SEM (Systems engineering mongolia) компанийн инженерүүд гэр хорооллын айлуудад халуун ус түгээх технологийн шийдэл санаачилж, Налайх дүүрэгт туршилтаар нэвтрүүлэв. Тэд гэр хорооллын худгуудыг автомат халаагчтай болгосноор халуун, хүйтэн ус зэрэг түгээх боломжтой гэж тооцоолжээ. Залуус эхний ээлжид хотын алслагдмал дүүргийн нэг хорооны худгийг ийм төхөөрөмжтэй болгосон бөгөөд цаашид зургаан худагт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Тус компанийн захирал Г.Тулга “Бидний санаачилга Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны хэрэглээ, дэд бүтцийг сайжруулах эхний алхам болно гэдэгт итгэлтэй байгаа. Цаашид нийслэлийн хамгийн олон хүн амтай, төвлөрөл ихтэй бүс дэх худгуудад энэ технологио нэвтрүүлэх төлөвлөгөөтэй” гэв. Ташрамд дурдахад, инженерүүд байнгын ажиллагаатай, цэнэглэгч картын системтэй “ухаалаг” худгуудтай энэхүү шийдлийг холбох аргыг хэдийн боловсруулжээ. Түүнчлэн цахим үйлчилгээний нэгдсэн сан “И-Монголиа”-г худгийн ухаалаг төхөөрөмжтэй холбож, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжийг бүрдүүлсэн гэнэ.