Монголын талбайн теннисний шигшээ багийн тамирчин, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ А.Жаргал АНУ-ын Чикаго хотод хөл тавьсан цагаасаа гадаадын олон тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон. Тус хотын ахлах сургуулийн шигшээ багт дөрвөн жил тоглохдоо ганцаарчилсан төрөлд амжилт гаргаж MVP цол хүртсэн. Мөн “Conference champion” тэмцээнд түрүүлснээр мужийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авч, алтан медаль авсан юм. Улмаар “University of Illinois at Chicago” их сургуульд сурах тэтгэлэгт бүрэн хамрагдан, шигшээ багт нь тэнцсэн Монголын анхны тамирчин. Тэрбээр АНУ-д 18 насныхны ангилалд чансаагаараа 44 дүгээр байрт бичигдэн, таван одтой тамирчин болж, Чикагод II байрт жагсав. Үүнээс гадна “Universi¬ade Kazan 2013”, “Universiade-Gwangzu 2015”-д оролцож, Монголын тамирчдаас анхны хожлыг авч байв. 2014 онд БНСУ-ын Инчон хотод болсон “17th Asian
games 2014”, “18 th Asian games 2015”, Индонезийн Жакартад зохион байгуулсан Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. АНУ-аас зуны амралтаар ирэхдээ Монголд зохион байгуулсан тэмцээнд оролцож, 2012, 2013 онд ганцаарчилсан, хос төрөлд түрүүлж, 2016 онд “Тэнгэрийн хишиг” тэмцээнд алтан медаль хүртсэн. 2019 онд “Batjar¬gal cup” нэрэмжит тэмцээнд алт, 2021 онд УАШТ-ий ганцаарчилсан, хос төрөлд хүрэл медалийн эзэн болсон. Тэмцээнд оролцохын зэрэгцээ мэргэжлийн дасгалжуулагчаар ажиллаж, өсвөрийн тамирчид бэлтгэж буй түүнтэй ярилцлаа.
-Та талбайн теннисээр ид хичээллэдэг байхдаа аав, ээжийнхээ хамт АНУ-ыг зорьсон гэдэг. Тэнд очоод хэрхэн үргэлжлүүлсэн тухайгаа сонирхуулаач.
-Би талбайн теннисээр долоон настайдаа анх хичээллэсэн. Тэр үед ихэнх тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулдаг байв. ОХУ-ын алдарт тамирчин Мария Шараповагийн тоглохыг зурагтаар харж, хичээллэхээр шийдсэн. Ээж минь нэг өдөр намайг дагуулаад Спортын төв ордонд очиж, талбайн теннисний дасгалжуулагчидтай уулзахад Ж.Батжаргал багш шалгаж үзээд “Охин тань тоглож болохоор шинжтэй. Аав, ээж нь өндөр, биерхүү юм байна. Талбайн теннисээр хичээллэхэд нуруутай байх тусмаа сайн” гээд авч билээ. Тэр үеэс Б.Болд багшийн удирдлагад хичээллэж, тэмцээнд оролцсон. Аав бокс, ээж волейбол тоглодог байсан нь намайг тамирчин болоход нөлөөлсөн. 2006 онд гэрийнхэнтэйгээ АНУ-ыг зорьж, Чикаго хотын Иллинойс мужид суурьшин, дунд, ахлах сургуульд сурахын хажуугаар талбайн теннисээр үргэлжлүүлэн хичээллэсэн. 18 насандаа “University of Illinois at Chicago” их сургуульд сурах тэтгэлэгт бүрэн хамрагдаж, шигшээ багт нь тэнцсэн Монголын анхны тамирчин боллоо. Тус сургуульд дөрвөн жил сурахдаа өглөө нь хичээлдээ суух, өдөр нь бэлтгэл хийх, тэмцээнд оролцох зэргээр олон ажил зэрэг амжуулж гүйхэд цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрсөн шүү.
-Чикагод хөл тавьсан анхны өдрөөс л олон зүйл өөр болохыг мэдэрсэн биз?
