Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан зохион байгуулах гэж байна. Эл уралдаан нь Ардын багш, Гавьяат жүжигчин Г.Долгорсүрэнгийн нэрэмжит аж. Г.Долгорсүрэн нь монгол ардын бүжгийн мэргэжлийн дэг сургалтыг зохиогч, нэрт бүжиг дэглээч, бүжгийн нэрт мастер, сурган хүмүүжүүлэгч юм. Тэрбээр 1943 оноос Улсын төв театрт жүжигчин, 1950 оноос Дорнод аймгийн театрт бүжигчин, мөн Соёлын яамны Ардын уран бүтээлийн кабинетад бүжгийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. Монгол туургатан оршин суудаг нутаг орнуудаар олон ястны бие биелгээ, ардын бүжгүүдийг нэгбүрчлэн судалж, цуглуулсан материал нь түүний Монгол бүжгийн дэг сургалтаа бий болгоход чухал үндэс суурь болсон байдаг. Түүний нэрэмжит улсын уралдааныг ирэх гуравдугаар сарын сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 28 хүртэл зохион байгуулахаар болжээ. Ташрамд, Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулиас төв, орон нутгийн театр, чуулгуудын бүжигчдийн мэргэжлийг дээшлүүлэх зорилготой сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. 2018 онд Үндэсний урлагийн их театрын бүжигчдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан бол энэ жил Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчдийг мастер хичээлд хамруулжээ.
Бэлтгэсэн А.Халиун