болсон байж таарна. Өөрөөр хэлбэл, баргийн хүнээр сольчихооргүй, “гавьяаны амралт” гэх сайхан үг хэлээд тэтгэвэрт гаргаад явуулчихааргүй хүнд л ийм хувь тохиох болов уу. Бас бие тань эрүүл сайн байх нь…
-Миний бие сайн, оюуны хөдөлмөр, нөгөө талаар зааж, зөвлөх зэрэг удирдан чиглүүлэх хэлбэрийн ажил л хийж ирсэн болохоор нэг их төвөгтэй биш байдаг. Биднийг хөдөөгийн 10 жилийн сургууль төгсөх үед зөвхөн багш, хүний их эмч, малын эмч гэхээс өөр дээд мэргэжлийн тухай ойлголт муутай, эдгээр мэргэжлийг л эзэмших хүсэл өвөрлөж байж дээ. Би аравдугаар анги төгсөөд ЗХУ-д цэргийн сургуульд явах байсан боловч ар гэрийн гачигдлаар үлдэж, эмч, цахилгаан, дулаан, барилга инженерийн аль нэгнээс л мэргэжлээ сонгох болсон юм. Хамгийн чухал, амьдралын оновчтой ирээдүйг зорьё гэвэл дулааны инженерийн мэргэжил сонгохыг хөргөлтийн инженер мэргэжилтэй нэгэн ухаалаг хүн зөвлөсөн нь оносон хэрэг. Их сургууль төгсөөд мэргэжлээ мэднэ л гэж боддог байснаас бус, онол байвч туршлага гэж агуу зүйл тэргүүлж явдгийг анзаардаггүй байж. Улаанбаатар хотын ууган дулааны цахилгааны станц ТЭЦ-1-д хоёр жил ажиллаад Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яаманд очсон нь завшаантай.
Би сайндаа биш, цахилгаан станцад мастер, инженерээр хоёр, яаманд боловсон хүчний газар хүний нөөцөөр 19, төрийн захиргааны хяналт шалгалтын ажлыг удирдан зохион байгуулах чиглэлээр 16 жил ажилласан явдал амьдралын том сургууль болж хүнтэй ажиллах, асуудалд хандах, шийдвэрлэх талаар асар их зүйл мэдүүлж, намайг хүний зэрэгт хүргэсэн гэж хэлж болно.
-Та ажиллаж байсан газраа шинэ зүйл хэр санаачилж байв. Энэ бол хүнийг ажил дээр нь тогтоогоод байх нэг шалтгаан мөн байх шүү.
-Миний амьдрал бүхэлдээ төрийн алба хашихад зориулагдсан. Мэргэжлийн инженерийн хувьд дулааны цахилгаан станцын уурын зуухны нэн чухал хэсгийн нэг болох агаар халаагч, ус халаах экомайзер зэрэг гадаргууг өөрчлөн сайжруулах ШБОС гаргасан нь батлагдаж л байлаа.
1970-аад оны сүүлчээр орон нутагт бага оврын хүчин чадалтай дулааны болон уурын зуухууд баригдаж, энэ мэргэжлээр олон ч хүн төгсөж байх үед “Уурын зуухны ашиглалт, засвар үйлчилгээ”-ний гарын авлага ном 1978 онд 1000 ширхэг хэвлүүлсэн ч удалгүй олдохоо байсан, хүнд хэрэгтэй л эд байж дээ гэж боддог юм.
Би нэгэнт төрийн албан хаагчийн хувьд боловсон хүчнийг ялангуяа удирдлага, инженер техникийн ажилтныг зөв сонгож хуваарилах, байршуулах талаар сайд, дарга нартай зөвлөлдөж олон хүнийг дэвшүүлж, бяр чадлыг нь үзэж, амжилтад хүргэсэн, сайшааж шагнасан хүнийг тоолбол ихээхэн цаг орох болов уу. Төрийн албан хаагч хүн санаачлах, удирдлага чиглэл өгөх гол ажилтай байдаг юм шүү дээ. Жишээлэхэд, том хурал зөвлөгөөнд удирдлагын хэлэх үг, төр, засгийн шийдвэрт оруулах санал, тэдгээрийн тайлбар гэхчлэн нь дор бүрнээ олон жилийн судалгаа шинжилгээ, жишээ баримтад тулгуурласан, гарцаагүй үнэнд нийцсэн, хэрэгжих үндэстэй байх учиртай. Иймээс өөрөө сэтгэн бодож, олон хувилбар гаргаж, зөв сонголт хийж, түүнийгээ бусдын өмнө бодитойгоор хамгаалах мэдлэг, чадвартай, хэлснийг чинь зайлшгүй шийдвэрлэхээс аргагүйд хүргэх ёстой. Энэ бол аливаа бичиг, техникийн ажилтны чадамжтай холбоотой.
