Нийслэлийн утаа шингэрсээр, агаар дахь хорт бодисын хэмжээ багассаар байна. Энэ сарын сүүлч, ирэх сарын эхэн гэхэд агаарын чанар одоогийнхоос эрс сайжрах төлөвтэй. Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээллээр ирэх долоо хоногийн сүүлчээс хүйтний эрч суларч, цаашдаа ихэнх нутгаар дулааран, агаарын температур нэмэх рүү “орох” гэнэ. Тэгэхээр галлагаа, нүүрсний хэрэглээ буурах нь ойлгомжтой. Үүнийг дагаад утаа угаар, тоос, тоосонцор илт багасаж, Улаанбаатарын агаар тодорхой хэмжээнд цэвэрших нь.
Энэ үеэс нийслэлчүүд өвөлжин хоолойг нь боомилж, цээжийг нь барьсан утаа хэмээх аюулыг мартаж эхэлнэ. Агаарын бохирдол асуудал биш юм шиг, утаа угаарт хэзээ ч дарлуулж байгаагүй мэт амар жимэр, таг дуугүй болцгооно. Эмэгтэйчүүд, эрчүүдийн баяр хэмээн талцан найрласаар хаврын шалгалт шүүлэг, төгсөлтийн баяртай золгоно. Дараа нь наадмын назгайрал, амралт зугаалгын улирал үргэлжилнэ. Нэг л мэдэхэд хичээлийн шинэ жил эхэлнэ. Дараа нь хөдөө, хотгүй өвөлжилтийн бэлтгэл ажил өрнөнө. Тэр мөчөөс улаанбаатарчууд аюултайгаа нүүр тулж, хөрсөн дээрээ бууна. “Эрүүл, аюулгүй орчинд амьдармаар байна”, “Хотод байж суух арга алга”, “Бидний үр хүүхэд уушгигүй боллоо” гэж байдаг тэнхээгээрээ, дуу дуугаа авалцан орилцгооно. Хавар, зун, намрын турш найрлаж, амарч зугаалан, хөдөө хээр тарвалзсан хүмүүс өвөлжин гомдоллож, орон хотоосоо зугтах шахна. Удалгүй хавар болж, цаг агаар уясан, галлагаа, нүүрсний хэрэглээ буурч, хот утаан хөшгөө тайлахад тэд дахиад л бүхнийг умартана.
Энэ бол нийслэлчүүдийн нийтлэг төрх, утаанд дарлуулсан Улаанбаатарт уламжлал болсон үзэгдэл. Зөвхөн өвөл нь утааны асуудлыг сөхдөг, шүүмжилдэг, нийтээрээ хэлэлцдэг, хариуцлага нэхдэг, бусад цагт умартчихдаг энэ хүлцэнгүй, хайнга байдал олон жил үргэлжлэв. Товчхондоо бол нийслэлийн иргэд жилийн гурван сард нь л амьсгалах эрхийнхээ төлөө дуугардаг. Утааны асуудал хариуцсан, агаарын бохирдолтой тэмцэх чиг үүрэг хүлээсэн байгууллагынхан ч энэ “цаг тоолол”-д тааруулж, улирлын чанартай ажилладаг, ажил хийж буй мэт дүр эсгэдэг жишиг тогтоосон. Хэдий тийм ч Засгийн газар агаарын бохирдлын асуудалд тодорхой хэмжээгээр санаа тавьдаг, холбогдох байгууллагынхныг шахаж шаарддаг, янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байв, саяхныг хүртэл. Харин түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн цагаас буюу 2018 оноос хойш төр, засаг, холбогдох байгууллагынхан утааны асуудалд ер анхаарахаа байлаа. Дорвитой хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр ч алга.