-Чикаго хот хүн ам ихтэй, талбайн теннис өндөр хөгжсөн. Тэнд хаа сайгүй байх теннисний талбайд хүмүүсийн тоглохыг өдөр бүр харна. Мэргэжлийн дасгалжуулагчтай клубт бэлтгэл хийхэд өндөр өртөгтэй. Гэсэн ч аав, ээж минь намайг хичээллүүлж, тэмцээнд оролцуулдаг байлаа. Хүүхэд байсан болохоор орчиндоо дасан зохицож, англи хэл хурдан сурсан. Монголд өмнө нь тэмцээнд байнга түрүүлдэг би тэнд очоод сураггүй хожигдоно. Шагнал хүртээд сурчихсан надад ялагдах хэцүү санагддаг байсан ч бүх зүйлийг эхнээс нь сурах хэрэгтэйг ойлгосон юм. 13 настайдаа анхныхаа тэмцээнд оролцож хожигдсон ч тууштай хичээллэсний үр дүнд ур чадвараа богино хугацаанд ахиулсан. Европынхны амьдрал, хандлага, сэтгэл зүй, сэтгэлгээ Азийнхнаас өөр. Хүүхэд байсан тулдаа заримыг нь анзаарахгүй өнгөрүүлсэн гэж боддог. Америкчууд Азийнхныг хятад хүнээр хамгийн түрүүнд төсөөлдөг. Монгол хүн байсан ч хятад гэж хүлээж авна. Талбайн теннисээр Азийнхан ховор хичээллэдэг. Сүүлийн үед ганц нэг тамирчин тоглодог болж байна. Дэлхийн томоохон тэмцээнүүдэд эхний гурван байрыг Европын тамирчид эзэлдэг. Тэдний ихэнх нь багаасаа АНУ-д суурьшиж, бэлтгэл хийсэн болохоор өөр хоорондоо маш хүчтэй өрсөлддөг.
-Америкчуудын хандлага тэр үед танд ямар бодол төрүүлдэг байв?
-Эх орон руугаа буцаад явчихмаар санагддаг сан. 18 нас хүртлээ Монголоо санаж их үгүйлсэн, өдөр бүр очих сон гэж мөрөөддөг байв. Юмны учир ойлгодог болсон насандаа Европынхны хандлагыг нэг их ойшоохоо больсон. Ямар ч орны хүүхдүүд адилхан. Чикагод дунд, ахлах ангид сурдаг байхад хүүхдүүд ази гэж шоолдог байлаа. Харин оюутан болоод энэ хандлага нь өөрчлөгдөхийг мэдэрсэн. Америк залуус төлөвшихөөрөө ази гэх хандлагыг тэр бүр ил илэрхийлдэггүй.
-Тэндхийн хот, мужийн АШТ-д хэдэн жилийн дараа оролцож эхэлсэн бэ?
-АНУ олон хот, мужтай. Зөвхөн Чикаго гэхэд таван сая оршин суугчтай. Миний хувьд хот, мужийн тэмцээнээс гараагаа эхлүүлсэн. Америкийн АШТ-д 100 тамирчин оролцохоор шалгарахад би багтсан юм. Тэд хот, муж улсаас шалгарсан шилдэг тоглогч. АНУ-д баруун, зүүн эргийн АШТ болдог. Тухайн эргийн тэмцээнд эхний таван байрт шалгарсан нь дунд эргийнхэд өрсөлдөх эрх авна. Чикаго жилийн дөрвөн улиралтай. Өвөл нь цас ихтэй. Баруун эргийн Калифорни, Лос-Анжелес хот дулаан уур амьсгалтай. Тэндхийн тамирчид байнгын бэлтгэлтэй тул ширүүн өрсөлддөг.
-Ахлах сургуулиа төгсөөд мэргэжил эзэмших үү, талбайн теннисээ үргэлжлүүлэх үү гэсэн сонголттой тулгарсан байх.
