Урлагт дуртай олон хүүхдийг жүжигчний мэргэжлийн амтанд дурлуулж, тайз, дэлгэцийн уран бүтээлчдийг дөрөөнд гишгүүлсэн кастингийн “Шанс” агентлагийн 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Тус агентлагийг үүсгэн байгуулагч, захирал, багш Б.Нарантуяа манай өнөөдрийн зочин. Тэрбээр агентлагийнхаа ойд зориулж “Сэтгэлд харвасан туяа” кино бүтээснээ энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
-Монголын урлагт 40 гаруй жил ажилласан атал та хэвлэлд огт ярилцлага өгдөггүй. Гэтэл урлагийнхан бүгд таны үүсгэн байгуулсан “Шанс” агентлагийн талаар мэддэг. Ярилцлагаа таны хүүхэд насны тухай асуултаас эхэлье. Таныг багадаа шаггүй тамирчин охин явсан гэж сонссон. Харин хэрхэн урлагт дурлав?
-Тэвчээр хатуужил, тууштай байдлаас авхуулаад тамирчид, урлагийнханд ойролцоо, төстэй шинж олон бий. Аливаад авхаалжтай, цовоо гээд дурдвал олон. Би Хэнтий аймгийнхаа төвийн дунд сургуульд сурсан. Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан болоод ч тэр үү, жаахан сахилгагүй, өөртөө итгэлтэй охин байлаа. Намайг амьдралд хатуужил, тэвчээртэй хандах суурийг тавьж, спортод дурлуулсан хүн нь Монголын цана, хөнгөн атлетикийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан, олон мундаг тамирчныг бэлтгэсэн Гавьяат багш Д.Ренчин байлаа. Багшдаа одоо ч талархаж, бодож явдаг. Санаандгүй байдлаар Хэнтий аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчнээр шалгуулж, тэнцсэн юм. Спортоор хичээллэдэг байсан болохоор цоглог, хөдөлгөөний эвсэлтэй, дээр нь дуу хоолой сайтай байсан нь давуу тал болсон байх. Дагалдангаар оронгуутаа шүлэг, найраглал уншиж, гитар тоглоод дуулчихдаг, тоглолт, арга хэмжээ хөтөлдөг боллоо. Соёлын ордны ахмад уран бүтээлчид намайг тоон, сургаж, бэлдсэн нь тэр.
-Соёлын ордонд хэр удаан ажилласан бэ?
-Соёлын ордонд намайг тосож авсан, миний анхны багш Д.Дариймаа одоо 80 гаруй настай сайхан буурай бий. Алдарт “Жонон хонгор” дууны шүлгийг зохиосон, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням агсны гэргий. Одоо ч би багшийндаа очдог. Авьяастай, мундаг хүмүүстэй хамт тэндээ хоёр жил ажиллалаа. Тэр хугацаанд урлагт, ялангуяа жүжигчний мэргэжилд хорхойсож, энэ чиглэлээрээ сурахаар шийдсэн юм. Тухайн үеийн Соёлын ордны дарга Д.Хишигжаргал намайг энэ чиглэлээр суралцахад их дэмжсэн. Ингээд Улсын багшийн дээд сургуулийн кино, драмын ангид шалгуулж, тэнцсэн юм. Тэр жил 500 гаруй хүүхдийг гурван шаттай шалгаж, долоон хүүхэд тэнцүүлсэн байдаг.
-Танай ангиас Гавьяат жүжигчин олон төрсөн байх аа?
-1983 онд элсэж, 1989 онд Д.Маамхүү багшийнхаа ангид төгссөн. Гавьяат жүжигчин И.Одончимэг, У.Батбаатар, Г.Золбоот, Б.Цоодол, Ё.Алтангэрэл, О.Энхтуул тэргүүтэй олон сайхан уран бүтээлч манай ангиас төрсөн.
-Оюутны жилүүд тань хэрхэн өнгөрсөн бол. Уран бүтээлийн гараагаа тэр үед эхлүүлсэн үү?
-Хөдөөнийх мөртлөө хотынхноос дутахааргүй ганган охидын нэг явлаа. Тухайн үед ямар л хувцас моодонд орж байна, түүнийг өмсчихдөг, үс, зүсээ ч сайхан янзална. Намайг “Хэнтийн Нараа” гэж дууддаг байв. Би кино, драмын ангиа онц дүнтэй төгссөн. Д.Маамхүү багш минь намайг төгсөн төгстөл нэг ч удаа загнаж, муу үг хэлж байгаагүй.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү багшийнхаа талаар дурсаач, та?