Нийслэлийн гэр хорооллынхныг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхэлсэн эхний жил хотын утаа бага боловч буурсан. Гэвч мэргэжлийн судлаачид “Харагдах байдал талаасаа агаар, орчин цэвэр мэт болсон ч зарим бодисын хэмжээ буураагүй” гэж дүгнэж, ярьж байв. Үүний дараа жилүүдээс нийслэл түүхий нүүрс хэрэглэдэг үеийнхээс ялгаагүй утаа угаартай, бохир агаартай байх болсон. 2020-2021 оны өвөл гэхэд улаанбаатарчууд өмнөх жилүүдийнхээс их хэмжээний хүхрийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцортой, стандартын хэмжээг олонтоо давсан бохир агаараар амьсгалсан юм. МУИС-ийн Агаар, орчны мониторингийн лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачид үүнийг баримттайгаар нотолсон байдаг. Энэ явдал агаарын бохидолтой дан ганц сайжруулсан түлшээр тэмцэх нь үр дүнгүй, олон талт арга хэмжээ авах шаардлагатайг харуулсан. Тэрчлэн “Тавантолгой түлш”-ийн бүтээгдэхүүнийг сайжруулах, стандартад нийцүүлэх хэрэгтэйг сануулсан билээ. Гэвч агаарын бохирдолтой “тэмцэгчид” үүнийг үл ойшоож, өмнөхийн нэгэн адил назгайрсаар өнөөдрийг хүрэв.
Хотын утаа ихэссэн нь хүн бүхний нүдэнд илт байхад, нийслэл дэх агаарын чанарын суурин харуулууд хорт бодисын хэмжээг цаг тутам мэдээлсээр атал, мэргэжлийн судлаач, эрдэмтэд анхааруулга, зөвлөгөө өгсөөр байхул тэд бодит байдлыг хүлээн зөвшөөрч, шийдвэртэй алхам хийсэнгүй. Үр дүнд нь нийслэлчүүд 2021-2022 оны өвөл илүү ихээр хордов. Дэлхийн хамгийн бохир агаартай хотуудыг Улаанбаатар хэдэнтээ тэргүүллээ. Баянхошуу, Хайлааст, МҮОНРТ орчим эргээд утааны голомтот бүс рүү шилжив. Агаар бохирдуулагч бодисын хэмжээ стандарт давах нь жирийн үзэгдэл боллоо. Иргэд аргагүйн эрхэнд бухимдлаа илэрхийлэв. Гэтэл холбогдох байгууллагынхан “Бид хийдгээ хийсэн, шахмал түлшнээс өөр хувилбар үгүй” гэсэн шиг гар хумхиж, хойшоо харж суусаар энэ өвлийг барлаа.
Хэрэв агаар бохирдуулагч бусад эх үүсвэр болох тээврийн хэрэгсэл, цахилгаан станц, хог хаягдлын нөлөөллийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдэд шахмал түлшнийхтэй ижил ач холбогдол өгч, идэвхтэй хэрэгжүүлсэн бол тодорхой түвшинд ахиц гарах байсан гэхэд хилсдэхгүй. “Тавантолгой түлш” компани иргэдээс ирүүлж буй шүүмжлэл, мэдээлэлд соргог хандаж, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулсан бол, МХЕГ үүнд хатуу хяналт тавьж ажилласан бол хотын агаарын чанар улаан түвшинд хүрэхгүй байлаа. Мөн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар зэрэг гол байгууллагынхан 2021 оны хавар, зун, намар ажлаа хийсэн бол энэ өвөл арай дээр байх байсан биз ээ.
Засгийн газар утааг бууруулах чиглэлээр өнгөрсөн онд, энэ өвөл чухам юу хийв гээд бодохоор гялайж ёлтойх зүйл нэг ч алга. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, нөөц бүрдүүлнэ гэж аль хавраас ярьсан ч түүхий эдийн гачигдлын улмаас энэ ажлаа дэндүү оройтуулж, намраас эхлүүлсэн. Түүхий нүүрстэй холбоотой зөрчлийг бууруулах зорилготой хяналт шалгалтыг өнгөрсөн оны сүүлчээс эхлүүлж, төрийн албан хаагчдыг үүндээ дайчилсан. Холбогдох байгууллагууд хамтран даваа гараг болгон агаарын чанарын талаар мэдээлэл хийх санаачилга гаргаснаа гурван долоо хоног л хэрэгжүүлэв. Дрон, нисдэг тэрэг хөлөглөн, агаар бохирдуулагчдыг илрүүлэх “мэргэн” санаа олсон, хотын утаа ихэссэнд иргэдийг буруутгаж чичилсэн сайд, дарга нарыг бүрэлдэхүүнээр нь огцруулсан. БОАЖЯ-ныхан агаарын бохирдол бууруулах дэвшилт технологийн үзэсгэлэнг Цагаан сарын өмнөхөн зохион байгуулав. Ингээд л болох нь тэр. Хавар, зун, намрын турш амралтын байдалтай байсан тэд сүүлийн хоёр сарын хугацаанд утаатай ийнхүү урьдын адил үр дүнгүй аргаар “тэмцэж”, ажил хийсэн мэт дүр эсгэлээ.