-Надад аль аль нь хэрэгтэй байсан. АНУ-д мэргэжил эзэмшиж, баталгаатай амьдрах, эсвэл мэргэжлийн тамирчин болж, спортод амьдралаа зориулах уу гэж их бодсон. Тэнд тэмцээнээс тэмцээний хооронд амьдралаа залгуулдаг олон тамирчин бий. Нэгнээс нь олсон шагналын мөнгөө дараагийнхад нь зориулж байх жишээтэй. Тийм тамирчид ингэж тоглосоор лигийн томоохон тэмцээнд түрүүлбэл тэнд алга урвуулахын адил өөрчлөгдөнө. Чансаа ахиж, амьдрал нь ч дээшилнэ. Ийм амжилтад хүртлээ амаргүй зам туулж, их мөнгө зарцуулдаг. Миний хувьд эрсдэлтэй зам сонгохоос илүү их сургуульд сурч мэргэжилтэй болохыг зорьсон. Тэндхийн их сургуулиудын дунд I, II, III гэсэн түвшин бий. Би дээд түвшинд тоглодог байлаа. Монголоос над шиг бүрэн тэтгэлэгт хамрагдсан тамирчин байхгүй. Гэхдээ энэ сайн зүйл бас биш. Учир нь дахиад хэдэн тамирчин тэтгэлэгт хамрагдах хэрэгтэй шүү дээ. Сүүлийн үед Монголын талбайн теннисний өсвөрийн тамирчид Азийн тэмцээнд чамлахааргүй амжилт гаргаж байгаад баярладаг.
-Талбайн теннист хөл тавих үеэс гэрийнхэн тань сайн дэмжсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тэдний тус, дэм урагшлахад минь их нөлөөлсөн. Намайг бэлтгэл хийхэд аав, ээж минь ажиллахын хажуугаар байнга зөөж, хоол унд бэлтгэдэг байв. Спортод амжилт гаргахад гэр бүлийн оролцоо чухал. Талбайн теннисээр ганцаараа хичээллэж байгаа мэт харагдавч ард нь гэр бүл, багш дасгалжуулагч, ойлгож, дэмждэг нөхөд гээд олон хүний үүрэг их. Тамирчин болгон их сургуулийн тэтгэлэгт бүрэн хамрагддаггүй. Олон шалгуур даван туулсны эцэст сонгогддог. “University of Illinois at Chicago” их сургуульд бүрэн тэтгэлэг авсан зургаан оюутны нэг нь би. Азийн орноос тус сургуулийн шигшээ багт тоглосон ганц тамирчин нь байлаа.
-Гадаадад олон жил амьдарсан гэхэд эх хэлээрээ цэвэр ярьж байгаа тань таатай санагдлаа.
-Аав минь үндсэрхэг үзэлтэй. Үндэснийхээ өв соёл, ёс заншил, эх хэл, бичгээ их дээдэлдэг. Бид гэртээ монгол ном, зохиол уншиж, төрөлх хэлээрээ байнга ярьдаг юм. Тэндээс Монголд ирээд хүмүүстэй харилцахаар “Төрөлх хэлээ мартаагүй байна” гэдэг. Энд болсон тэмцээнд оролцоход үзэгчид “Ямар сайн тоглодог юм бэ” гэж магтахад өөрийгөө болоогүй байна гэж голдог. Америкт бол ана мана үзэлцэж байж, өрсөлдөгчөө арай гэж хожно шүү дээ.
-Чикагогийн их сургуулийн шигшээ багт тоглоход бүх зүйлийг цаанаас нь хангадаг уу?
-Тийм ээ, тэнд өдөр бүр хийх бүх зүйл тодорхой байдаг. Хичээлдээ суух, тарах, бэлтгэл хийх, амрах, тэмцээнд оролцох гээд. Яг төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу бүхнийг хийнэ. Тухайн жилд зохион байгуулах тэмцээний хуваарийг гаргачихдаг юм. Америкийн их, дээд сургууль спортын бүх төрөлд шигшээ багтай. Оюутнууд нь спортоос гадна хичээлдээ ч анхаарал хандуулна. Тэндхийн тамирчин оюутан энгийн хүүхдүүдээс өөр. Сургуулиа төгсөхдөө адилхан диплом гарддаг ч амьдралд хөл тавихаараа олон зүйлээр ялгардаг. Спортоор хичээллэсэн нь ухаантай, хүлээцтэй, зөв төлөвшинө. Их сургуулиа төгсөөд ажилд ороход “Оюутан тамирчин байсан” гэхээр хүндэлж, хүлээж авдаг. Үүгээрээ тухайн байгууллагын удирдлагад олон талын авьяастай, ажлын ачаалал даах чадвартай, цаг төлөвлөж сурсан, хувийн зохион байгуулалт сайн гэдгээ илэрхийлдэг. Оюутан байх хугацаандаа тамирчид жил бүр тэтгэлгээ сунгуулна. Эхний жил тэтгэлэгт хамрагдаад дараагийнхад нь амжилт тааруухан гаргавал сунгахгүй. Тэгэхээр ур чадварын түвшнээ доошлуулахгүй байх хэрэгтэй.
