Боловсролын салбарынхан энэ оныг ёс зүйн жил болгон зарласан билээ. Багшийн нэр хүнд, ур чадварын үнэлэмж жилээс жилд уруудаж, ёс зүйн зөрчил цөөнгүй гарах болсон өнөө үед салбарын сайд ийм шийдвэр гаргасан нь нүдээ олсон хэрэг. Гэхдээ энэ нь уриа лоозон төдий бус, бодит ажил болох ёстой. 2022 оныг ёс зүйн жил болгосонтой холбоотойгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нарын дэргэд орон тооны бус Ёс зүйн зөвлөл ажиллуулж эхэлжээ. Тус зөвлөл 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Үүнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, нутгийн захиргааны болон орон нутгийн хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын төлөөлөл багтах ажээ. Одоогоор 12 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Засаг даргын шийдвэрээр Ёс зүйн зөвлөл байгуулжээ. Мөн нийслэлийн Боловсролын газрынхан ёс зүйн дүрмийг танилцуулах, зөрчлөөс сэргийлэх сургалтад нийт 10 000 орчим багш, удирдах ажилтныг хамруулсан гэнэ.
Өнгөрсөн онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 58 өргөдлийг аймаг, дүүргийн Ёс зүйн зөвлөл хүлээн авсан байна. Үүнээс ёс зүйн зөрчил гэдэг нь нотлогдоогүй 17 өргөдлийг буцаасан гэнэ. Харин ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулжээ. Тодруулбал, 12 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгосон бол, 18-д нь сануулах арга хэмжээ авч, 11-ийг нь ажлаас нь чөлөөлжээ. Багш, ажилтнуудын ёс зүйгүй үйлдлээс гадна сургуулийн орчин дахь гадуурхалт, цахим орчны аюулгүй байдлын зөрчил өнгөрсөн онд цөөнгүй гарсан аж. Энэ байдлыг таслан зогсоох, илүү өргөн цар хүрээтэй ажиллах зорилгоор боловсролын салбарт ёс зүйн жил болгон зарласнаа салбарын сайд нь онцолсон. Тэгвэл энэ хүртэлх хугацаанд бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтан болон багш нар ёс зүйн ямар дүрэм баримталж ирсэн бэ. 2018 оны тавдугаар сарын 1-нд БСШУС-ын сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилтны ёс зүйн дүрмийг шинэчлэн баталжээ. Уг дүрмийн хоёрдугаарт “Ёс зүйн дүрмийг бүх түвшинд мөрдөж, зөрчил гаргасан албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн захирал, эрхлэгч, эрх бүхий байгууллагын удирдлагад тус тус үүрэг болгосугай” гэж заажээ. Үүнд их, дээд сургуулийн удирдах албан тушаалтан, багш нарыг хамруулаагүй байна. Ёс зүйн зөрчил гэхээр зөвхөн багшид л хамаатай бус, туслах багш, удирдах ажилтан, аргазүйч, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч, жижүүр, үйлчлэгч, нягтлан бодогч, нярав зэрэг бүх ажилтанд хамаатай. Тэдний ёс зүйн хэм хэмжээний нэн тэргүүнд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, эцэг, эх, олон нийт болон хамтран ажиллагчидтай хууль бус санхүү, эд хөрөнгийн харилцааг тэвчих, эд материал худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах, байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэхийг тусгажээ.