Ажлаа хүлээж аваад удаагүй, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яамныхаа дэргэд байгуулсан эрдэмтэн, судлаачдын зөвлөлийг өнгөрсөн баасан гарагт хоёр дахиа хуралдуулав. Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн технологи, үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн шийдлээс эхлээд түгээлт, тээвэрлэлтийн үе шатыг хүртэл цогцоор нь өөрчлөх шийдлийг тус зөвлөлийнхөн дэвшүүлсэн гэнэ. Шахмал түлшний үйлдвэрлэл хөгжсөн есөн орны туршлагыг судлаад, ХБНГУ-ынхыг нутагшуулах нь хамгийн үр дүнтэй гэж дүгнэжээ. Улмаар энэ чиглэлийн судалгааг лавшруулан хийж буй аж. Тэрчлэн өтөг бууц, аргал, хомоол зэрэг түүхий эд ашиглан эко түлш үйлдвэрлэх боломжийг судалж байгаа гэх.
Агаарын бохирдлын асуудалд тоомжиргүй хандсан, үр дүнтэй арга хэмжээ аваагүй гэдэг үндэслэлээр өмнөх сайдыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэр утгаараа БОАЖ-ын шинэ сайд утааны асуудалд мэдрэг хандаж байна. Оройтсон ч гэсэн сайжруулсан түлшний чанарыг эргэж харсан нь, технологийн иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн нь сайшаалтай. Гэхдээ үүнийгээ ажил хэрэг болгох нь чухал. Сайд, дарга нарын “Өөрчлөн шинэчлэх шаардлагатай”, “Гадаадын орны туршлага судална, шинэ технологи нэвтрүүлнэ”, “Ойрын хугацаанд ийм ажил хийнэ” гэсэн хоосон амлалт, худал үгэнд өнгөрсөн хугацаанд иргэд бишгүй хууртлаа. Ялангуяа агаарын бохирдол байгалийн жамаар арилдаг яг энэ үеэр иймэрхүү төлөвлөгөө, хийх ажлын жагсаалт хөвөрдөг ч намар, өвөл болоход ихэнх нь замхарсан байдгийг мэдэх юм. Тэгэхээр байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны гол байгууллага нь ядаж энэ муухай жишгийг халах хэрэгтэй. Улирал харгалзахгүйгээр утаатай тэмцэх ажлыг урагшлуулах нь чухал. Дан ганц сайжруулсан түлштэй зууралдалгүй бусад эх үүсвэрт чиглэсэн арга хэмжээнүүдийг цогцоор нь хэрэгжүүлбэл үр дүнтэй.
Хүссэн, эс хүссэн ч хотын утаа одоо арилна. Сайд, дарга нарын чих хэсэгтээ амарна. Гагцхүү энэ хугацааг үр дүнтэй ашиглаж, тодорхой арга хэмжээнүүдийг эртнээс авахгүй бол ирэх өвөл, түүний дараа жил дахиад л утаанаас үүдэлтэй түмэн асуудал “босож” ирнэ, нийслэлчүүдийн бухимдал дээд цэгтээ хүрнэ, төрийн албаныхан бажга алдан гүйлдсээр л байх болно. Харин энэ хэнэггүйтэл, гажуудлын хор уршиг хэтдээ олон хүний амиар үнэлэгдэх аюултай. ХСҮТ-ийнхний тооцоолсноор 2-3 жилийн дараа гэхэд Монголд хавдрын тохиолдол жил бүр 7500-гаас дээш оношлогдох бөгөөд тэр дунд агаар, орчны бохирдлоос үүдэлтэй уушгины хавдар зонхилох хувийг эзлэх гэнэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төр, засаг, шат шатны байгууллага одооноос дорвитой анхаарч, идэвх санаачилгатай, тууштай, үр дүнтэй ажиллахаас өөр аргагүй хүнд нөхцөл байдал хэдийн бий болжээ.