Сургуулийн шигшээ багийн тамирчин байсан ч удирдлага, багш нар оюутан гэдэгт нь анхаарал их хандуулдаг. Хэрвээ амжилттай сурахгүй бол тухайн сургуульд тамирчин байх шаардлагагүй. Тэр сургуулийн нэрийг гаргаж байгаа болохоос биш, мэргэжлийн тамирчин биш шүү дээ. Тиймээс хичээл, спортын аль алинд нь амжилт гаргахгүй бол тэтгэлгээс хасагддаг. Монголд тамирчин гэхээр боловсрол тааруухан гэсэн ойлголт байдаг. Тухайн тамирчинд боломж, бололцоо байсан бол их, дээд сургуульд сурч, цаашлаад доктор, профессор цол хамгаалж болох. Гэтэл түүнд ганцхан зүйлд зориулах боломж, хөрөнгө, цаг, зав байгаа бол хичээллэж буй спортдоо л бүх зүйлээ зориулна шүү дээ.
-Америкт 11 настайдаа хөл тавьсан охин хэдэн жилийн дараа нутагтаа ирэв?
-Монголд долоон жилийн дараа хөл тавьсан. Мөрөөдөж байгаад ирсэн болохоор эх орон минь юунаас ч илүү сайхан санагдаж билээ. Зуны амралтаар эмээгийндээ ирж амрахдаа энд болсон тэмцээнд оролцоод буцдаг байлаа. Намайг хилийн дээс алхах үеийнхээс Монгол хөгжсөн. Тэр хэрээр олон барилга баригдаж, өнгө төрх зассан угтсан. Энд байхад хөгжилтэй зүйлтэй алхам тутамд таардаг сан. Тухайлбал, автобусанд суугаад явах чиглэлээ жолооч, эсвэл хүмүүсээс асуухад өөдөөс “Иймхэн зүйл мэддэггүй юм уу” гэсэн байдлаар гайхаж харна. Үеийнхэнтэйгээ уулзахаар ярьж буй зүйлийнх нь сэдвийг тэр бүр ойлгохгүй. Тэр үед надад цаг хугацааны машинд суугаад ирээдүйгээс ирсэн мэт санагддаг байлаа. Би 11 настай байх үеийнхээ бүх зүйлийг төсөөлж ирсэн болохоор дурсамжаа сэргээж тоглодог газар, дуртай амттан гээд сонирхдог бүхнээ олж харах гэж хайсан. Харин тэр үеийнхээс олон зүйл өөрчлөгдсөн байлаа.
-Гэрийнхэн тань Монголд төвхнөөд хэр удаж байна вэ?
-Аав, ээж минь эх орондоо хэдэн жилийн өмнө ирсэн. Монголд амьдрах сайхан ч хааяа Америкт байх үеийнхээ хангамж, орчин, нөхцөл, хүнс, барааны сонголт, тогтвортой үнэ ханшийг их үгүйлдэг. Тэнд сонирхсон зүйлээ сонгож авах маш амархан. Монголд эрж, хайсаар очоод авах гэтэл сонголтгүй, эсвэл зарагдсан, дууссан, ирээгүй гэнэ. Нэг үеэ бодвол орчиндоо дасаж л байна. Чикагогоос ирээд талбайн тенниснийхэнтэйгээ нөхөрлөсөн.
-“University of Illinois at Chicago” их сургуулийг төгсөөд тэнд мэргэжлээрээ ажилласан уу?