Би 1992 оноос Худалдаа, үйлдвэрлэлийн сайдын харьяалалд Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагчаар Ерөнхий сайдын шийдвэрээр томилогдсон юм. Сүүлд Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Өмнө нь огт мэдэхгүй, үзэж сонирхоогүй, мэргэжлийн бус их хариуцлагатай том салбар, бас зах зээлийн эдийн засагт шилжсэн хатуу цаг, картын системийн үе гэхчлэн сорил надад тулгарсан. Энэ үед хяналтын байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын аль алинд нь мөрдөх хууль дүрэм, стандарт байсангүй, замбараагүй хувьчлагдаж, хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд, тухайн салбарыг мэдэхгүй хүмүүс өөрөө болон бусдын нэр дээр хувьчилж авсан байв. Иймд нэн түрүүнд Төрийн хяналт шалгалтын тухай, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль байхгүй бол шалгалтын зорилго, үр дүн гарахгүй нь тодорхой учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний зөвлөх нарт нэг бус удаа зоригтой хандаж байснаар 1995 онд Төрийн хяналт, шалгалтын тухай хуультай болсон их ач холбогдолтой ажил байв.
Бас Худалдааны тухай, Аж үйлдвэрийн тухай буюу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, нефть, аялал жуулчлалын гэх мэт бүх хууль амьдралаас урган гарч нэхэгдэж байсны зарим нэг нь аажимдаа бий болсон ч иргэн бүрийн өдөр тутмын амьдралд мөрдөгдөх худалдаа, үйлчилгээний хуулийг 1992 оноос олон удаа боловсруулж УИХ-д өргөн барьсан ч өнөө болтол батлагдаагүй, зарим “их мэдэгч” нь иргэний хуулиар зохицуулна гэсээр өнөөг хүрээд байна. Миний бодлоор энэ нь хуульд хамааралтай буюу замбараагүй худалдаа, үйлчилгээ эрхлээгүй нэг ч гишүүн үе үеийн УИХ-д байгаагүйтэй холбоотой биз. Иймээс үйл ажиллагаагаа замбараагүй эхэлсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх дээрх салбаруудад тохирох маш олон хууль орлосон стандартуудыг бид арга ядахдаа 1997 оноос санаачлан боловсруулж батлуулсан нь нийгмийн амьдралд одоо болтол онцгой үүрэг гүйцэтгэсээр, хуулиудыг орлож, хэзээ гаргахыг нь хүлээсээр байгаа нь нууц биш. Хуучин төрийн захиргааны чиглэлээр 10 гаруй мэргэжлийн хяналт хийж, харьяалагдах яам, сайдынхаа мэдэлд байдаг, аж ахуйн нэгжүүдэд давхардан очиж, ажлыг нь шалгах нэрээр хүндрүүлсээр чамгүй олон жил болсон. Үүнээс гарах арга зам бол төрийн захиргааны хяналтуудыг нэгтгэж нэг удирдлагатай болгох явдал байсан юм.
1999 онд ЗГХЭГ-т би санал тавьж, мөн Эрүүл ахуйн хяналтын улсын албаны дарга Р.Сайжаа, Эм, эмчилгээний чанарын хяналтын улсын албаны дарга А.Дамдинсүрэн, ХЭАХН-ийн тэргүүн Ш.Цэндбаяр бид 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзан саналаа тавьж, танилцуулсны дүнд энэ асуудал зарчмын хувьд шийдвэрлэгдэж 2003 оноос хяналтын байгууллагууд нэгдэж Улсын мэргэжлийн хяналтын газар байгуулагдсан юм. УМХГ байгуулагдсанаар нийслэлд мэргэжлийн хяналтыг өргөн хүрээтэй бий болгосон нь онцгой зөв байв. Мөн аймгуудаас хэдэн арав дахин олон хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагатай дүүргүүд хяналтын тогтолцоогүй байсныг 2007 онд нэгжүүдтэй болгосон.
