Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол боллоо. Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яамны болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага оролцов. Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж ирсэн байна. Түүнийг өдгөө цэргийнхэн уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулсаар ирсэн. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эрт цагаас нааш үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдэж цэрэг эрсийнхээ үйл хэрэг, буян заяаг даатгадаг аж.