Монгол хүний удмын санг хамгаалах тухай урт нэртэй тогтоолыг УИХ-аас өнгөрсөн сарын 14-нд баталлаа. Нэрнээсээ авхуулаад л алдаатай гэмээр энэхүү тогтоолыг батлуулах гэж хэдхэн хүн л улайрсаар ирэв. Үүний тулд монгол хүнийг дэлхийд шившиглэх бүх л аргыг сэдсэний хамгийн “шилдэг” нь цус ойртолт байв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм билээ.
Уг тогтоолыг батлуулах болсон гол үндэслэл нь цус ойртолт бөгөөд түүнээс улбаатайгаар нэмэгдсэн төрөлхийн гажгууд, хавдрын өсөлтийн статистикууд юм. Үүнийг нь хүн судлаач, доктор Э.Энхмаа, Ж.Батсуурь нарын эрдэмтэн хоёр зуун дамнан судлаад “баталчихсан” гэж байгаа. Тэдний судалж, тогтоосноор бол монголчууд нийтээрээ цус ойртсон, хүүхдүүд нь оюуны хомсдолтой, гажигтай төрж, насанд хүрэгсэд нь хавдарт “идүүлж” буй юм байх. Шинжлэх ухаанаар ч бүрэн батлаагүй төрөлхийн гажгууд болон хорт хавдрын өвчлөлийг манай эрдэмтэд л цус ойртолтод “нааж”, дэлхийд байхгүй “нээлт” хийчихээд буй нь хачирхалтай. Цаашлаад уг судалгаагаа “зүтгүүлсээр” монгол хүний удмын санг хамгаалах УИХ-ын тогтоол болгон батлуулж, эл асуудлыг шийдэхийн тулд төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулахаар болов.
Удмын сан гэж юуг хэлэх вэ. Эл нэр, томьёог УИХ-ын гишүүд өөрсдөө мэдэж байгаа юу. Олон сурвалж бичиг, анагаахын судалгаа, эрдэм шинжилгээний өгүүллүүдэд удам, сан гэх хоёр үг нь тусдаа утга агуулдгийг тэмдэглэжээ. Хэрэв хүний ураг, төрлийн хэлхээ, холбоо, гений дарааллыг ярих бол “удмын сан” хэмээх нь яавч тохирохгүй, буруу гэдгийг генетикчид хэлсэн. Харин малын удмын сан, ургамлын удмын сан гэвэл өөр аж. Удмын сан гэх үгийг хүн төрөлхтөн ихэвчлэн ургамалд ашиглаж иржээ. Ургамал нь салхиар, шавжаар, үрээр гэхчлэн янз бүрээр тоос хүртдэг бөгөөд ямар ч сайн чанарын сорт байсан байгалийн жамаар зэрлэгших нь бий. Үүнээс сэргийлж үрийг хадгалах, удмын санг нь хамгаалах тухай ярьдаг байна. Уг ойлголтыг зөвхөн амьтан, ургамалд буюу хөдөө аж ахуйн салбарт ашигладаг юм байна. Эдгээр нэршлийг орос гаралтай генетикч Александр Сергейвич, хувьслын биологич Теодосиус Добжанский нар анх шинжлэх ухаанд нэвтрүүлж, өдгөө дэлхий дахинд өргөн ашиглаж буй. Гэтэл манай “их мэдэгч” эрх баригчид, зарим эрдэмтэн, судлаач монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаална хэмээн хүний эрхэд маш бүдүүлгээр халдахуйц тогтоол баталчихаад, түүнийгээ 30, 40 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ гэдэг нь байж болох зүйл үү.
