Монголын өдөр тутмын сонинуудын холбоо энэ сарын 7-нд хуралдаж шинэ удирдлагуудаа томиллоо. Тус холбооны ерөнхийлөгчөөр “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Б.Нямдорж сонгогдов. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай боловсон хүчин юм. Б.Нямдорж “Өдрийн сонин”-д менежер, ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд өдгөө дээр дурдсанчлан Тамгын газрын даргаар нь ажиллаж буй юм. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, сонин сэтгүүл хариуцсан дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Мөн Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гүйцэтгэх захирлаар “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон, ерөнхий менежерээр “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргалыг томиллоо. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн (СГЗ), “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч асан Б.Ганболд (СГЗ) нарыг хүндэт ерөнхийлөгчөөр батлав.
Монголын өдөр тутмын сонинуудын холбоонд “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын мэдээ”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн” зэрэг өдөр тутмын тэргүүлэх сонин гишүүнчлэлтэй юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч асан Б.Ганболд, “News” агентлагийн захирлаар ажиллаж байсан Б.Тэмүүлэн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан С.Батбаатар, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч асан С.Гантогоо, “Монголын үнэн” сонины эрхлэгч байсан Ж.Мөнхбат, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч асан Э.Долгион болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга асан Г.Отгонбаяр нар томилогдож байв.
Тус холбоо нь хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонинуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, уншигчдын мэдэх эрхийг хамгаалахын төлөө олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага юм.
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ХОЛБОО