-Тус сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. “Bank of America”-д ахлах мэргэжилтнээр ажиллаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж туршлага чамгүй хуримтлуулсан. Ажиллах хугацаандаа талбайн теннис тоглоогүй тул спортын орчноо их үгүйлсэн. Тиймээс ажлаасаа гарч, тамирчны замналаа үргэлжлүүлэхийг хүссэн. Намайг ийм шийдвэр гаргахад олон хүн гайхаж байлаа. Би өмнө нь нийтэч, эвсэг хамт олон, таатай орчин нөхцөлтэй газар ажиллахыг мөрөөддөг байлаа. Сэтгэлдээ төсөөлдөг байсан тийм л байгууллагад мөрөөдлөө биелүүлж, гурван жил ажилласан. Тэр хугацаанд “Тамирчин хүн залуу насандаа спортоор хичээллэж, амжилт гаргадаг. Талбайн теннисдээ одоо л эргэж оръё. 40, 50 нас хүрчихээд тэгэх, ингэх минь яалаа гэж харамсаж амьдармааргүй байна” гэж бодсон. Ийм шийдвэр гаргах надад ч бас амар байгаагүй. Хагас жил бодсоны эцэст спортоо сонгосон.
-Ажлаа хүлээлгэж өгчихөөд л маргааш нь теннисний талбайд бөмбөг, цохиуртай өнжив үү?
-Гадаадын нэр хүндтэй байгууллагад олон хүн ажиллах гэж өрсөлддөг. Нэг хүн гарсан ч нөгөө нь ажиллахад бэлэн. Тэндхийн ямар ч байгууллага ажлаа хүлээлгэж өгөхөд ямар шалтгаанаар гарч байгаа, эсэхийг асуудаггүй. “Баярлалаа, амжилт хүсье” гээд үддэг. Хүн сонирхдог зүйлээ хийх хамгийн сайхан. Тиймээс л өөрийгөө дуртай спортдоо үлдсэн гэж боддог. Надад хүссэн зүйлдээ зориулж байгаа цаг хугацаа үнэ цэнтэй. Би бэлтгэл хийхийн хажуугаар холбоондоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Өсвөрийн тамирчдыг харахаар хүүхэд насны минь дурсамжууд өөрийн эрхгүй бодогддог юм. Монгол хүүхдүүд их нийтэч, нэгэндээ тусархуу, нөхөрлөлдөө үнэнч байдаг. 2014 оноос эхлээд Чикаго дахь монгол хүүхэд, залууст талбайн теннисний сургалт явуулсан. Монголынхоо тамирчдыг дэмжин, хандивын аян зохион байгуулж теннисний 1000 бөмбөг, бусад хэрэглэл, материал цуглуулж нэг бус удаа явуулж байлаа.
-Та эх орондоо ирээд багагүй хугацааг үдлээ. Цаашид үргэлжлүүлж сурах уу?
-Суралгүй яах вэ, магистр, доктор цол хамгаална гэж боддог. Одоохондоо талбайн теннист анхаарал хандуулж, нэг хэсэгтээ тоглоно. Би урлаг сонирхдог. Чөлөөт цагаараа дуулах дуртай. Монголд 2018 онд анх зохион байгуулсан “The voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцож, өөрийнхөө ур чадварыг сорьсон юм. Шилдгүүдийн эгнээнд багтаж, дуучин Д.Болдын багт battle round хүртэл амжилттай оролцсон. Тэр жил тус нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин шалгарч байв. Гадаадад амьдардаг монголчууд нутгаа санадаг болоод ч тэр үү, монгол контент их үздэг. Би эх орондоо ирснээс хойш гадаадын нэвтрүүлэг үзэх болсон.
-Дасгалжуулагч багшийн хувьд шавь нартаа өөдрөг үгээр урам хайрлаач.
-Спортоор хичээллэсэн хүн зөв хүмүүжилтэй, шударга, хүлээцтэй, нийтэч зантай байдаг. Тиймээс нэгэндээ дэм болж, нэг гэр бүл шиг нэгдмэл байгаарай. Спортын замналд тамирчин хүн нөхөрлөлдөө үнэнч байх чухал. Амьдарч буй нийгэм, ажиллаж буй байгууллагынхаа хамт олон, ойр дотнынхоо найз, нөхдөд үлгэр дуурайл болохын тулд өөрөө эхлээд зөв хүн байх хэрэгтэй. Таны харилцаа, хандлага, биеэ авч яваа соёлоос бусад тань суралцдаг гэдгийг үргэлж санаж яваарай
Бэлтгэсэн Г.Батцэцэг