Хэрэв хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаална гэвэл төр, засаг иргэдээ өндөр, нам, өргөн, нарийн, ухаантай, тэнэг, өвчтэй, эрүүлээр нь ангилж, стандартчилна гэсэн үг. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй, гажигтай төрвөл хүний тооноос хасаж ч мэдэхээр байна. Ийм шинжлэх ухаанч бус, хүн төрөлхтний хэм хэмжээ, үнэт зүйлтэй нь нэр, томьёоноосоо эхлээд л зөрчилдөхүйц тогтоолыг МУИС-ийн Гений инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл тэргүүтэй судлаачид шүүмжилж буй. Харин хүний гений сан нь нэн баялаг бөгөөд олонх нь үүнийхээ тодорхой ху вийг л үр удамдаа дамжуулдаг болохыг шинжлэх ухаан хэдийн баталсан. Үнэхээр монгол хүний гений сан тэгтлээ ядуурчихсан, цус ойртолт нь туйлдаа хүрчихсэн, нийтээрээ өвчтэй, солиотой болчихсон юм бол үүнийг ул суурьтай батлахыг Э.Энхмаа, Ж.Батсуурь тэргүүтэй судлаачдаас бид шахаж шаардах хэрэгтэй бус уу. Тодруулбал, тэд Монголд тохиолдож буй бүх төрлийн хавдар, төрөлхийн гажиг, эмгэг, оюуны хомсдол, цаашлаад аутизм, хэт хөдөлгөөнтөх хам шинжийг хүртэл цус ойртолтын хор уршиг гээд “баталчихаж”. Жишээлбэл, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Төр, нийгмийн хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, доктор, хүн судлаач Э.Энхмаа “Монгол Улсын хүн амд өөрөөс дээш 3-4 дэх үеийн ах, дүү нар гэрлэхэд илэрдэг цус ойртолт бий болсон. Энэ нь бүх аймаг, сум, багийн хэмжээнд нийтлэг үзэгдэл болсныг олон жилийн генетикийн судалгааны үр дүнгүүд нотолсоор байгаа. Түүнчлэн гэрлэлтийн тогтолцоо ихэд эвдэгдэж, хөдөөгийн нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэр бүл болох нь нийт гэрлэлтийн 85.4 хувийг эзэлдэг. Нэг сумынхан хоорондоо гэр бүл болох нь нийт гэрлэлтийн 73.9 хувьтай тэнцүү. Аймгийн хэмжээнд энэ үзүүлэлт 86.1 хувьтай байгаа. Шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор орон нутагт шууд бус цус ойртолтын түвшин сүүлийн 10 жилд 1.2-5.1 дахин өссөн. Ингэснээр олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар монголчууд өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөөлж буй. Манай улсад бүртгэгдсэн оюуны хомсдолын нийт тохиолдлын 50 хувь нь цус ойртолттой холбоотой. Төрөлхийн хөгжлийн согог, гажигтай хүүхэд аймаг, сум бүрт мэндэлж, жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр мэс заслын аргаар эмчлэх боломжгүй хүнд хэлбэрүүд нь ч илрэх болсон” хэмээн ярьжээ.
Тэгвэл МУИС-ийн Гений инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл энэ талаар эсрэг байр суурьтай байна. Тэрбээр “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэгт би суусан юм. Тэр үед тогтоолын төслийн нэр, агуулга нь зөрж буйг шүүмжилж, байр сууриа илэрхийлсэн. Хамгийн гол нь Э.