-Багш минь их хүнлэг хүн байлаа. Биднийг төгсөхөд А.Вампиловын “Чулимскт болсон явдал” жүжгийг И.Нямгаваа найруулагч найруулж, И.Одончимэг гол дүрд нь, “Талын цуурай” жүжгийг С.Сугар найруулагч найруулж, гол дүрд нь О.Энхтуул, А.Островскийн “Аянга” жүжгийг багш найруулж, би гол дүрд нь тоглосон юм. Багш нэлээд хожуу “Миний
ангид “Аянга”-ын Кабанихад тоглох жүжигчин байсан учраас л би энэ жүжгийг тавьсан юм” гэж хэлсэн удаатай. Эргээд бодоход багш минь хүний доторхыг олж, холыг хардаг хүн байж. Эл жүжгийнх нь гол дүр буюу Кабанихад би тоглосондоо баярлаж явдаг. Жүжигчнээс жинхэнэ уран чадвар шаардсан, шандас сорьсон дүр. Энэ жүжиг намайг улам задалж, хөгжүүлсэн гэхэд болно. Намайг багш минь дэмнэсээр, мэргэжилд минь улам дурлуулсаар, хүн болгож төлөвшүүлсээр төгсгөсөн. Миний багш Цагааны Цэгмэд хэмээх их хүний анхны 13 шавийнх нь нэг. Мөн ГИТИС төгссөн найруулагч. Эргээд бодоход багш минь төрөлхийн багшлах ухаантай хүн байж. Хүүхдүүдтэй эгэл харилцаж, алгуураар хүмүүжүүлж, авьяасыг нь өнгөлдөг хүн байлаа. Тийм ч болохоор Д.Маамхүү багшийн шавь нар Монголын тайз, дэлгэцийн урлагт тод мөртэй яваа. Иймээс “Сэтгэлд харвасан туяа” киногоо багшийнхаа гэгээн дурсгалд зориулж буй юм. Багш минь хэзээ хойно 2014 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж, түүнээсээ хэдхэн сарын дараа өөд болсон. Монголын урлагт маш олон жил зүтгэсэн найруулагч, олон авьяаслаг уран бүтээлчийг бэлтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгчийг яагаад тийм хожуу шагнав аа. Бодох бүрт харамсал төрдөг. Тиймээс чаддаг зүйлээрээ багшийнхаа нэрийг гаргах, дурсах гэсэн юм. Ташрамд, сэтгэлээ шингээж хийхээр зорьсон киногоо бүтээхэд минь шавь нар минь дэмжиж, тусалсан. Маш их баярласнаа хэлье.
-Та кино, драмын анги төгсөөд хаана хуваарилагдаж, ажилласан бэ?
-Төгсөөд Дарханы “Залуучууд” театрт томилогдлоо. Театртаа амжилттай ажиллаж байгаад 1996 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ирсэн.
-Хотод ирээд багшилж эхэлсэн үү?
-Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Гавьяат багш Р.Уртнасан нар намайг оюутан байхдаа тайзны ярианы хичээлд гайгүй байсныг мэдэх тул “Багш бол” гэж ятгасан. Ингээд киноны сургуулиудад багшиллаа. Х.Дамдин, Б.Сумхүү, Ж.Бунтар найруулагчийн даасан ангиудад хичээл заадаг байв. Багшлахынхаа хажуугаар Монголын рекламны ассоциацын дэргэдэх “Рекламны ертөнц” сэтгүүлд менежерээр ажиллаж байлаа.
-“Шанс” агентлагаа хэрхэн байгуулсан бэ. Энэ төрлийн Монголын анхны хувийн агентлаг уу?
-Их, дээд сургуулиудад багшлах үедээ цагаар хувь хүмүүст хичээл заадаг байсан юм. Албан ёсоор 2001 онд гэрчилгээгээ авсан ч үйл ажиллагаагаа 1998 оноос эхэлсэн гэхэд болно.
-Багшлалгүй жүжигчнээрээ ажилласан бол гэж бодож байв уу?
-Залуудаа өөрийгөө мундаг жүжигчин болно гэж боддог байлаа. Сургуулиа ч онц төгсөж, ажилласан театрууддаа ч гялалзаад л. Одоо бодох нь ээ, би мундаг жүжигчин биш, багш л болох ёстой хүн байж. Тэр үед тэгсэн, ингэсэн бол гэж харамсах дургүй.
-Өнөөдрийг хүртэл та хэчнээн шавь бэлдсэнээ барагцаалж үзсэн үү?
-Ёстой үгүй. Эхэндээ ч шавь нарынхаа тоглосон уран бүтээлүүдийг хардаг л байлаа. Сүүлдээ тоогоо алдчихсан. Ер нь багцаа гаргая ч гэж боддоггүй. Миний шавь нар урлагт хөл тавьж, амжилттай ажиллаж байгаа нь нүдэнд харагдаж л байвал сайхан. Тэр л бодит үр дүн.
-Агентлагийнхаа 20 жилийн ойд зориулж та “Сэтгэлд харвасан туяа” кино бүтээснээ тун удахгүй үзэгчдэд хүргэх нь. Яагаад Мар Ташимович Байджиевын эл зохиолыг кино болгохоор шийдсэн юм бэ?
