Засгийн газрын танхимд “давхар дээл”-тэй сайдыг хязгаарлаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой маргааныг Цэц хэлэлцэх болсноор даруй хоёр сар өнгөрөв. Харин УИХ-ын гишүүдээс дөрвөөс илүүгүй нь сайд байж болохоор тусгасан эл нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультайгаа зөрчилдөж буй, эсэхийг тогтоох Цэцийн хуралдааныг хойшлуулаад хэдийн сар гаруй хугацааг үджээ. Уг нь тус хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, баталсан нэмэлт, өөрчлөлтөө хамгаалах ёстой Н.Энхболд гишүүн “Ковид-19”-ийн халдвар авсан хүний ойрын хавьтал болсон гэх шалтгаанаар хойшлуулсан ч энэ хэвээр хэр удахыг хэлж мэдэхгүй. Учир нь төд хоногоор хойшлуулж болно, болохгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй.
Ер нь энэ хуралдаан болохгүй ч байж мэднэ. Учир нь ХҮН болон АН-ын зарим гишүүнээр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргуулж, хүний гараар могой бариулан Үндсэн хуулийн шинэчлэлээс татгалзаж, ухрах нь гэх, эрх баригчдыг чиглэсэн шүүмжлэл тэднийг өөр алхам хийхэд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Ингэж хэлэх үндэслэл бүхий байр суурийг МАН болон парламентад нөлөөтэй, туршлагатай гишүүд нь илэрхийлээд эхэлчихсэн. Тухайлбал, дээр дурдсанчлан итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд гишүүн “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох болон “давхар дээл”-тэй холбоотой асуудал яригдаж байна. Эд бүгд сүүлийн 15 жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хөндөгдөх бүрт яригдаж байсан сэдэв. Энэ үүднээс нь аваад үзвэл эдгээр асуудлыг хэн нэгэн хүн гэнэт гаргаад ирчихээгүй, угаасаа байсан гэдэг нь харагдана. Дээр дурдсан дөрвөн өөрчлөлтийг бид хүний гараар могой бариулж байгаад хийчих гээд байгаа юм биш л дээ. УИХ-д суудалтай, суудалгүй бүх нам ийм өөрчлөлтүүдийг дэмжиж буй мэдээлэл ч байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Мөн УИХ дахь эрх баригч намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид 2019 онд Үндсэн хуульд нэлээд сайн өөрчлөлт оруулсан. Гэхдээ сонгодог парламентын тогтолцоог бий болгоход дөрвөн зүйлийг дутуу орхичихсон” гээд Н.Энхболд гишүүнтэй адил асуудлуудыг нэрлэсэн. Тэрбээр “МАН Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд орохдоо аль алинд нь сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлнэ гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ үүднээс авч үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн хүрээнд улс төрийн 23 намыг оролцуулан хэлэлцүүлэг хийсэн. Парламентад суудалгүй намууд ч энэ үеэр дээрх дөрвөн сэдвийг ярьж байна лээ. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бид 65 суудалтай байсан. Одоо 62 суудалтай. Нэг нам 57-гоос дээш суудалтай байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж бүрддэг. Энэ парламент Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулчихмаар л байгаа юм. Одоо чадахгүй бол дээр дурдсан асуудлууд нэг хэсэгтээ шийдэгдэхгүй” гэжээ. Тэгж яривал МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хоёр жил ажилласан. УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт ажиллаж эхэлснээр Хэрэг эрхлэх газрын ачаалал илэрхий нэмэгдсэн. Парламентад асуудлаа оруулж, төслөө дэмжүүлэн батлуулах, олон нийтэд ойлгуулахдаа УИХ-ын гишүүн бус сайд нар жулддаг тал бий. Цаашдаа сонгодог парламентын засаглалтай болох хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. УИХ-ын гишүүдийн тоогоо ч бодох нь зүйтэй. Парламентын гишүүн сайд байх хязгаарыг гурав, дөрвөөр тогтоож байгааг ч шийдэх шаардлагатай. Шулуухан хэлэхэд, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоотой болох, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, эсэх талаар ярьж байсан ч тухайн үед сонгууль дөхсөн байсан учраас эдгээрийг орхисон. Дахин ярилцах хэрэгтэй” хэмээн энэ талаарх байр сууриа үндсэндээ илэрхийлчихээд буй.