Одоо манай аж ахуйн нэгжүүд, иргэд, албан тушаалтнууд ихэнхдээ нийгмийн хүрээнд бодлого, үйлчилгээний хувьд шударга бус, ёс суртахуунгүй ханддагаас аливаа дүрэм, журам, стандарт, хууль тогтоомж хэрэгжихгүй байна. Үүнээс гарах арга зам бол хүмүүсийн нийгмийн ухамсар, бусдын төлөөх хандлага чиглэлийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих ухамсар, ёс зүйтэй болгох явдал юм. Өнөөдрийн хувьд энэ асуудал дэндүү дор орсон, хүний бодол, амьдралын чиг хандлага нь бусдын сайн сайхны төлөө сэтгэл гаргах, бүтээх, үйлчлэх бус, өөрийгөө болгож, ашиг олзын төлөө бүхнийг зоосны нүхээр харж амьдрах болсонд би харамсдаг. Үүнийг л төр, иргэн эмчилж, цэвэршүүлэх хэрэгтэй.
Төрд цаастай зууралдаж 40 шахам жил зүтгэсний хувьд одоогийн 80 жил хэрэглэж ирсэн кирилл үсгийн бичвэрийн алдааг засварлах Монгол Улсын стандартыг биечлэн боловсруулж мөрдүүлэх журмыг бий болгосноор төрийн албанд зүтгэх хугацаа маань 2007 онд дууссан даа.
Харин хувийн хэвшилд ажиллахад олон юм ажиглагддаг юм билээ. Би “Ти Ай ложистик” ХХК-ийн хамт олон дунд ажиллаад гадаад, дотоод зах зээлд тээвэр зуучийн компанийн нэр хүнд их чухал болохыг ойлгосон. Ингээд удирдлага хамт олонтойгоо санаа нэгдэн олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 удирдлагын стандартыг 2017 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь бидэнд ихээхэн үр дүн өгсөн. Энэ нь манай тээвэр зуучлалын ажил, үйлчилгээ олон улсын түвшинд хүрэх боломжийг хангаж, чанартай үйлчилгээ үзүүлж чадсанаар ажил жигдэрч, харилцагчдын хүрээ өсөх, ажиллагсдын нийгмийн баталгаа хангагдаж, тэдний бүтээлч байдал, шударга хөдөлмөрлөх хандлага, ёс зүйн хэм хэмжээ эрс сайжирч, харилцагчдын сэтгэл ханамжийн баталгаа нэмэгдэж, компанийн эдийн засгийн үзүүлэлт ихээхэн дээшилсэн нь үүнийг гэрчилнэ. Компани маань төмөр замын тээвэр зуучлалын салбартаа бүх үзүүлэлтээр 140 гаруй байгууллагаас эхний тавд орж чадсанаар бид бахархдаг.
-Төрийн алба, аж ахуйн, үйлчилгээний ажилд учрах бэрхшээл, хохирол, түүнийг засаж, залруулах арга хэлбэр ямар ялгаатай байдгийг тодруулж хэлж болох уу?
-Намайг ТЭЦ-1-ийн зуухан цехэд ээлжийн мастераар ажиллаж байхад 39 атмосферийн даралттай, 4500 цельсийн халуун уур гаргадаг зуухны уурын шугамын орчинд ажиллах, залгалт, салгалт хийх их хүнд ажлаас халширдаг байв. 1972 оны арванхоёрдугаар сард түлш дамжуулах цехийн ковшны редуктор эвдэрч шаариг (бөмбөлөг) нурсныг үйлдвэрийн зурагт заагдсан дугаараар гурван удаа тавьж эвдэж билээ. Гэтэл техникийн паспорт дээр “1” гэсэн тоог “2” гэж андуурч бичсэн байсан. Санхүүгийнхэн тэг (0) алдвал толгой алдана гэдэг шүү дээ. Аливаа техник хэвийн, хэвийн бус, моралийн элэгдэлд орох нь хүнээс үл хамаарна. Унадаг машинаараа бодоход л нэг дугуйн нь шарик нурахад нөгөө гурваараа явахгүй, ремень тасарвал моторт хүч дамжихгүй, аккумлятор суувал ямар ч хөдөлгүүр, гэрэл асахгүйтэй адил бие биенээсээ шууд хамааралтай байдаг. Машин, тоног төхөөрөмжийн эд анги, угсралтын заавар, зурагтаа түүний дугаарыг нэгбүрчлэн тусгасан байдаг. Тэгтэл бид нэг баримт бичиг зургаар ажиллан буруутаж, заводын ашиглалтын зааврыг олж үзэж байж залруулсан удаа бий. Энэ нь үйлдвэрлэгч алдаа гаргасантай холбоотой бөгөөд хот хөлдөх аюултай байсан юм.
