УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17- нд цахим хөгжлийн багц хуулиудыг баталсан. Эдгээр хуулийг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хууль хамаарч байна. Цахим шилжилт хийх, Засгийн газраас тодорхойлсон “цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд эдгээр нь чухал хувь нэмэр оруулна гэж хууль тогтоогчид тайлбарлаж буй. Тухайлбал, цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тооцож, нотлох баримтын хэмжээнд авч үзсэнээрээ онцлог аж. Эдгээр хуулийн онцлог зүйл заалтуудаас хүргэе.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД, ДОТООД ӨРИЙН МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ БАЙНА
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг манай улс 2011 онд баталж, хэрэгжүүлжээ. Уг хуулийг шинэчилж, сайжруулсны үндсэн дээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг УИХ баталсан. Ийнхүү шинэчилснээр таван төрлийн 68 мэдээллийг байнга ил тод, нээлттэй болгож, тогтмол шинэчилж байх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Тухайлбал, өдгөө бараг нууцын зэрэглэлтэй шахам байгаа тусгай хамгаалалттай бүс нутагт газар эзэмшиж, ашиглагчдын талаарх мэдээллийг нээлттэй ангилалд оруулав. Тэгвэл өөр ямар мэдээллүүд нээлттэй болж, аль нь хаалттай байхыг хуульд хэрхэн тусгасныг доор жагсаалаа. Мөн иргэн, хуулийн этгээд тухайн мэдээллийг хэрхэн авч болохыг товч дурдав. “Нийтийн мэдээлэл гэж мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдэл” гэж уг хуульд тодорхойлжээ.
7.1 Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна.
8 дугаар зүйл. Нээлттэй мэдээлэл
8.4.14. Засгийн газраас гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээлэл;
8.4.16. Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээлэл;
8.4.17. Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээлэл;
8.4.26. төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, явц, үр дүн;
8.6.12. тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;
8.6.18. зүй ёсны монопол аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн мэдээлэл болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн жагсаалт;
8.6.21. мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн, гэрээний хэрэгжилт;
8.12. Мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран мэдээлэл хариуцагч цахим хуудас, мэдээллийн самбарыг заавал ажиллуулах ба цахим хуудсаар нээлттэй мэдээлэлтэй танилцах нөхцөлийг бүрэн хангана.
8.13. Нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах тохиолдолд тус мэдээллийг өгөх эх сурвалжийг цахим хуудсанд тодорхой заасан байна.
8.17. Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
9 дүгээр зүйл. Хязгаарлалттай мэдээлэл
9.2.1. хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл;
9.2.2. төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл;
9.2.3. нээлттэй байлгах нь соёлын хосгүй үнэт өвд аюул учруулж болзошгүй мэдээлэл;
9.5. Мэдээлэл хариуцагчид байгаа хязгаарлалттай мэдээллийг тухайн мэдээллийн эзэн өөрөө хэдийд ч авч ашиглаж болно.
10 дугаар зүйл. Хаалттай мэдээлэл
10.1.1. төрийн нууцад хамааруулсан мэдээлэл;
10.1.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.3 (иргэний биеийн давхцахгүй өгөгдөл-хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолойны мэдээлэл)-т заасан мэдээлэл;
13 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээд мэдээлэл авах
13.1. Хүн, хуулийн этгээд мэдээллийг хүсэлт гаргаж, эсхүл цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байршуулсан мэдээллийг хүсэлт гаргалгүйгээр тухайн цахим хуудсанд хандаж авч болно.
13.2. Нээлттэй мэдээлэл авах бол хүсэлтийг амаар болон бичгээр, хязгаарлалттай мэдээлэл авах хүсэлтийг бичгээр гаргана.
13.3. Цаасан болон хуульд заасны дагуу цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХДАА ЗААВАЛ ЗӨВШӨӨРӨЛ АВНА
Манай улс 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, хэрэгжүүлжээ. Гэсэн ч уг хууль нь техник, технологи өндөр хөгжсөн өнөө үеийн шаардлагыг хангадаггүй, улмаар хувь хүний нууц, хувийн мэдээллийг хамгаалж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс уг хуулийг шинэчилж, Хүний хувийн мэдээлэл авах тухай хуулийг баталж, хэрэгжүүлэхээр болоод байна. Өмнөх хуульд “Хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэх оньсого мэт заалт байв. Ингэхдээ хувь хүн нууцаа хэрхэн хамгаалах талаар тодорхой заагаагүй. Улмаар уг хуулийн үйлчлэл сул учраас иргэдийн хувийн нууц, хувийн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарж, дуртай нэг нь нэхдэг болсон жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл шинэчилсэн хуульд хувь хүн өөрөө нууцаа хамгаалахын зэрэгцээ мэдээллийг нь авсан хуулийн этгээд ч бас хамгаалах үүрэг хүлээхээр заажээ. Түүнчлэн нийгмийн өөрчлөлт, техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор нэлээд дэлгэрээд байгаа дүрс бичлэгийг ямар тохиолдолд хориглох, эсвэл хийхийг зөвшөөрөхийг тусгаснаараа онцлог юм байна. Мөн иргэдийн мэдээллийг цуглуулахдаа заавал зөвшөөрөл авах талаар хуульчилжээ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.1. “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
4.1.2. “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал, харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн, эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг;
5 дугаар зүйл. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад баримтлах зарчим
5.1.1. хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;
5.1.4. мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах;
8 дугаар зүйл. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах
8.1. Мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна.
8.3. Мэдээллийн эзэн зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгнө. Бичгээр өгөх зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна.
8.7. Мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас өмнөх хугацаанд хийгдсэн мэдээлэл боловсруулалт нь энэ хуулийг зөрчөөгүй бол хууль ёсны хэвээр үлдэнэ.
8.10. Мэдээлэл хариуцагч анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах тохиолдол мэдээллийн эзнээс дахин зөвшөөрөл авна.
9 дүгээр зүйл. Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
9.1. Энэ хуулийн 4.1.2-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.
9.2. Доор дурдсанаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно:
9.2.2. тухайн хүн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтан хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх;
9.2.3. иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөх.
15 дугаар зүйл. Мэдээллийг устгах
15.1. Мэдээлэл хариуцагч дараах үндэслэлээр мэдээллийг устгана:
15.1.1. мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаагүй бол мэдээллийн эзний хүсэлтээр;
15.1.2. хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр мэдээллийг устгахаар мэдээлэл хариуцагчид үүрэг хүлээлгэсэн;
16 дугаар зүйл. Мэдээллийн эзний эрх
16.1.1. мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл хариуцагчид өгөх, өгөхөөс татгалзах;
16.1.2. өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан, эсэхийг мэдэх;
27 дугаар зүйл. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем
27.4. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 27.3-т заасны дагуу дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг хориглоно:
27.4.1. ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;
27.4.2. нийтийн зориулалттай орон сууцад оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;
27.4.3. нийтийн зориулалттай орон сууцын орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах;
Бэлтгэсэн М.Оч