Улсын хэмжээнд өчигдөр 860 иргэнээс “Ковид-19” илрүүлж, уг өвчний улмаас гурван хүн нас барсан бөгөөд халдварын тархалт буурч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Өдгөө илрүүлж буй нийт тохиолдлын 99 хувийг омикрон хувилбар эзэлж байгаа аж. Коронавирусийн омикрон хувилбарын улмаас өнгөрсөн сарын дундаас эхэлж манай улсад цар тахлын дөрөв дэх давлагаа үүссэн. Уг давлагааны эрчим саарч, өдгөө намжих хандлагатай болсныг Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас мэдээлсэн юм. Тиймээс оюутан, сурагчдыг танхимын сургалтад шилжүүлэх үеэр халдварын тархалт одоогийнхоос төдийлөн нэмэгдэхгүй, дээд тал нь 10-20 хувиар ихсэх магадлалтай гэсэн таамгийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан гэнэ. Хэдий тийм боловч омикроны дэд хувилбар болох ВА.2 зарим улсад тархсан. Үүний халдварлах чадвар нь өмнөх ВА.1-ээсээ 1.5 дахин өндөр гэсэн таамгийг судлаачид дэвшүүлжээ. Уг шинэ хувилбар нь манай улсад бүртгэгдээгүй гэж албаныхан өчигдөр мэдээлсэн бөгөөд энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж буй аж.