Харин төрийн алба гэдэг УИХ, Засгийн газраас батлах хууль, тогтоол, дүрэм, журам нь улс орныг хамааран бүх шатны төрийн байгууллагын хийж гүйцэтгэх ажил бөгөөд бүгд зайлшгүй мөрдөж хэрэгжүүлэх шийдвэр байх учир алдаа нь бүхэлдээ улс орныг хамарсан аюул болох ч магадлалтай. Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд хөрөнгө мөнгөний илүү зардал, аливаа үйлчилгээний горим алдагдсанаас их хохирол амсах, харилцагч, үйлчлүүлэгчдээ гомдоож цааш нь түлхэх, нэр хүндгүй болж зах зээлээс хаягдах аюул ч нүүрлэнэ. Иймээс л төрийн болоод хувийн хэвшлийн ажилтнууд өндөр мэдлэг, туршлагатай, бүх зүйлд тооцоо судалгаатай, ирээдүйгээ харсан бодлого чиглэлтэй, бичиг, техникийн боловсруулах чадалтай, хувийн болоод нийгмийн ёс зүйг бүрэн эзэмшсэн, хууль тогтоомжийг ягштал биелүүлдэг, шударга байхыг шаарддаг.
-Өөрийн тань ажиллаж байсан салбаруудад одоо ямар дутагдал, анхаармаар зүйл байна гэж бодож байна. Хөндлөнгөөс ийм юм анзаарагдах нь содон байдаг даа.
-Надад ахадсан асуулт шиг байна. Би мэргэжлийн хяналтын салбарыг Монгол Улсын төрийн нүд, чих, тархи оюун нь байх ёстой гэж ойлгодог. Аливаа болзошгүй муу зүйлээс хамгаалж, урьдчилан сэргийлсэн үзлэг шалгалтыг хүчтэй болгож чадсан цагт бүх зүйл хэвэндээ орох ёстой гэж боддог. Одоо нийгэмд хүний ухамсрын түвшин, ёс суртахуун хангалтгүй байгаа нөхцөлд ийм л хяналт шалгалт онцгой их ач холбогдолтойг төрийн албаны бүх түвшинд анхаараасай, ард иргэд ойлгоосой. Хяналт шалгалтыг манайд дээд түвшнээс эхлээд бараг бүх хүн хэрэггүй юм шиг ханддаг, тэгвэл бусад бүх оронд хяналт шалгалт байна. Бүр маш хүчтэй байгаа шүү. Хөгжилтэй, соёлтой орны ард иргэд хяналт шалгалт гэдэг бол биднийг бүх талаар хамгаалж, зөрчил дутагдлыг арилгаж, нийгмийн сайн сайхны төлөө үйлчилж байдаг гэдэгт итгэдэг. Бас олон нийтийн байгууллагууд, иргэд нь ч сайтар дэмжин тусалдаг.
Би мэргэжлийн хяналтын системийг олон жилийн дараа ч хэвээр үйлчилнэ гэж бодож явдаг, өнөөгийн манай орны хөгжлийн түвшин, иргэдийн ухамсар, оюун санаа төдийлөн хөгжиж, төлөвшөөгүй нөхцөлд хяналтын тогтолцоо нийгэм, ард түмнийг хамгаалах нь дамжиггүй. Саяхан хотын дарга бүх юмыг дураар нь, дэг журамгүй сул тавихыг шаардаж шийдлээ. Түүний хортой, бохир орчин нөхцөл, хэзээ ч засрахгүй аюул гэж байдгийг манай эрүүл ахуйчид сайн мэднэ. Ертөнц дахинд ийм л зүйлийг шинжлэх ухаан нотолж зүгшрүүлэх гэж ядаж яваа нь нэг хүний сэтгэлийн хөдлөлөөр хандах асуудал биш. Үүний хор уршгийн талаар хэн ч ойлгохоор зүйл дэлхий даяар болон манайд өдөр тутам бичиж, хэлж анхааруулсаар байхад нэр төрөө бодож дураар авирлаж болохгүй. Иймээс хяналт шалгалтыг үнэнч шударга улсын байцаагчдаар бэхжүүлж ажиллах нь нэн чухал гэж боддог.