Түүнчлэн сурагчдын сурлагын амжилтыг бодитоор үнэлэх, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэнд хохирох, бэлгийн дарамтад өртөх, үе тэнгийнхэн болон гадаад орчин, цахим орч ны сөрөг нөлөөнд автахаас сэргийлэх талаар тусгажээ. Мөн боловсролын болон сургалтын баримт бичиг хуурамчаар үйлдэхгүй, хуурамч бичиг баримтад гарын үсэг зурахгүй, засварлах, устгахгүй байх зэргийг онцгойлон заасан байна. Түүнчлэн хүүхдэд бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй, ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй, хүлээн авахаас татгалзах зэргийг дүрэмдээ тусгажээ. Гэтэл эдгээр нь өдгөө багш, ажилтнуудын хамгийн их гаргадаг зөрчил гэхэд буруудахгүй. Жишээ нь, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Архангай аймгийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын нэгэн багш шавь нараа зодож буй бичлэг олон нийтэд ил болсон. Бяцхан хүүхдүүдийг зогсоож байгаад нэг нэгээр нь цохиж буй багш тэтгэвэртээ гарах хүртлээ боловсролын байгууллагад ажиллаж, олон хүүхдийг сурган хүмүүжүүлсэн гэхэд итгэмээргүй. Эл үйл явдал нийтэд илчлэгдсэн нь тус цогцолборт бугшсан идээ бээрийг шахахад дэм болов. Тодруулбал, тус цогцолборын захирал “Хүүхэд зодож буй багшийн бичлэгийг дэлгэсэн” гэх шалтгаанаар нягтлан бодогчоо өрөөнөөсөө өшиглөж хөөсөн дүрс бичлэг олон нийтэд тарсан. Үүнээс улбаалан хүүхэд зодсон багш, захирал, аргазүйч нар хуурамч дипломтой байсан нь илэрч, хөгөө хөлдөө чирсэн билээ. Эл асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөл хэлэлцээд, боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломыг шалгахаар шийдвэрлэсэн. Архангай аймгийн уг сургуулийн нягтлан бодогч “Ер нь сургууль дээр архидан согтуурах, үнэнийг хэлсэн багш, ажилтныг дарамтлах, хав чих, сургуулийн өмч хөрөнгийг өөрийн дураар үрэн таран хийх зэрэг олон асуудал гардаг” хэмээн ярьсан байдаг. Ийм асуудал ихэнх сургууль, цэцэрлэгт нийтлэг тохиолддог гэхэд хилсдэхгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ч сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааны дүн гарсныг дуулгасан нь үүнийг батлах биз. Сургууль дээрээ хүүхдүүд гар утас, халаасны мөнгөө дээрэмдүүлэх, зодуулах, цахим орчинд гадуурхагдах, шоглуулах асуудал газар авсан. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэнд хохирохоос сэргийлэхэд багш нар анхаарал хандуулах ёстойг Ёс зүйн дүрэмд тодорхой заажээ. Зөвхөн хичээл заах бус, хүүхдийн хүмүүжил, зан төлөв, сэтгэл зүйд нь эергээр нөлөөлөх эрхэм үүрэгтэйгээ багш нар мартах ёсгүй. Гэтэл хүүхдийг амьдралын боломж, сурлагын чанараар нь ялгаварлан гадуурхдаг, үг хэл, үйлдлээрээ хүчирхийлдэг, доромжилдог, сэтгэл зүй, бие махбодыг нь хохироодог явдал гарсаар байна.
“Багшдаа зодуулж үзээгүй шавь гэж байхгүй. Алганы амт үзээд муудсан зүйлгүй” гэж ярих аав, ээж цөөнгүй. Гэвч нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор хүүхдүүдийн сурах арга барил, сэтгэл зүй өдгөө өмнөх үеийнхээс огт өөр болсон. Хүүхдийг хүчирхийлж бус, өөрийнх нь онцлогт тохирсон аргаар сургах зайлшгүй шаардлага тулгараад байна. Жишээ нь, дүнг нь ангийнхных нь дунд ил тод зарлаж, нэгнээ ялгаж харилцах боломж олгохгүй байхыг дэлхий нийтээр жишиг болгож буй. Гэтэл зарим багш хүүхдүүдийн сурлагын дүнг ил тод зарлаж, зөвхөн тухайн үед авсан дүнгээр нь ялгаварлан харилцаж, эцэг, эх нь идэвх оролцоо сайтай сурагчдыг уралдаан, тэмцээнд