Эндээс Үндсэн хуулийг өөрчлөх дараагийн их “аян”-д эрх баригчид хэдийн гарчихсан юм биш үү гэмээр харагдаж байна. Ингэхдээ “давхар дээл”-ээр зогсохгүй сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох талаар хөндөж мэдэх нь. Энэ тохиолдолд тэд “жүжиг” тавьж, Цэцийг царайчилж, бас шахах шаардлагагүй болно. Нэгэнт УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж, түүнийгээ хэлэлцээд, баталчихвал шинэ нөхцөл байдал үүсэх тул Үндсэн хуулийн цэц хугацаагүйгээр хойшлуулсан хуралдаанаа бүр хийхээ больж, цуцална гэсэн үг. Улмаар ХҮН-ын Т.Доржханд болон АН-ын Ш.Адьшаа, Н.Ганибал нар тус тусдаа гаргасан мэдээллээ татаж авахгүй байсан ч “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдах нөхцөл бүрдэхгүй.
Уг нь эхний ээлжид “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцээр түрээ барьсхийгээд шийдчихвэл үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй Ардын намынхны нэр хүнд арай цэвэр үлдэнэ гэж тэд тооцсон байх. Цэц эл асуудлаар нэгэнт маргаан үүсгэсэн тул дээрх нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзэж, хүчингүй болгох өндөр магадлалтай гэж хаана хаанаа таамаглаж буй. Өмнөх шиг, Засгийн газрын гишүүдийг 100 хувь УИХ-аас томилж, бүгдийг нь “давхар дээл”-тэй болгоно гэх хүлээлт хийгээд шүүмжлэл бий. Үнэндээ өнөөгийн хууль тогтоогчдоос цөөнгүй нь дараагийн ээлжид сайд болно гэж сэрүүн зүүдэлж, нүхээ малтаж байгаа нь нууц биш шүү дээ. Нэгэнт Үндсэн хуулийн эл шинэчлэлээс ухрах сонирхол эрх баригчдыг бачууруулж эхэлсэн тул юуны түрүүнд Цэцээр дамжуулж хүслээ гүйцэлдүүлэх гэсэн хэрэг. Тэндээс хүлээсэн шийдвэр нь гарчихвал “Цэц л ингэж шийдсэн шүү дээ” гээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг бардам гэгч нь өөрчилнө гэж тэд тооцсон биз. 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтөд наанадаж 2027 онд л дахин гар хүрч, эргэж харах хязгаарлалт тогтоосон эл хуулийг “эвдэх” замыг эрх баригчид ингэж зурайлгах гэж байсныг үгүйсгэх аргагүй.
Гэлээ ч Н.Энхболд гишүүн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол Үндсэн хууль биш. Тийм учраас уг хуульд УИХ өөрчлөлт оруулж болно. “Давхар дээл”- тэй холбоотойгоор Цэц шийдвэр гаргасан ч, эс гаргасан ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт дахин оруулах шаардлагатай гэж энэ удаагийн парламент үзсэн тохиолдолд эхлээд эл хуульд өөрчлөлт оруулна. Үүний үндсэн дээр Үндсэн хуулийг хөндөж болно. Ингэж өөрчлөхгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөх боломжгүй” гэж ярьсан байна лээ. Зөвхөн тэр ч биш, ингэж ярьдаг гишүүн олон. Тэр, бас тэдний зөв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөх эрх нь тэдэнд бий. Д.Тогтохсүрэн гишүүний хэлсэнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ч санаачлаад, батлах хэмжээний эрх мэдэл үнэмлэхүй олонход л байгаа. Цаашлаад Цэцийг царайчилж, дан ганц “давхар дээл”-тэй холбоотой заалтад гар хүрэх бус, хүссэн нэмэлт, өөрчлөлтөө Үндсэн хуульд оруулах эрхийг өнөөгийн эрх баригчид, Ардын намынхан атгаж буй. Түмнийг төлөөлж, төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж суугаагийн хувьд УИХ-ын гишүүдийн өөр хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрх нь энэ л дээ.