Ер нь боломжтой аливаа асуудлыг шийдэхэд цаг алдах, хайхрамжгүй хандах нь төрийн албаны бүх шат дамжлагад одоо ч байсаар байна. Бидний үед тийм ажилтныг халж солиод өөрчилж болдог байв. Өнөөдрийн нөхцөлд олонх ажилтан ямар нэг дээд шатны дарга, удирдах ажилтны дэмжлэгээр, захиалгаар ажилд орсон, удирдлага нь өөрөө ч тавиул байх болсноор түүнийг хөдөлгөж, ажлаа хийлгэж чадахгүй байдал хаа сайгүй байна.
Хяналт шалгалтын ажил угаасаа хэцүү, яагаад гэвэл мэргэжлийн хяналтын бүх систем улс орны болоод иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэл явуулдаг, үүнээс бүх шатны удирдлага эмээн зэвүүцдэг, их эрх мэдэл, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, газар тариалан, албан тушаалд томилогдсон хүмүүсийнх нь сүлжээ тэдэнд бүгд байна. Жишээлбэл, 1993 оноос хойш Худалдааны хууль, Экспорт, импортын хуулийн төслийг УИХ-д олон удаа өргөн барьсан ч өнөө хүртэл хэлэлцэж баталсангүй. Улс орны хэмжээнд нэн чухал Худалдааны тухай хуулийг санаачлагчдын нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон, энэ хуулийг Ерөнхийлөгчийн санаачилгаар дахин нягталж батлуулж өгөөсэй гэж хүсэж байна.
Сүүлийн үед мэргэшсэн хяналтын системийн үйл ажиллагааны олон хэлбэрийг үгүйсгэж, хориглосон, наад зах нь мэргэжлийн хяналтын системийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь алдагдсан, зөвхөн урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөөт шалгалт цөөхөн газарт хийдэг болсон нь туйлын харамсалтай. Ийм нөхцөлд зөрчил дутагдал илрэхгүй, арилахгүй.
-Та ер нь ажлын ямар арга барилтай хүн бэ. Зохион байгуулж чаддаг хүн үү, эсвэл өөрийн биеэр үлгэрлэж, бусдыг араасаа дагуулдаг юм уу?
-Нэгж, хамт олныг удирдаж олон жил ажиллахад “Чи чадахгүй байна” гэж хэн ч надад хэлээгүй, 1992-2003 онд үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдын захирамжаар томилогдож, улсын ерөнхий байцаагчийн эрх ч авч байсан юм. Тиймээс миний ажлыг болж байна гэж үзэж хамт олон маань ч зохих ёсоор хүрээлж, зөв юмыг шударга үнэнчээр хэлж, тэмцэж, бүтээхийн төлөө санаа бодлоо зоригтой хэлж, илэрхийлж байсан болохоор хамтран зүтгэгчид минь намайг дагадаг байсан биз.
-Хэд хэдэн яам болон харьяа байгууллагад нь ажиллаж байсан юм билээ. Тэдгээр яамны сайд нараас юм уу, дарга нараас хэнийх нь ажлын ямар арга барил нь таны санаанд нийцдэг байсан бэ?
-Би олон газар солиогүй, үндсэндээ нэр нь өөрчлөгдсөн хоёр яаманд томилогдож ажилласан. Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамж, худалдааны, сүүлд нь Төрийн захиргааны хяналтын гэсэн үндсэн гурван том нэгдмэл системд л ажиллаж байсан юм. Төв цахилгаан станцад зуухан цехийн ээлжийн дарга Ц.Цэнд, Мэлхий, ээлжийн ахлагч Лувсандорж гэж сургуулиар нарийн мэргэжил эзэмшээгүй ч асар их туршлагатай, ёстой л бор зүрхээрээ, хичээл зүтгэлээрээ ажиллаж, бүтээлч, шударга явсан сайн хүмүүсээс л ажил гэдгийг анх сурч мэдсэн юм. Мөн станцын дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ө.Бямбажав, ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Түвшин, ТЭХҮГЯ-ны хэлтсийн дарга М.Ишиг, мэргэжилтэн Н.Чимэд нар бол надад төрийн ажил, амьдралыг сургасан “диплом” олгоогүй л болохоос багш нар минь байлаа.