оролцуулж, элдэв медалиар энгэрийг нь чимж, шилдэг хэмээн өргөмжлөх тохиолдол гарсаар байгаа. Төгсөлт болон хонхны баяр, тэмдэглэлт өдрүүдэд багшдаа хэт үнэтэй бэлэг өгөх нь бараг л уламжлал болсон. Үүнийг багш, эцэг, эхийн аль аль нь авлига гэж ойлгодоггүй. Тэр ч бүү хэл, цэцэрлэг, улсын нэр нөлөө бүхий сургуульд хүүхдээ сургахын тулд, танил талаа ашиглан, удирдлага, багш, ажилтанд хахууль өгөх явдал гаарсаар. Манай улс Үндсэн хуульдаа төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохоор заасан. Харамсалтай нь, улсын томоохон сургуулиуд хувийн хэвшлийнх мэт алхам тутамдаа мөнгө нэхэж буй нь нууц биш. Зарим цэцэрлэг, сургуулийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглаж, ах, дүү, танил талдаа ажил олгож, өөрийн багаа бүрдүүлдэг. Энэ бүхэн дахиад л сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ажилтнуудын ёс зүйтэй холбоотой. Нөгөө талаас багш мэргэжлийн нэр хүнд унасан нь тэдний ур чадварыг бодитоор үнэлдэггүй, цалин хангамж муу байгаа нь нөлөөлснийг үгүйсгэхгүй. Ялангуяа эрэгтэй багш нар гэр бүлээ тэжээхийн тулд ахиу цалинтай, боломж сайтай ажлыг илүүд үзэж буйг залуу багш нарын төлөөлөл хэлсэн. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилтны ёс зүйн дүрэмд зааснаар багш, ажилтнууд үндсэн ажлаас гадуур хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад давхар ажил, үүрэг эрхлэхгүй байх үүрэгтэй гэж заасан. Тиймээс тэд давхар ажил хийх боломжгүй байдаг гэнэ. Сүүлийн үед эцэг, эхчүүд, ялангуяа залуу аав, ээжүүд хүүхдээ хөгжүүлэхэд онцгой анхаарч, багш нартай хамтран ажиллах болжээ. Үүний зэрэгцээ багш нарт өндөр шалгуур тавьдаг болсон гэнэ. Тиймээс багш нар өчүүхэн алдаа гаргавал түүнд нь дөрөөлж, нэр хүндэд нь халдах тохиолдол ч гардаг аж. Энэ нь эцэстээ багшийн мэдлэг, ур чадвартай холбогддог. Ялангуяа олонх багшийг бэлтгэдэг
МУБИС-ийн сургалтын чанар шүүмжлэл дагуулдаг билээ. Түүнчлэн МУБИСиас гадна багш бэлтгэдэг улсын болон хувийн сургууль ч цөөнгүй бий. МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан “Манай сургууль жилд бага ангийн багшаар 250-300 оюутан төгсгөдөг. Өнгөрсөн хичээлийн жилд босго оноо нэмэгдсэнтэй холбоотой суралцах хүүхдийн тоо цөөрсөн. Элсэлтийн ерөнхий шалгалтад 480-аас дээш оноо авсан хүүхэд манай сургуульд элсэх боломж бүрдсэн юм. Хэдийгээр МУБИС-ийн босго өнөөг өндөрсгөсөн ч тааруу дүн авсан хүүхдүүд өөр хувийн их, дээд сургуульд багш мэргэжлээр сурах боломж нь нээлттэй. Энэ нь ирээдүйн багш нарын мэдлэг, ур чадвартай холбоотой. Бага ангийн багш бэлтгэдэг 20 гаруй сургууль бий. Эрэлт, хэрэгцээ их учраас чанартай, чанаргүй сургуулиуд цэцэрлэг, бага ангийн багш мэргэжилтэн бэлтгэж байна. Уг нь багшийн үнэлэмж сайтай байх үед хамгийн чадварлаг хүүхдүүд Багшийн дээд, Анагаахын их сургуульд сурдаг байлаа” гэв. Тус сургуулийн оюутнууд багшийн ёс зүй, ажил хөдөлмөрийн онцлог, давуу тал зэрэг хичээлийг цөөн цагаар ч болов судалдаг аж. Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалт, багш, сурагч, эцэг, эхчүүдийн үл ойлголцол, ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга зэрэг сэдвээр Л.Энх-Амгалан сайдад и-мэйл илгээх аяныг эхлүүлжээ. Багш, удирдлага, ажилтнуудын ёс зүйн асуудлыг боловсролын салбартаа зөвөөр шийдвэрлэх нэг арга нь энэ гэж найдъя. Ёс зүйн жил гэсэн нь уриа лоозон төдий бус, ёс зүйгүй байдлыг илчилсэн, таслан зогсоосон бодит ажил байх ёстой.