-Би гуравдугаар дамжаанд байхдаа “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн гол дүрд тоглож байв. Д.Маамхүү багш “Чамд энэ дүр яг тохирно” гээд л надтай ажиллаж эхэлсэн. Тэр үед л энэ зохиолоор кино хийвэл ямар сайхан бэ гэж бодож байлаа.
-Өөрийнхөө тайзан дээр тоглож байсан дүрд өөр хүн тоглуулж, найруулах танд ямар байв?
-Киноныхоо зургийг авах үед яг л оюутан ахуй үе рүүгээ эргээд очсон мэт санагдаж, багшийгаа их санасан. Ингэж, тэгж ажиллаж байж билээ гээд л дурсамжууд нүдэнд харагдаад. Багш энэ дүрийг надад “Маш хүчтэй, амьдралын төлөө зүтгэж буй эмэгтэй. Гэхдээ маш үзэсгэлэнтэй. Гоо үзэсгэлэн нь түүний бэлэг, бас золиос” гэж хэлж билээ. Тиймээс ч эл дүрд маш үзэсгэлэнтэй, тэгсэн атлаа эрэмгий эмэгтэйг сонгох хэрэгтэй болсон. Би 2007 оноос хойш Монголын загварын агентлагуудад өөрийгөө илэрхийлэх, ярих уран чадварын хичээл заасан давуу талтай. 2004, 2005 онд “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа бид хоёр C1 телевизээр үзэгчдэд хүргэсэн “Mongolian beauty” шоу нэвтрүүлгийг хамт шүүж байв. Тэрбээр надад мисс, загвар өмсөгч Н.Ануг санал болгосон юм. Надад ч таалагдсан. Театрын үе үеийн хүчтэй, чансаатай эмэгтэй жүжигчдийн авьяасаа сорьдог байсан дүр шүү дээ. Яг л багшийнхаа надад захиж байсныг энэ киног найруулах үедээ жүжигчдэдээ хэлж, тэр шугамыг барьж бүтээхийг хүссэн.
-Бүсгүй хүний амьдрал, ертөнцийн тухайн өгүүлсэн кино бүтээх нь эмэгтэй найруулагчид ойр байсан байж магад.
-Харин ч эсрэгээрээ юм билээ. Би шулуухан зантай, бүх зүйл нь ил хүн мэт харагддаг боловч үнэндээ битүү, дотогшоо зантай юм шиг ээ. Бүсгүй хүний амьдралд асар их нууц бий. Зарим найруулагч түүнийг нь ний нуугүй, ил гаргачихдаг байх. Харин би тэгэхийг хүсээгүй.
-“Сэтгэлд харвасан туяа” киноны гол дүрд таны хүү, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш мөн тоглосон. Хүүтэйгээ нэг уран бүтээлд ажиллах амар байв уу?
-Миний хүү гэдэг өнцгөөс огт бодоогүй. Бодох ч үгүй. Миний уран бүтээлд тоглож буй жүжигчин. Мэргэжлийг нь эзэмшсэн жүжигчин хүн учраас мэргэжлийн л байх ёстой. Хүүгээ жүжигчин болно гэхэд эсэргүүцэж байсан хүн шүү дээ, би. Бүр СУИС-ийн багш нарт “Наадах чинь солгой хоолойтой. Аваад ч хэрэггүй дээ” гэж хүртэл хэлж байлаа. Өөрөө л бие даан шалгалтдаа бэлдэж, СУИС-д элсэж, төгссөн. УДЭТ-т ажиллаж байх хугацаандаа найруулагчаар сурч, магистраа хамгаалсан. Нэгэнт өөрөө ингэж дурлаж, сонгосон юм чинь мэргэжлийн ажиллах ёстой биз дээ. Хүүг тав бил үү, зургадугаар ангид байхад Д.Маамхүү багш манай ажил дээр ирсэн юм. Тэр үед хүүг хараад “Жүжигчин болчихоор хүүхэд юм биш үү” гэсэн. Би тэр үгийг нь мартчихсан, харин хүүгийн ой тойнд хадагдчихсан юм билээ. Дараагийн кинондоо тоглуулах жүжигчнээ саяхан сонгоход хүмүүс “Яагаад хүүгээ тоглуулахгүй байгаа юм бэ” гэж асуусан. Би ямар хүүгээ тоглуулахын тулд кино хийж байгаа биш. Тохирох жүжигчнийг нь л тоглуулна шүү дээ.
-Дараагийн уран бүтээлийнхээ талаар дэлгэрүүлж болох уу?
-Яг үнэндээ би олон кино хийхгүй. Тоотой, гэхдээ чанартай бүтээл хийх зорилго бий. Түүний эхнийх нь “Сэтгэлд харвасан туяа” байлаа. Одоогоор дараагийн киноныхоо зохиол дээр ажиллаж байна. Түүнээс цааш дэлгэхэд эртэднэ
Бэлтгэсэн А.Халиун