Энхмаа докторын судалгааны ажил нь үнэмшил муутай. Судалгааны тогтсон стандарт гэж олон улсад бий. Үүнийг огт хангахгүй байгаа. Арга зүй нь ч тодорхойгүй. “Цус ойртсон” гэдэг дүгнэлтийг хэрхэн хийснээ огт тайлбарлахгүй байгаа нь хачирхалтай. Би гэхэд л тэр судалгааг нь 4-5 удаа сонссон. Олон улсад бол судалгааны ажилдаа ямар арга зүйг ашигласан нь нээлттэй, ойлгомжтой байдаг. Монголд үнэхээр цус ойртолт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн бол түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцүүлэх ёстой. Ийм чухал, том асуудлыг эрдэм шинжилгээний өгүүлэл болгон хэвлүүлэх ёстой атал тэгсэнгүй. Гэсэн хэрнээ төр, засгийн хэмжээнд үүнийг илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, тогтоол болгон батлуулчихсан нь сонин. Уг нь тэдний яриад буй шиг монголчууд нийтээрээ цус ойртолттой болчихсон зүйл байхгүй. Жишээ нь, манайд үеэлүүд хоорондоо гэрлэдэггүй. Гэтэл барууны орнуудад ийм тохиолдол цөөнгүй. Цус ойртоно гэдэг нь энгийнээр хромосомууд ижил болохыг хэлж буй юм. Үүнийг хомозигот төлөв гэдэг. Ямар нэгэн хортой мутац ижилсэж, тэр нь илэрч гарахыг хэлнэ. УИХ-ын дээрх тогтоолын дагуу хэрэв бид гений цэвэр байдлаа хадгална гэвэл Монголд байгаа удамшлын өвчтэй бүх хүнийг, төрөлхийн гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг янз бүрийн аргаар зөрчинө гэсэн үг шүү дээ. Гэр бүл болохыг нь ч хориглоно. Төрж буй хүүхдүүдийг тэр дор нь оношлоод мутац илэрвэл устгах уу. Угтаа хүний ген гэдэг бол нэгэн цул ойлголт. Дэлхий дээр хүмүүс дөрвөн бүлгийн л цустай, дөрвөн арьстны бүлэгт хуваагддаг. Хэрэв хэдэн мянган жилийн өмнөх удмаа хайх юм бол нэг л ижил өвөгтэй. Дэлхийн долоон тэрбум хүн хоорондоо төстэй гентэй гэсэн үг. Бидний бусдаас ялгарах зүйл нь соёл, зан заншил л юм. Монгол хүний гений X хромсом хятад хүнийхтэй яг ижилхэн байх жишээтэй. Тэгээд ч манай улсад гений гажигтай хүн тун цөөн. Эрүүл мэндийн олон судалгаа, статистик үүнийг гэрчилнэ. УИХ-ын тогтоолын гол агуулга нь сайн. Тодруулбал, гол цөм нь хүний генетикийн оношилгооны асуудал юм. Гэхдээ монгол хүний удмын санг хамгаалах бус, хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд л генетикийн оношилгоо хийнэ гэвэл сая утга учиртай болно” гэж ярилаа.
Эмч нар ч мөн адил төрөлхийн гажгийн тохиолдол нэмэгдсэнийг цус ойртолттой шууд холбох боломжгүйг хэлсэн юм. Э.Энхмаа тэргүүтэй хүн судлаачид цус ойртолтын улмаас сүүлийн жилүүдэд тухайлбал, зүрхний гажиг, уруул, тагнай цоорхой, хүүхэн хэл сэтэрхий, эсвэл тагнайгүй төрөх хүүхдийн тоо нэмэгдсэн гэж буй. Харин ЭХЭМҮТ-ийнхөн үүнийг үгүйсгэж, 1000 төрөлт тутамд тохиолдох ийм гажгийн тоо олшроогүйг хэлсэн юм. Түүнчлэн ийм гажиг, эмгэг нь маш олон шалтгаантай бөгөөд удамшлын буюу гений өөрчлөлт нь цөөн хувийг л эзэлдэг гэлээ.
“Нэгэнт баталчихсан тогтоолыг одоо бид яалтай билээ. Цаашид харин үр дүнтэй, зөв чиглэл, зорилгоор хэрэгжүүлэх нь чухал” гэж хэлэх хүн цөөнгүй байна. Тухайлбал, тус тогтоолын хүрээнд монгол хүний гений сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн амын өсөлт, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар үндэстний дархлааг бий болгох нь чухал гэв. Цаашлаад өрх бүр угийн бичиг хөтлөх, хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах зэрэг хэрэгжүүлбэл зохих заалт багтжээ. Монголчууд ураг төрлөө мэдэлцэж, угийн бичгээ хөтлөх нь буруу биш. Мөн генетикийн төвлөрсөн лаборатори байгуулж, энэ чиглэлийн судалгааг хөгжүүлэх талаар тусгасан байна. Хэрэгжүүлж болох эдгээр зүйлд голчлон анхаарах нь чухал аж.