Тэр үед төрийн яам нь яам шиг, сайд нар нь сайд шиг байсныг дурсах хүн биднээр бараг дуусах байх даа. Би ТЭХҮГЯ-ны сайд агсан БНМАУ-ын Гавьяат эдийн засагч Мятавын Пэлжээтэй дөрвөн жил, ТЭҮЯ-ны болон ГЭЗХУХ-ны дарга, ЭЗГХХ-ны сайд, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат гуайтай 18 жил хамт ажилласан юм. Ер нь хүүхэд, залуу гэхгүй ажил даалгаж, итгэл хүлээлгэж, гүйцэтгэлийг нь харж, үнэлж чаддаг, шударга хүнлэг удирдагч л хүнийг хүн болгон зааж, сургаж явдаг юм билээ.
-Цахилгаан станцын зуухны инженер хүнтэй ярилцаж байгаагийнх утааны талаар асуулгүй өнгөрч яаж болох вэ. Ер нь хэдий үеэс, яагаад бид утааны талаар ярих болов оо?
-Манайхан юмыг бүрэн ойлгоогүй байж сэтгэл хөдлөлөөр, өөрийнхөө бодлоор бусдад тайлбарладаг нь харамсалтай. Утаа гэж ярихаар л нөгөө нүдэнд үл үзэгдэх эрчим хүч, утаагүй халуун түгээх дулаан дамжуулалтын эх үүсвэр болсон, амьдралын амин сүнс цахилгаан станцын хэдэн яндангийн утаа, ус хөргөх том байгууламжийн (градейрн) манарсан уурыг утаатай андуурч ойлгодог.
Цахилгаан станцын өндөр хүчин чадалтай уурын зуухнууд нүүрсийг хэдэн арван микрон хэмжээгээр бутлаад тоос болгон халуун агаараар үлээлгэж түлдэг, түүний өчүүхэн хэсэг нь утаа үнсийг дамжлагаар шүүж цэвэршүүлэх төхөөрөмжтэй, утааг хэдэн арван километрийн цаана хаях түлшнээс хамаарсан тооцоололтой өндөр яндан ашигладаг. Тэндээс гарч буй утаа, түүний бохирдол маш бага болохыг мэргэжлийн хүмүүсээс өөр хэн мэдэх вэ. Том сүртэй харагддаг болохоор түүнээс л болж байна гэхийг олонтоо сонссон. Одоо элбэгшсэн халаалтын жижиг зуух нь харин маш их дутуу шаталтын хор уршигтай.
Миний мэдэхээр нийслэл хот 2000 оны эх хүртэл 600-800 мянган хүн амтай, 5-7 буудлын чиглэл, 500 айл, Яармагийн дэнж, Улиастай, Зайсан, Толгойтын хойд хэсэгт л гэр хороолол байв. Энэ үед хот руу утаа орж ирдэггүй, 5 буудал хүртэл хойноосоо салхинд хөөгдөж утаа бага зэрэг хурж тогтдог, Туул гол дагасан салхи баруун зүг рүү байнга үлээдэг байсан юм. Гэтэл 2000 оноос хойш орон нутгийн иргэд нийслэлд ирж суурьших болж уулын ам бүр, хуучин зуслангууд гэр, галладаг байшин хороолол болон хувирч, гал түлдэг айл хэдэн арав дахин нэмэгдсэн, шатаж болох, хортой, хоргүй юуг ч хамаагүй түлдэг нь хүний эрх чөлөөг хангах нэрээр төрийн бодлого алдагдсан, нийгмийн амьдралын үйл явцаас шууд хамааралтай. Бас хотын барилгажилтын бөөгнөрлөөс хамаарч агаарын урсгал, ялангуяа салхины хурд бага үед нэг зүг чиглэлд урсахгүй эргэж хургадаг болсныг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд мэдэж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр дээр үед утааны талаар ярих шаардлага гардаггүй байжээ.