Даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 65.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх жилийнхээ мөн үеэс 140.2 хувиар өссөн дүн болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр мэдээлэв. Тодруулбал, компанийн өрийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалт 2020 онд 17.5 тэрбум төгрөгт хүрч байжээ. Тэгвэл 2021 оны жилийн эцэст дээрх дүн 141 хувиар нэмэгдэн 42.2, Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компаниудын хувьцаанд ногдсон хөрөнгө оруулалт 96.4 хувиар өсөж 10.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ташрамд дурдахад, дээрх хорооны 2021 оны 64 дүгээр тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-ийн хоёрдугаар хавсралт “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”, дөрөвдүгээр хавсралт “Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл шаардлага”-д холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж байв. Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-д заасан компанийн өрийн хэрэгсэлд даатгалын компаниудын хөрөнгө байршуулах дээд хувийг 30 болгосон юм. Мөн Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компанийн хувьцаанд хөрөнгөө байршуулах дээд хувийг 20 болгон нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тус бүр 10 хувиар өсгөсөн билээ.
Бэлтгэсэн Б.Сонор